Статистик мэдээллийг хялбар аргаар дэргэдээсээ авах боломжтой боллоо. Тодруулбал, Үндэсний статистикийн хорооноос гаргадаг бүх тоон болон цаг үеийн мэдээлэл багтаасан “1212.mn” аппликейшн наймдугаар сарын 1-нээс хэрэглэгчдэд хүрэх гэж байна. Аппликэйшнийг татаж авснаар www.1212.mn сайт руу хандахаас гадна хэрэгцээт үзүүлэлтээ хүснэгт, график, газрын зураг зэргээс сонголт хийж дуртай хэлбэрээр хүлээн авах, ҮСХ-ны үйл ажиллагаатай холбоотой шинэ мэдээ мэдээллийг цаг алдалгүй харах, долоо хоногийн үнийн мэдээ болон сар тутам гардаг эмхэтгэлийг pdf хэлбэрээр хүлээн авах, статистикийн “Номын сан” -г үнэ төлбөргүй хэрэглэх зэрэг олон талын мэдээллийг нэг дороос авах юм.
Эдгээр болон бусад мэдээллийг авахаас гадна аппликейшны “Мэдлэгээ шалгая тоглоом”-ын ялагч болж Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны гарын бэлгээр сар бүр шагнуулах боломж нээгдэж байна. Аппликэйшнийг наймдугаар сарын 1 буюу ирэх мягмар гарагт app store, google play-ээс ухаалаг гар утас, таблет (iphone,ipad, android, android tablet)-д үнэгүй татаж авахаар байрлуулна.