8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Сонсголын бэрхшээлтэй иргэдийн олимпиос манай 3 бөх медаль хүртэж, 60 тэрбумын бичлэгт эрүү үүсгэж шалгахаар болсон өдөр

2017-07-26 18:43:00

Хүн бүр дотор сэтгэлдээ урмын сайхан үгийг ямагт хүсч явдаг. Хийж бүтээснийхээ төлөө, бусдыг баярлуулсны төлөө хэн нэгнээс сонсох талархал, урмын сайхан үгс нь хүний сэтгэл зүрхэнд баяр баясгалан авч ирдэг. Бид хэдий болтол даруу төлөв, сэтгэлийн хөдөлгөөн багатайгаа илэрхийлж, талархал урмын сайхан үгсээ өөрөөсөө болон өрөөл бусдаас харамлаж явах билээ. Гэсэн атлаа маргалдаж муудалцахдаа зүрх зүсэж, сэтгэл хиртэн, дотор давчдам муу үгсийг хэлэх хэрэг юун. Хайртай хань, алаг үр, асралт аав ээж, анд нөхөд бүгд л урмын сайхан үгээр дутаж л яваа. Тиймээс эрхэм уншигч яг одоо хэн нэгэнд та урмын сайхан үг хайрлаарай. Өнөөдөр болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн болоод байна. Тоймоо хүлээн авна уу.

Ерөнхий сайдын амралт дуусаагүй учраас Засаг хуралдсангүй юу

Дэлгэр  сайхан наадсан монгол түмэн найр, наадмаа өндөрлүүлж намрын ажилдаа ханцуй шамлан ороод байгаа билээ. Тэгвэл энэ өдрүүдэд зарим нэг нэр бүхий төрийн өндөр албан тушаалтан амралтаа өндөрлүүлж нийслэлд ирсэн ч ажлаа хийх сонирхолгүй байгаа бололтой. 

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар ээлжит хуралдааныг зарлан хуралдуулдаг. Харин өнөөдөр Засаг хуралдсангүй. Учир нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн 7 хоногт Буйр нуурт амраад өнөөдөр нийслэлд ирсэн сураг дуулдана. Ерөнхий сайдын амралт дуусаагүй болохоор Засаг хуралдсангүй юу эсвэл эрхэм сайд амралтын горимоосоо гарах дургүй байна уу. Нөгөө талаас хараад үзэхэд Засаг хуралдах шаардлагагүй гарч ирээгүй болохоор Ерөнхий сайд амарч байна уу.  

Өнөөдөр Засаг хуралдах онц шаардлага гараагүй ч төрийн тогтсон ажлыг цаг тухай бүрт нь явуулж байвал сайнсан.  Хатуухан хэлэхэд муу ажиллаж байгаа гэдэг үнэлгээ авсан Засгийн газар ядаж тогтсон цагтаа хуралдаж байвал зүгээр санагдана. 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шаардлагатай тохиолдол Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулах эрхтэй. Өнөөдөр Засаг хуралдах онц шаардлага гараагүй ч төрийн тогтсон ажлыг цаг тухай бүрт нь явуулж байвал сайнсан.  Хатуухан хэлэхэд муу ажиллаж байгаа гэдэг үнэлгээ авсан Засгийн газар ядаж тогтсон цагтаа хуралдаж байвал зүгээр санагдана. 

Ямартай ч намар, өвлийн ид ажил хаалганы цаана ирээд байгааг эрхэм ЕРӨНХИЙ САЙД мэдэж байгаа болов уу.  

60 тэрбумын бичлэгт Эрүүгийн хуулийн тусгай зүйл заалт нээж шалгахаар болжээ

Улсын Ерөнхий прокурорын газраас иргэн Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасангийн тус прокурорын газарт гаргасан гомдлын дагуу Нийслэлийн прокурорын газраас "60 тэрбум”-ын бичлэгтэй холбогдуулан хянан шийдвэрлэсэн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалыг хянаж үзээд Эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзсан тогтоолыг хүчингүй болгожээ.

Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлт явуулахыг Авлигатай тэмцэх газарт даалгасан байна.

Уг хэрэгт Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг томилон шалгуулахаар шийдвэрлэж, хамтарсан ажлын хэсэг томилсон тогтоол гаргаж, мөрдөн шалгах байгууллагуудад хүргүүлжээ.

З.Энхболд Ц.Цолмонгийн ирүүлсэн бичигт хариу өгөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод зарим Элчин сайдуудыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөхөөр энэ долдугаар сарын 19-ний өдөр  албан бичиг хүргүүлсэн билээ. Уг албан бичигт УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон долдугаар сарын 20-нд хариу бичиг өгөөд байсан юм.

Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгийн ирүүлсэн бичигт хариу бичиг өгөв.

Хариу өгөх тухай уг албан бичигт:

“Таны 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 14/1334 тоот “Хариу өгөх тухай” албан бичигтэй танилцлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах” үндсэн бүрэн эрх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэнтэй ч хуваалцахгүй үндсэн бүрэн эрх мөн. Энэхүү бүрэн эрхийг Ерөнхийлөгч Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн аливаа хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлнэ.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгээр “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх” эрхийг Засгийн газарт олгосон боловч энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон үндсэн бүрэн эрхийг Засгийн газарт шилжүүлсэн зохицуулалт биш болно. Үндсэн хуулиар олгогдсон үндсэн бүрэн эрхийг бусад хуулиар хязгаарлах боломж үгүй бөгөөд энэхүү заалтыг ийнхүү явцууруулан тайлбарлах нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэж байна.

Энэхүү заалт нь Засгийн газарт төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэгчийнх нь хувьд элчин сайдыг томилох, эгүүлэн татах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгох эрхийг олгож буй эрх зүйн зохицуулалт мөн. Иймд зөвхөн Засгийн газрын санал болгосноор томилох, эгүүлэн татах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөнө гэж ойлгож хэрэглэх нь Монгол Улсын Үндсэн хуулийг ойлгоогүй, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хууль бусаар хязгаарласан хэрэг гэж үзэхээс өөр аргагүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Засгийн газрын үндсэн бүрэн эрх дотор “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх” тухай ямар нэг зохицуулалт тусгагдаагүй. Засгийн газрын өргөн мэдүүлсэн Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгч зөвшөөрч түүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөх боломжтой бөгөөд үүний нэгэн адил Засгийн газрын өргөн мэдүүлсэн саналыг эс зөвшөөрөх, эсхүл Засгийн газрын өргөн мэдүүлэхийг хүлээлгүйгээр Улсын Их Хуралтай зөвшилцөх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулиар түүнд олгосон болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн даалгаснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд би зөвшилцөх хүсэлтийг хүргүүлсэн бөгөөд тус Тамгын газрын дотоод албан хэргийн харилцаанд оролцохгүй байхыг танаас хүсч байна” гэжээ.

Алга болсон 5 настай хүүхдийн цогцсыг олжээ

Нийслэлд өчигдөр түр зуурын хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгонд үерийн аюултай нөхцөл байдал үүсээд байна. 

Энэхүү үерийн улмаас нэг том хүн, хоёр бага насны хүүхэд амиа алдаж, дөрвөн хүүхэд хүнд хөнгөн гэмтсэнийг эмнэлэгт хүргэсэн талаар Нийслэлийн Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ. 

Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах анги 105, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид алга болоод байсан таван настай хүүхдийг эрэн хайж шөнийн 00:20 цагт цогцсыг олж холбогдох байгууллагад хүлээлгэж өгсөн байна. 

Жолооч нар оноогоо сэргээхийн тулд 3 цагийн сургалтанд сууна

Энэ оны эхний хагас жилийн байдлаар зөрчлийн оноо нь дуусч, эрхийг нь түтгэлзүүлсэн жолоочийн тоо 1046 хүрээд байна. Зөрчлийн оноо нь дууссан жолооч нар Замын цагдаагийн газрын Лицензийн төвд гурван цагийн сургалтанд суух ёстой аж. 

Үүний дараа замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалтыг цахимаар өгч, тэнцсэн тохиолдолд 72 цагийн дотор түтгэлзсэн эрхийг сэргээх юм. Харин тэнцээгүй тохиолдолд Дүнжингарав дахь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд дахин цахим шалгалт өгч байж зөрчлийн 10 оноо хасуулсан эрхээ сэргээлгэх юм байна. Одоогоор журмын дагуу 503 жолооч эрхээ  сэргээлгэсэн гэжээ.

Хайгуулын зөвшөөрлийн бүртгэлийг цахимаар авч эхэлнэ

Ашигт Малтмал Газрын Тосны Газраас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр АМГТГ-ын дарга Б.Баатарцогт “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотойгоор гадны хөрөнгө оруулагчид нэлээн сонирхож байгаа. Гадны хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор хийж байгаа бидний гол ажил бол мэдээллийг ил тод байлгах, хөрөнгө оруулагч нарт хууль эрх зүй, геологийн суурь судалгааг ил болгох ажлуудыг түргэн шуурхай хийж байна.

Мөн олон улсын байгууллагуудаас гаргадаг анализуудад өөрсдийн үйл ажиллагаа, тайлангийн системээ тодорхой болгож, эрх зүйн орчинг цэгцтэй болгохоор ажиллаж байгаа. Ингэснээр олон улсын судалгааны байгууллагуудаас гарч байгаа үнэлэлт дүгнэлт эерэг болж эхэлж байна” гэв.

Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох үйл ажиллагаа удаашралтай явагдаж ирсэн. Тиймээс цахим хэлбэрээр зөвшөөрөл олгох ажил өнөөдрөөс эхэлж байгаа юм байна. Тодруулбал Засгийн газрын тогтоол гарснаар хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгох үйл ажиллагаа эхэлж байгаа аж. Ингэхдээ дугаар авсан цагтаа ирж, системд өөрийн координатыг шивэх ёстой юм байна. Шивснээр тухайн талбай давхцалтай, эсвэл хориглосон талбай болох нь тодорхойлогдох боломжтой гэдгийг Кадастрын газрын дарга Д.Мөнхтамир онцолж байлаа.

Элчин сайд З.Батбаярыг эргүүлэн татах зарлигийг хүчингүй болгожээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж заасныг баримтлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 176 дугаар зарлигийг хүчингүй болгожээ. Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах” тухай заалтыг баримтлаагүй нь хуульд нийцээгүй тул энэхүү зарлигийг хүчингүй болголоо.

Уг зарлигийг хүчингүй болгосноор Зэнээмядарын Батбаяр нь Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.

Хакухо М.Даваажаргал Ерөнхийлөгчид бараалхжээ

Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргал түүхэн амжилт өвөртлөн эх орондоо ирсэн билээ. Тэрээр өчигдөр аав Хөдөлмөрийн баатар, Олимпийн мөнгөн медальт, Үндэсний бөхийн Дархан аварга, Гавьяат тамирчин Ж.Мөнхбат, ээж Тамирын хамтаар Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхсан байна. Дээд зиндааны 39 дэх түрүүгээ авч, өөрийн амжилтыг улам ахиулсан түүнд Ерөнхийлөгч Х.Баттулга баяр хүргэж цаашид үргэлжлүүлэн амжилт гаргахыг хүсчээ.  

САЙН МЭДЭЭ: Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны XXIII олимпиос манай 3 бөх медаль хүртлээ

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын зуны XXIII олимпийн наадам Туркийн Самсун хотод болж байна. Дөрвөн жил нэг удаа болдог уг наадамд дэлхийн 114 орны 3145 тамирчин спортын 21 төрөлд өрсөлдөж байгаа аж.

Чөлөөт бөхийн төрөлд манай улсаас Өвөрхангай аймгийн “Их монголын хүчтэн” дэвжээний дасгалжуулагч Э.Баттүшиг, олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатарын хамт гурван тамирчин оролцсоноос бүгд медаль хүртсэн бахдам амжилттайгаар эх орондоо ирэхээр болж байна.

Самсуны дэвжээнд эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Намдагдоржийн Эрхэмбаяр, 65 кг-д Дорждагвын Чинзориг нар мөнгө, 74 кг-д Ширэндэвийн Батбаатар хүрэл медаль хүртэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл