Булган аймгийн Рашаант сумын ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар ангийн багш Ц.Даариймаа өдрийн хоолны цагаар ангийнхаа сурагч охины гарыг халуун будаагаар түлсэн гэх мэдээлэл цацагдсан билээ. Түүнийг хүний нялх балчир үрийг “Дандаа аягагүй ирдэг, гар дээрээ хоолоо ид” гэж харааж загнадаг байсан хэмээн мэдээлэгдээд буй. Тэгвэл энэ талаарх мэдээлэл ташаа болохыг сургуулийн удирдлагууд нь мэдэгдлээ. Булган аймгийн Рашаант сумын дунд сургуулийн захирал Сийлэгмаа энэ талаар “Ажлаас нь халсан байгаа. Гэхдээ шүүхийн шийдвэр гараагүй байхад ажлаас халдаг нь буруу л юм шиг байна. Хүүхдийн гар түлсэн гэдэг эцэг эхийнх нь гомдолын дагуу эрүүгийн хэрэг үүсгээд багшийг шалгаж байгаа. Мөн аймгийн Боловсролын газраас манай сургуульд шалгалт ирээд, эл асуудлаас болоод түүнийг ажлаас халчихсан. Уг нь хэвлэлээр бичээд байгаа шиг тийм зүйл болоогүй, гаран дээр нь будаа асгаж, түлээгүй юм. Гэтэл түлээгүй ч байсан хүүхдийн биед хүрсэн загнасан л бол ингэх ёстой гээд аймгийн Боловсролын газар арга хэмжээ авчихаж байгаа юм. Тухайн өдөр үдийн цайнд будаатай шөл орсон. Багш бүх хүүхдэд хоолыг нь хийж өгөөд нөгөө охин аягагүй ирсэн болохоор нь гар дээр чинь хийж өгнө шүү гээд айлгах санаатай халбагатай шөлөө бариад зогсож байтал нэг хүүхэд тохойнд нь хүрээд асгуулчихсан байгаа юм. Багшийн тохойд хүрсэн хүү ч би санамсаргүй асгуулсан гэдгээ хэлдэг юм. Мөн шинжилгээгээр түлэгдэлтийн зэрэггүй гэж гарсан байгаа” гэсэн байна.
Багш нь будаагаар түлсэн гэх сурагч шинжилгээгээр түлэгдэлтийн зэрэггүй гарчээ
2016-01-09 21:32:00