8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Ерөнхийлөгч оффшор бүсээс мөнгөө оруулж ирэх 49 хоногийн хугацаа өгч, Төв аймагт ШҮЛХИЙ гарч хорио цээрийн дэглэм тогтоосон өдөр

2017-07-24 18:30:00

Шинэхэн нар мандаж уулсын оройд ногоон торгон судал татуулан байж нэгэн шинэ өглөө та биднийг угтсан. Алтан шалгар өнгөөр тэнгэрийн хаяаг эмжиж мөнх наран ээж жаргаж буй энэ цаг дор эрхэм уншигч танд шинэхэн 7 хоногийн мэнд хүргэе. Таны энэ 7 хоногт төлөвлөсөн ажилд амжилт хүсье. Өнөөдөр нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн болоод байна. Тоймоо хүлээн авна уу.  

Хариуцлага тооцох “БАЙ”-гаа зөв онилоосой

-Ажлаас чөлөөлөх, хариуцлага тооцох хоёрыг МАН ялгаж чадах болов уу-

Монголын улстөрийн ууган хүчин  МАН-ын нэр хүнд “навс” унав. 90 гаруй жилийн түүхтэй энэ намын нэр хүнд унах шалтгаан нь нөгөөх алдарт 60 тэрбумын бичлэг. Ерөнхийлөгчийн сонгуулийн мөнгө босгох зорилготой бичлэг юм гэсэн. МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, А.Ганбаатар нарын хоорондоо ярьж буй төрийн албыг ангилан наймаалцах тухай бичлэг олон нийтэд ил болсоор нэлээдгүй хугацааг үдлээ. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй 60 тэрбумын бичлэгийг хүлээн зөвшөөрсөн нь ил болсон. Тэрбээр “Хоёр жилийн өмнө Нийслэлийн МАН стратеги тактикаа ярих хуралдаан хийсэн.Тэр үеийн бичлэг алдагдсан байна. Тус бичлэгийг хэн гадагш нь задруулсныг хууль хяналтын байгууллагаар шалгуулна” хэмээх тайлбарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өгсөн байдаг. Гэвч намын дарга М.Энхболд энэ бичлэгийг хуурамч, эвлүүлэг, гүтгэлэг хэмээн өөрийгөө хаацайлсаар л ирэв. Учир нь тэрбээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн. Сонгуулийн халз мэтгэлцээний үеэр “60 тэрбумын бичлэг гурван сонгууль дамжин яригдлаа. Энэ бичлэг бол эвлүүлэг” хэмээн ард түмний өмнө хариуцлагатайгаар мэдэгдсэн. Ийнхүү нэг үйл хэргийн төлөө хамт зүтгэж яваа хоёр хүн нэг асуудлаар өөр өөр зүйл ярих нь жигтэй сонин. Аль нь үнэн, аль нь худал гэдгийг ард түмэн тунгаан шүүж үүнд үнэлэлт, дүгнэлт өгч МАН ялагдсан юм. Одоо тэгвэл бичлэгийн талаар хариуцлагатай мэдэгдэл хийсэн МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нарт хариуцлага тооцох уу. Эсвэл . . . 

Одоо тэгвэл бичлэгийн талаар хариуцлагатай мэдэгдэл хийсэн МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нарт хариуцлага тооцох уу. Эсвэл . . . 

Өнгөрсөн цаг хугацаанд МАН болон тус намын нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцох асуудал яригдаж эхэлсэн ч яг хэнээс, хаанаас гэдэг нь тодорхой бус байсаар л. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт МАН-ын дарга М.Энхболд намынхаа Бага хурлын товыг зарласан юм. Өнгөрсөн есдүгээр сард товлогдсон Бага хурлаар хэд хэдэн асуудал хэлэлцэхээр оруулж ирсэн. Түүний дотор намын шинэ удирдлагын асуудалд ч сөхөгдөж байсан юм. Үүнтэй зэрэгцэн намын дарга М.Энхболд ажлаа өгөх үү, дараагийн намын дарга хэн байх вэ гэсэн асуулт олон нийтийн дунд ч яригдаж эхлэв. Тус намын дотор ч энэ сэдэв “халуухан” өрнөж байгаа гэсэн сураг, ажиг ч бий. 

-“Туг тахиад” нам шинэчлэгдэхгүй. Харин улам л бугшсаар л байна-

Энэ дүр зургийг өнгөн хэсгээс нь харвал МАН удирдлагаа солих, шинэчлэл хийх гэж байгаа мэт харагдана. Гэхдээ гүнзгийрүүлж, эсвэл өөр өнцгөөс нь харвал хариуцлагаас мултрах, хариуцлага тооцох асуудал гарсан ч хэн нэг “буруугүй буруутан” нь ажлаа өгдөг, эсвэл албан хүчээр ажлаа өгөхөд хүргэдэг буруу тогтолцоо харагдана. Бас мэдрэгдэнэ. Олон нийт үүнийг “Туг тахина, туг тахичихлаа” гэж ярьцгаадаг. Тэгвэл “Туг тахиад” нам шинэчлэгдэхгүй. Харин улам бугшсаар л байна. Үүнийг 90 гаруй жилийн түүхтэй улстөрийн нам мэдэхгүй байх учиргүй.

МАН шиг ийм олон жилийн түүхтэй намыг шинэчлэх асуудал нь хэн нэгнийг ажлаас нь чөлөөлөөд шийдэхгүй зүйл огтоос биш байлтай. Энд бурангуй үйлдлийг зогсоож цэвэр хариуцлагын асуудал яригдах учиртай. Товчхондоо намын нэр хүндийг унагахад гол нөгөө үзүүлсэн 60 тэрбумын бичлэг дэх нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйд хариуцлага тооцох учиртай. Мөн намын дарга М.Энхболдыг энд дурдая. 

-Улс төрийн ууган хүчин болсон МАН өөгшүүлж ангилал гаргаж төрийн албыг “худалдаж” өнөөдрийг хүрсэн үү-

МАН-ын дарга М.Энхболд даргын суудлаа өгөөд хариуцлагаас мултрах бий. Намын дарга, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд түүнд хашиж үзээгүй төрийн өндөр албан тушаал гэж байхгүй. Ёстой л “хаалгачаас хаан хүртэл нь ” хүртэл нь хийж үзсэн гэхэд хол зөрөхгүй. Тэгвэл сүүлийн үед намын гишүүд хариуцлагын асуудал ярьж эхлэв. Ингэхдээ МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд хариуцлага тооцох тухай ч сөхөгдлөө. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан 60 тэрбумын бичлэгтэй холбоотой уу. Эсвэл Ерөнхийлөгчийн сонгуульд намаа ялагдах хүргэсэн буруутан уу. Эсвэл намынхаа Генсекээр "туг тахих" гэж байна уу. МАН-д хариуцлагын асуудал яригдаж эхэлсэн хойно эхлээд 60 тэрбумын асуудалд хариуцлага тооцох нь зүйтэй. Дараа нь намын шинэчлэлийн асуудал гэх мэт шат дараалалтайгаар хариуцлага тооцох асуудал яригдах нь угтаа бол зөв гольдрил юм. 

Хэрвээ 60 тэрбумын асуудалд холбогдоод байгаа намын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нарт зохих хариуцлага хүлээлгэж чадвал МАН шинэчлэгдэхэд нэг алхам ойртоно. Ажлаас чөлөөлөх, хариуцлага тооцох хоёр угтаа бол өөр өөр утга агуулгатай, чиг үүрэг нь ондоо гэдгийг МАН-ынхан нэг АНХААРААСАЙ. Нэг үгээр хэлбэл, ажлаас чөлөөлөх, хариуцлага тооцох хоёр угтаа бол өөр гэдгийг МАН-ынхан ялгаж чадах болов уу. Нөгөө талаасаа хариуцлага тооцох “БАЙ”-гаа зөв онилоосой билээ.  Ингэснээр МАН төдийгүй монголын улс төр цэвэрлэгдэх  боломж нөхцөл бүрдэнэ. 

Хатуухан хэлэхэд өнөөдрийн төр төр биш бизнесийн  “талбар” болоод байна. Мэргэжил мэдлэгтэй эх орноо гэх сэтгэлтэй хүнээс илүү аль мөнгөтэй нь худалдаж авдаг зүй бус тогтолцоо “цэцэглэжээ”. 

УИХ-ыг хяналттай байлгах цаг ирснийг өнөөдөр УИХ-ын гишүүдийг гаргаж буй хууль бус, бусармаг, хууль дүрмийг уландаа гишгэлсэн олон удаагийн үйлдэл харуулж байна. 2016 оны сонгуулиар олонхи болж МАН УИХ-д 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулж Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар байгуулсан. Гэхдээ МАН үүнийг зөвхөн ярьсан, ард түмэнд хоосон амласан. Мэргэжлийн гэхээс илүү хэн нь илүү их мөнгө өгсөн нь эхнээсээ эхлээд албан тушаалд сууж ирсэн. Үүнийг хэн ч харсан илт.  Монгол Улсын төр улс эх орны нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, үндэсний аюулгүй байдал, иргэдийн амьдрал ахуй, соёл, боловсрол, байгалийн баялгийг хэрхэн зөв ашиглах, хөгжиж дэвших гэх мэтэд шат дараалласан хөтөлбөр боловсруулах гэхээс илүүтэй хэдхэн хүний өнгө мөнгө ярьдаг, албан тушаал наймаалцдаг талбар болж. Хатуухан хэлэхэд өнөөдрийн төр төр биш бизнесийн  “талбар” болоод байна. Мэргэжил мэдлэгтэй эх орноо гэх сэтгэлтэй хүнээс илүү аль мөнгөтэй нь худалдаж авдаг зүй бус тогтолцоо “цэцэглэжээ”. Үүнийг улс төрийн ууган хүчин болсон МАН өөгшүүлж ангилал гаргаж төрийн албыг “худалдаж” өнөөдрийг хүрсэн үү.   

Тиймээс улстөрийг цэвэршүүлье гэвэл хариуцлагын системийг сайжруулж зөв талаасаа, зөв хүнээсээ эхлэх нь чухал. Ингэж чадвал МАН жинхэнэ утгаараа шинэчлэгдэж үүнийг дагаад монгол төр зөв зүгтээ орж улс эх орон хөгжиж дэвших том алхам болох учиртай. 

Ерөнхийлөгч оффшор бүсээс мөнгөө оруулж ирэх 49 хоногийн хугацаа өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан оффшор данстай холбоотой асуудлаар өнөөдөр уриалга гаргалаа.  

Уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монголын нийгэмд хурцаар шүүмжлэгдэн хэлэлцэгдэж байгаа олон асуудлын нэг нь улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор бүсэд данстай байх, авлига, хууль бусаар олсон мөнгө хөрөнгөө татвараас болон хууль хяналтаас  нууж байршуулж байгаа явдал билээ. Уг мөнгө нь хэлбэрээ өөрчилж АНУ, ИБУИНВУ зэрэг гадаад улсад үл хөдлөх хөрөнгө болж хувирсан тохиолдлууд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэгдсэн.

ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож нэрлэсэн байна. Эдгээр оффшор бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум мэдээлээд байгаа юм.

Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс, улстөрч, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор дансанд мөнгөн хөрөнгөө байршуулах нь тухайн хөрөнгийн гарал үүсэл хууль ёсны эсэх, татвараа шударгаар төлсөн эсэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн эсэх зэрэг олон эргэлзээг бий болгож, шударга ёсонд итгэх олон нийтийн итгэлийг бууруулж байна. Монгол Улс 2017 оныг хүртэл оффшор бүсэд данс эзэмших асуудлаар хууль, эрх зүйн ямар нэгэн зохицуулалтгүй явж ирснээс улбаалан улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшорт данс эзэмшсэн тохиолдлууд байгаа тул олон улсад мөрддөг жишгээр эхний удаад тэдэнд ууч сэтгэлээр хандаж, оффшор данснаас нэн даруй мөнгөө татаж, Монгол Улсдаа оруулж ирэхийг уриалах нь зүйтэй хэмээн үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга миний бие оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна.

Дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргад Г.Байгалмаа яригдаж эхэлсэн үү

Найр наадам өдрүүд шувтарч, намрын ид ажил өрнөж эхэлсэн энэ цаг үед улс төрийн томилогоо олны анхаарлыг ихэд татаж байна. Учир нь Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч  үндэсний их баяр наадмын өмнхөн сонгогдсон. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгын томилгоо эхнээсээ хийгдэж эхэлсэн.

Тодруулбал тэрбээр тангаргаа өргөсний дараахан АН-ын дарга асан З.Энхболдыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилсон юм. Түүний томилгоо ийнхүү эхэлж, зарим нь томилгооны эздийн сураг ажиг ч гарч эхэллээ.  Тухайлбал  Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар  Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан Г.Байгалмаагийн нэр яригдаж эхэлсэн сурагттай.  Энэ талаар баттай эх сурвалж онцолжээ. 

Ерөнийлөгчийн Тамгын газрын дэд даргад яригдаж буй Г.Байгалмаа нь МоАХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн, Ардчилсан Намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж нэгэн аж.

ОУВС-гийн шинжээчид “хүүхдийн мөнгө”-ийг зогсоохыг шаарджээ

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн оны наймдугаар сараас ОУВС-тай хэлэлцээ хийж, энэ оны тавдугаар сарын сүүлээр “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг албан ёсоор хэрэгжиж эхлүүлсэн. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжиж эхэлсэн даруйд 38.6 сая ам.доллар манай улсад орж ирсэн билээ.

Улирал тутам орж ирж уг санхүүжилтээс өмнө ОУВС-гаас хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг нягтлаж, урьдач нөхцлүүдийн хэрэгжилтэд хяналт тавьдаг аж. Иймд ОУВС-гийн шинжээчид энэ сарын 19-ний өдрөөс эхлэн манай улсад ажиллаж байгаа юм. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахын тулд манай Засгийн газар долоон төрлийн татвар нэмэн, тэтгэврийн насыг 2018 оноос жил бүр зургаан сараар нэмэгдүүлэх зохицуулалт хийсний зэрэгцээ “Хүүхдийн мөнгө”-ийг 60 хувьд нь олгохоор болж, УИХ-аар батлуулсан билээ.

Гэвч ОУВС-гийн шинжээчдийн зүгээс Монгол Улсын Засгийн газрыг хэд хэдэн урьдач нөхцлүүдээ зөрчиж, хөтөлбөрийн хэрэгжилтийг сааруулсан гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Тухайлбал, бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгохгүй байх шаардлагыг шууд байдлаар тавьсан байна. Одоогоор Засгийн газраас уг мэдээллийг ихэд нууцлаж, дотооддоо ард түмэнд хэрхэн зөв ойлгуулах талаар зөвшилцөж байгаа аж.

Үхэртээ явж байсан хүүг буудаж гэмтээсэн хэрэг гарчээ

Энэ сарын 20-ны 23:00 цагийн үед үхэртээ явж байсан хүүг буудаж гэмтээсэн хэрэг гарсан байна. Тодруулбал Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо “Бурхант хошуу” гэх газар үхрээ цуглуулах гээд явж байтал хажуу айлын 70 настай өвгөн буудсан байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн аж. Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгахад  Баянзүрх дүүргийн VIII хороонд суух найман настай Т-г үхрээ туугаад явж байх үед Төв аймаг Зуунмод хот Баянхошууны III багт оршин суух Д /эр.63н/ гэгч нь “Тоз-8” маркын буугаар буудаж хөлийн шилбэнд нь онож гэмтээсэн нь тогтоогдсон байна. Хүүг чоно явж байна гэж андууран буудсан  аж.

“Хүннү эйр"-ийн онгоцны хөдөлгүүрт гэмтэл гарч ослын буулт хийжээ

Өчигдөр “Хүннү эйр” компанийн Улаангом-Улаанбаатар (ULO-ULN)  MR 162 дугаартай нислэг 10.00 цагт Улаангомоос хөөрөөд онгоцны нэг хөдөлгүүрт нь гэмтэл гарсан  аж. Улмаар Мөрөн хотод ослын буулт хийсэн байна.

Уг байдлыг шинжлэн дүгнэлт хийхээр ИНЕГ-ын Нисэхийн Аюулгүй Ажиллагааны Хяналт Зохицуулалтын Албаны мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүн, “Хүннү эйр” компанийн инженер техникийн ажилтнууд Улаанбаатараас Мөрөн хотод очиж ажиллаж байгаа аж. 

Монгол хүүхдүүд олон улсын физикийн олимпиадаас 5 медаль хүртэв

Олон улсын Физикийн 48 дахь олимпиад (IPhO-2017) Индонез улсын Ёгякатра (Yogyakatra) хотод болж өндөрлөлөө. Тус олимпиодод манай улсаас таван сурагч оролцсон бөгөөд монголын багийнхан бүгд медалийн болзол хангасан байна. Тодруулбал,

  • “Шинэ Монгол” сургуулийн сурагч Лхагвадоржийн Дөлгөөн мөнгөн медаль,
  • “Сант” сургуулийн сурагч Луубаатарын Оюунтөгс мөнгөн медаль,
  • Хөвсгөл аймгийн Ирээдүй сургуулийн сурагч Сарангэрлийн Сумъяажав хүрэл медаль,
  • Нэгдүгээр сургуулийн сурагч Бямбажаргалын Амарболд хүрэл медаль,
  • Нэгдүгээр сургуулийн сурагч Эрдэнэчулууны Гарьд хүрэл медалийн болзол тус тус хангажээ.

Нийт хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилттай багийнхныг МУИС-ийн физикийн багш Д.Улам-Оргих ахлан явсан бөгөөд олимпиадад оролцоход БСШУСЯ, МУИС, ШУТИС зарим санхүүжилтийг гаргасан байна.

Төв аймагт ШҮЛХИЙ гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ

Төв аймгийн Сэргэлэн суманд шүлхий өвчин гарсан байна.  Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Бөхөгийн гол” гэдэг газар малчин О-гийн 43 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрчээ. Улмаар энэ сарын 22-нд өвчилсөн үхрээс дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон аж.  Тиймээс сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, 43 үхрийг устгалд оруулсан байна. 

Иргэдийн 5 их наяд төгрөгийн өрийг тэглэхийг шаардлаа

“Орон нутгийн сонгогчдын эрх  ашгийг хамгаалах нийгэмлэг” болон “Өргүй Монгол” хөдөлгөөнөөс ард иргэдийн өрийг тэглүүлэх асуудлаар Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдэж, хэвлэлийн хурал хийлээ.

Хэвлэлийн хуралд оролцогчид “Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Х.Баттулга ялалт байгуулвал Монгол улсын нийт иргэдийн 5 их наяд 845 тэрбум төгрөгийг өрийг тэглэнэ. Мөн монгол хүн бүрийг нэг удаа өргүй болгох тухай шийдвэрийг АН-ын дарга С.Эрдэнэ хэлсэн. Гэтэл АН,  тус намын гишүүн, УИХ-ын гишүүн З.Нарантуяа өр тэглэнэ гэж амлаагүй  гэж мэдээлж байна. Гэтэл бид өргүй болгоно гэсэн амлалтад итгэж саналаа өгсөн. Ард түмэн амлалтаа биелүүлэхийг шаардаж байна” гэв.

Тэд шинэ ерөнхийлөгчид өр тэглэнэ гэсэн амлалтыг нь өдөр бүр сануулахад өртэй хүн бүрийг нэгдэхийг уриалав.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ARD
Атигар тарвагаас салаад атигар хулгайчийн гарт энэ улс орлоо. Монгол улс энэ атигар хулгайчийн гарт удаан тэсэхгүй. Юуны чинь Монгол ялна. Монгол ялагдаад эхэлсэн шүү дээ!!! Долларын ханш буцаад өсч,
2017/07/25 103.26.195.30