8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Хар тамхи зарж борлуулдаг бүлэг этгээдүүдийг баривчилж, Цэцэрлэгийн цахим бүртгэлийн тов гарсан өдөр

2017-07-21 18:45:00

Зуны өглөөний цэцэгс нь шүүдрийн усан тамгатай
Зузаан дулаан хөрс нь есөн эрдэнийн тамгатай
Зураг сайхан байгальдаа амьтан бүгдийн тамгатай
Зуун зууны түүx нь нууц товчоон тамгатай...

Дээдэс мэргэн өвгөдийн амиараа сольсон орон
Дээлтэй ард бидний хамгийн хайртай гүрэн
Зургаан үсэгтэй нэр нь бүтэн хэвээр манддаг юм
Завилаад суусан дүр нь тэнгэрийн тамгатай харагддаг юм... “Тэнгэрийн тамгатай эх орон”  шүлгээс иш татлаа. Энэ өглөө монгол хүн бүр зүрх сэтгэлдээ  эх орноо бодож сэрсэн гэдэгт итгэлтэй байна. Эх орондоо хайртай хүн бүхэнд өнөөдрийн
“Монголын нэг өдөр тоймоо” хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.  

Хийсэн зүйлтэй хэлсэн үгтэй хүн арай л өөр байдаг юм даа Л.ЭНХБОЛД гишүүн ээ

Яг нэг жил гаруй нь өмнө 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулж байсан. Тухайн үед сонгуулийн үйл явц, дүнгийн талаар улс төр судлаач, шүүмжлэгчид төдийгүй учир мэдэх хүн ч МАН-аас энэ удаагийн сонгуульд “бор хазлан хонь” байсан ч гарахаар сонгууль байсан” хэмээн ярьж байсан удаатай. Энэ үг ч биелэлээ олж МАН-аас нэр дэвшсэн ихэнх нэр дэвшигч УИХ-ын гишүүн болж төр түшилцэх хариуцлагатай үйл хэргийн эзэд болсон.

Тэдний зарим нэг нь төрийн “хүн” болсоноо арай өөр харж бодож явдаг, өөрийгөө бүхний дээд нь хэмээн өргөмжлөлж яваа бололтой.  Энэ хүн бол УИХ-ын гишүүн Л.Энхболд юм.

Тэдний зарим нэг нь төрийн “хүн” болсоноо арай өөр харж бодож явдаг, өөрийгөө бүхний дээд нь хэмээн өргөмжлөлж яваа бололтой.  Энэ хүн бол УИХ-ын гишүүн Л.Энхболд юм. Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгууль МАН-аас Өмнөговь аймагт нэр дэвшиж сонгогдоно УИХ-ын гишүүн болсон. Тэрбээр Өмнөговь аймгийн наадам морь уралдуулсан бүх уяачдад өөрийнхөө зургийг том гэгч нь угаалгаад, их л уран тансаг жаазлан толгой дарааллан гардуулжээ. Гишүүний энэ үйлдэл бэлэг сэлт, уяачдын бай шагнал гэхээс илүүтэй өөрийгөө танилцуулж байгаа аятай харагдана. Нөгөө талаасаа өөрийгөө бурхан мэт санаж явдаг нь илт байна.

Гишүүний энэ үйлдэл бэлэг сэлт, уяачдын бай шагнал гэхээс илүүтэй өөрийгөө танилцуулж байгаа аятай харагдана. Нөгөө талаасаа өөрийгөө бурхан мэт санаж явдаг нь илт байна.

Арга ч үгүй биз дээ гэж дотроо бас өмөлзөв. Яагаад гээч. Учир нь УИХ-ын гишүүн Л.Энхболд гишүүн болсон энэ цаг хугацаанд нутаг ус, сонгогч түмэндээ хийсэн зүйл нэг ч үгүй билээ. Түүгээр ч зогсохгүй чуулганы танхимд нэг ч үг дугарч үзээгүй хүн ингээд ч болтугай өөрийгөө таниулахаас өөр яах ч билээ.

Хийсэн зүйлтэй хэлсэн үгтэй хүн арай л өөр байдаг юм даа Л.ЭНХБОЛД гишүүн ээ.

Д.Оюунхорол сайдын асуудлаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Танаа

Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг

 БОАЖ-ын сайд Дуламсүрэнгийн Оюунхоролоор

 хэрэгжүүлэх тал дээр дэмжлэг хүсэх тухай

Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвийн харьяа Богдуул сувиллын газрын хашаа руу өчигдөр /2017.07.20/ Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын нэр барьсан, сувиллын хашаанд газрын зөвшөөрөл авсан гэх хүмүүс дайрч, сувиллын хашааг эвдэлсэн хэрэг гарлаа.

Сувиллын хашаанд Байгаль орчны яамны зарим сайд нар хууль зөрчин газар олгосноос болж, эмнэлэг сувиллын үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэлтэйгээр сүүлийн жилүүдийг үдэж байгаа бөгөөд тус сувиллын хашаанд нэр бүхий иргэн болон компаниудад газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгосон нь хууль бус гэдгийг Монгол Улсын анхан, нийслэлийн болон Улсын дээд шүүхээр тогтоосон. Шүүхийн шийдвэрийг Байгаль орчны сайдаар ажиллаж байсан С.Оюун, Н.Батцэрэг нар хэрэгжүүлэхгүй арга саам хийж, бүр Дээд  шүүхээс хууль бус гэдгийг тогтоосоор байхад нэр бүхий иргэн аж ахуйн нэгжид олгосон газар эзэмших гэрчилгээг сунгах гэх мэтээр хуулийг завхруулсан. Өнгөрсөн засгийн үед хуулийг үл хэрэгсдэг явдал газар авч,  хууль шударга ёс алдагдсанд олон түмний зүгээс ихээхэн шүүмжлэлтэй хандаж, 2016 оны сонгуулиар тэдэнд зохих ёсны дүнг нь тавин явуулж, оронд нь МАН-д итгэл найдвар өгч гаргаж ирсэн. Шударга ёсыг тогтоож, хуулийг хэрэгжүүлж, Монгол Улсын Дээд шүүхээс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлнэ гэдэг итгэл найдвартайгаар бид Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролыг угтаж авсан.  Сайдад асуудлаа танилцуулж, уулзах гэж эмч эмнэлгийг ажилтнууд БОАЖЯаман дээр өдөр бүр ирж суун 44 хоног тэвчээртэйгээр хүлээсэн. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д удаа дараа сонгогдсон, хууль батлах үйл явцад биечлэн оролцдог хүний хувьд Д.Оюунхорол сайд хуулийг хэрэгжүүлэх, хуулийн дагуу гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх тал дээр санал санаачилгатай ажиллах болов уу гэсэн хүлээлт талаар болж байгаа нь үнэхээр харамсалтай. Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар сайд Д.Оюунхорол тодорхой алхам бодитой үйлдэл хийсэнгүй. Манай сувиллын хажууд байрлах “Энигма” төвийн эзэмшиж байгаа газрыг төрийн мэдэлд авах гэж байгаа талаараа Сайд Д.Оюунхорол удаа дараалан хэвлэлээр мэдэгдэж байсан. Гэтэл үүнтэй нь зэрэгцэн сувиллын хашаанд газар авсан гэх нэр бүхий 7-8 компани хүмүүс тус яамны албаны хүмүүстэй хамт “Энигма” компанийн хашааг эвдэн зам тавьж, манай  хашаа руу нэвтрэхээр дайрсаар байгаа нь зохион байгуулалттай гэмээр балмад ажиллагаа болж байна. Мөн эдгээр компаний хашаа барьж, зам тавьж байгаа хүмүүс бид хувийн хөрөнгөөрөө хувийн эзэмшилдээ нэвтрэх гэж байхад саад боллоогэж занан зүхэж, улсын заан Батзоригоор толгойлуулсан 30-аад хүнийг авчирч урьд шөнөжингөө танхайрлаа. Үүнээс харахад сайдын хаваржингаа ярьсан 230 машины граж хийх асуудал биш болж, харин Оюунхорол сайдаар бамбай хийсэн эдгээр компанийн хүмүүс Энигмагийн хашаагаар дамжин Эмнэлэг сувиллын хашаанд нэвтрэн орохыг зорьж байгаа нь тодорхой боллоо. Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэндийг үнэлж үзэхгүйгээр, хууль бус газар олголт хийгдсэн нь Улсын Дээд Шүүхээр тогтоогдсоор байтал, сувиллын хашааг эвдэн дайрч орох боломжийг олгож байгаа нь Д.Оюунхорол сайдын хувьд ч, хууль тогтоох дээд байгууллага, их хурлын гишүүний хувьд ч тун зохисгүй үйлдэл гэдгийг хэлэх хэрэгтэй.

Ард түмний итгэлийн гал дээр ус хийж байгаатай адил ийм үйлдэл энэ салбарт олон гарах нь эрх барьж байгаа МАН, цаашлаад Засгийн газрын үйл ажиллагаанд ч сөргөөх нөлөөлөх нь дамжиггүй.

Бид чухам юуг хэрэгжүүлэхэд Ерөнхий сайд танаас дэмжлэг хүсээд байгаа юм бэ гэдгээ тодорхой болгохын тулд шат шатны шүүхийн олон тогтоол шийдвэрийг нуршихын оронд ганцхан шийдвэрийг энд дурдъя.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаас 2012.9.24-ны өдрийн 125 дугаар тогтоолд:

“...Богдхан уулын дархан цаазат газрын газар ашиглалтын мэдээллийн сангийн кадастрын зургаар дээрх иргэд, аж ахуйн нэгжид ашиглуулах эрх олгосон газар нь “Элэг судлалын клиник төв”-ийн эмчилгээ сувилгааны зориулалтаар эзэмшиж байгаа газрын эргэн тойрны болон орчны газарт хамаарч байгаа ба орц, гарц давхардсан болох нь шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Түүнчлэн Төрийн захиргааны төв байгууллага дээрх иргэд, аж ахуйн нэгжид газар ашиглуулах шийдвэр гаргахдаа Монгол Улсын “Рашаан сувиллын бүтэц, үйл ажиллагаа” MNS-25232:2003 Стандартын 16.1.4-т “Рашаан сувиллын барилга байгууламж нь үйлчлэх хүрээ, ажиллах хүчин чадлаас хамаарч 8 га-гаас багагүй эдэлбэр газартай байна” гэснийг, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах объектод тогтоосон үндэсний стандартыг заавал мөрдөнө” гэснийг зөрчжээ.

Иймд Улсын тусгай хамгаалалттай газарт нутагт энэ хэргийн гуравдагч этгээд нарт газар ашиглуулсан Төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаа явуулах боломжийг алдагдуулсан, хуулийн дээрх заалтыг зөрчсөн тул анхан болон давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-т заалтыг хэрэглэсэн нь үндэслэлтэй байна” гэсэн байгаа билээ.

Монгол Улс шүүхийн шаталсан тогтолцоотой улс. Анхан, дунд, дээд гэсэн гурван шатны шүүх бий. Улсын Дээд шүүхийн шийдвэр гэдэг шүүх засаглалын дээд шат. Шүүх засаглалын дээд шатнаас эцэслэн гаргасан шийдвэрийг төрийн захиргааны төв байгууллага яамыг толгойлж байгаа сайд нар хэрэгжүүлэхгүй байгаа нь өөрөө хууль зөрчсөн гэмт хэрэг. Хуулийг хэрэгжүүлэхийг үлгэрлэн харуулж байх ёстой сайд нь эсрэгээрээ шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй гэмт хэргийн шинж чанартай үйлдэл гаргаад сууж байна гэдэг ноцтой асуудал гэдэгтэй Ерөнхий сайд Та санал нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Тиймээс Улсын Дээд шүүхээс гаргасан тогтоолыг хэрэгжүүлэх тал дээр та дэмжлэг үзүүлэхийг хичээнгүйлэн хүсч байна.

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв, түүний харьяа Богд уул сувилал нь хүн ардынхаа эрүүл энхийн манаанд 30 шахам жил зүтгэж, өргөсөн тангаргаа биелүүлэн ажиллаж байгаа хамт олон. Үйлчлүүлэгч, эмчлүүлэгч, өвчтөнүүдийн тав тухыг ханган ажиллахад хүндрэл учруулсан сайдаас сайд дамжсан энэ хууль бус үйл ажиллагааг таслах зогсооход Ерөнхий сайд таныг дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж байна.

Хуулийг хэрэгжүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг л Байгаль орчин аялал жуулчлалын сайдаас хүсэж байгаагаа дахин хэлье.

Хэрэгжүүлэх гэж хууль батладаг. Хуулийн дагуу Шүүхийн шийдвэр гарсан л бол эгэл жирийн иргэнээс эхлүүлээд төрийн яамны сайд ч адилхан бүгд биелүүлэх үүрэгтэй.

Сувиллын  эмч, ажилтнууд

УБ хот 2017.07.20

ОУВС-гийнхан манай улсад ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газар, ОУВС-тай хамтран өнгөрөгч тавдугаар сараас эхлэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа.

Тус хөтөлбөр нь 3 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд энэ хугацаанд тус сангийнхан тогтоосон хуваарийн дагуу Монголд ирж ажиллахаар тохиролцсон. Энэ дагуу ОУВС-гийн ажлын хэсэг манай улсад ажиллаж байна. Тэд энэ сарын 19-нд Сангийн яаманд ажиллажээ. Өөрөөр хэлбэл, уг хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг хянахаар ирсэн аж.

Д.Дорлигжав, А.Гансүх нар цэцийн гишүүн болох уу

Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн байгууллагын томилгоог Үндсэн хуулийн Цэцээс эхлэх сурагтай. Тодруулбал, ҮХЦ-ийн гишүүн Н.Жанцан, Д.Наранчимэг нарын оронд томилох хүмүүсээ хэдийнэ тохирчээ.  Учир нь цэцийн гишүүн Д.Наранчимэгийн бүрэн эрхийн хугацаа 2017 онд дуусах аж.  Шинээр баталсан Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд зааснаар цэцийн гишүүнийг тэтгэврийн насанд хүрсэн тохиолдолд чөлөөлж болох заалт орсон. Энэ дагуу тэтгэврийн насанд хэдийнэ хүрсэн Д.Наранчимэг, Н.Жанцан, Т.Лхагваа нарыг чөлөөлж болох хэдий ч зургаан жилийн хугацаагаар томилогддог тул хугацаагаар нь чөлөөлөхөөр байна. Тиймээс тэдний оронд Зам тээврийн сайд асан А.Гансүх болон Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав яригдаж эхэлсэн аж.  

А.Гансүх, Д.Дорлигжав нарын хувьд улстөр болон хууль зүйн өндөр мэдлэгтэй Монгол Улсын 40 нас хүрсэн эрүүгийн ялгүй иргэн байх гэсэн шаардлагыг хангаж байгаа юм байна.

Цэцэрлэгийн цахим бүртгэл долдугаар сарын 25-нд эхэлнэ

Нийслэлийн цэцэрлэгүүдэд шинээр элсэн орж буй хоёр настнуудыг энэ жилээс онлайнаар бүртгэхээр болсон. Бүртгэлийг долоодугаар сарын 25-ны мягмар гарагт  http://tsetserleg.ulaanbaatar.mn/register сайтаар хийх юм байна.

Хүүхдээ бүртгүүлэхдээ регистрийн дугаарыг нь хийхэд аль дүүргийн аль цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл гарч ирэх бөгөөд үүний дараа эцэг, эхчүүдийн гар утсанд бүртгэлийн тусгай дугаар ирэх аж.

Бүртгэл явагдах хугацаа, хамрах хүрээ   

  1. Цэцэрлэгт шинээр элсэх хүүхдүүдийн бүртгэл цахим хэлбэрээр 2017 оны 07 дугаар сарын 25-наас 08 дугаар сарын 24-нийг дуустал;  
  2. Өмнөх хичээлийн жилийн суралцагчид, шинээр элсэх зорилтот бүлгийн хүүхдүүдийн бүртгэлийг хамтатган уламжлалт аргаар 2017 оны 08 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд ажлын цагаар;  
  3. Шаардлагатай цэцэрлэгүүдэд “Элсэлтийн тасалбар” үйл ажиллагааг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр товлосон цагт нэгэн зэрэг Боловсролын хэлтсүүдийн удирдлага дор тус тус зохион байгуулна.

АНХААР: Хуурамч визийн зөвшөөрөл ашиглан хилээр нэвтрэхийг завджээ

Монгол Улсад хөрөнгө оруулах, бизнес, аялал жуулчлалын зорилгоор ирж буй түр ирэгч гадаадын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсын хилээр нэвтрэхийг завдсан хэд хэдэн тохиолдлыг Гадаадын иргэн, харьяатын газраас илрүүлээд байна.

Уг үйлдэл гаргасан этгээдийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар албадан гаргаж, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцох аж.

Иймд хил дээрээс виз хүсч буй гадаадын иргэд виз олгохыг зөвшөөрсөн баримт бичгийг зөвшөөрөл олгох эрх бүхий төрийн байгууллагаас авахыг зөвлөж байна.

Шатахуун түгээх дээрэмдсэн этгээдүүд баригджээ

Наадмын үеэр буюу энэ сарын 14-ний шөнө шатахуун түгээх станцын ажилтанг дээрэмдсэн хэрэг гарсан аж. Тодруулбал, СХД-ийн 20-р хорооны нутагт байрлах Сод монгол ШТС-ын түгээгчийн хоолойд үл таних хоёр этгээд хутга тулган сүрдүүлж, нэг сая 600 мянган төгрөгийг дээрэмдэн зугатаасан гэнэ.

Хэргийг СХД-т оршин суух, тодорхой эрхэлсэн ажилгүй, 31 настай иргэн А бусадтай бүлэглэн үйлдсэнийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлэн, шалгаж байна.

Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэх цэргийн ёслолын жагсаал болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүндэтгэл үзүүлэх Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын Цэргийн ёслолын жагсаал Сүхбаатарын талбайд яг одоо болж байна. 

Ёслолын парадад Монгол Улсын ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваа ахмад, ХХЕГ,ТЕГ, ОБЕГ-ын удирдлагууд ахмад дайчид нийслэлийн ард иргэд оролцож байна.

Хар тамхи зарж борлуулдаг 11 бүлгийн 71 этгээдийг баривчилжээ

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай газраас 2017 оны эхний хагас жилд хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн, улсын хилээр нэвтрүүлсэн, бусдад зарж борлуулсан нууц далд аргаар үйлдэгдсэн 200 хүнд холбогдох 90 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Улмаар дээрх төрлийн бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэн бусдад зарж борлуулдаг бүлэг зохион байгуулалтад орсон 11 бүлгийн 71 этгээдийг баривчлан хууль бус үйл ажиллагааг нь таслан зогсоосон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл