8o
Улаанбаатар хот
mobile menu

Үерийн хохирлын хэмжээг арилгахаар ажиллаж байна

2017-07-28 10:59:00

Энэ сарын 25-ны өдөр нийслэлд орсон хүчтэй аадар борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгонд нийт 40 айл, өрх үерт өртөж, гурван хүн амь насаа алдсан. Үүнтэй холбогдуулан тус дүүргийн Онцгой комисс хуралдаж, таван чиглэлээр Ажлын хэсэг байгуулжээ. Тодруулбал,

  • Хохирол тогтоох ажлын хэсэг

  • Сэргээн босгох ажлын хэсэг

  • Ариутгал тохижилт үйлчилгээний ажлын хэсэг

  • Нийгмийн асуудал хариуцсан ажлын хэсэг

  • Хяналтын ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа аж.

 
Амь насаа алдсан А-гийн бүтэн өнчин үлдсэн 9 настай хүүхдийн асран хамгаалагч тогтоохоор дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсийн албан хаагчид ажиллаж байна.
 
Үерийн улмаас унасан 10квт-ын цахилгааны тулгуур мод унасныг Төв, Улаанбаатар ЦТС ТӨХКомпаниуд 11 албан хаагч, 6 автомашин, техниктэйгээр ажиллаж засварлажээ.
 
Үерийн улмаас 7 айлын гэр урсаж, 5 айлын гэр нуран ашиглах боломжгүй болж, нийт 12 айл орон гэргүй болжээ. Мөн 28 айлын хашаа усанд урсаж эвдэрсэн байна. Ард иргэдийн 5 машин усанд урсаж сүйдсэнийг эзэмшигчдийг тогтоон хүлээлгэн өгөх ажил хийгдэж байгаа аж.


 
Энэ сарын 26-ны 20:00 цагийн байдлаар Жаргалант тосгонд дүүргийн онцгой комиссын 15, дүүргийн Засаг даргын Тамгын газрын 15, Улаанбаатар шинэчлэл ХХК-ийн 19, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн 5, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30, дүйцүүлэх албаны 10, Тээвэрлэлт цэвэрлэгээ үйлчилгээний 35, тээвэрлэлт үйлчилгээний 5, иргэдийн бүлгийн 30, сайн дурын гишүүдээс бүрдсэн нийт 200 гаруй хүн ажиллаж байна.

21-р хорооны 70га орчим газар лаг шаварт автсаныг 3 ковш, 2 хүнд механизм, том оврын 8 машинтай бүрэлдэхүүн 70 удаагийн рейсээр 385 тонн хог, лаг шаврыг ачиж цэвэрлээд байна.


 
Тус хорооны иргэдийн ундны усны 11 худаг байснаас 6 худаг үерт автсан учир ариутгал, халдваргүйжүүлэх ажлыг мэргэжлийн хяналтын хэлтэс хариуцан ажиллаж байгаа аж.  Усны дээжээс авсан шинжилгээний хариу 72 цагийн дараа гарах тул иргэдийг ундны усаар хангах ажлыг Ус сувгийн удирдах газрын 2 машинтай бүрэлдэхүүн гүйцэтгэж байна.


 
Нийт 16 бод мал усанд урсаж үхсэнийг ариутгаж, халдваргүйжүүлэх ажлыг дүүргийн онцгой комисс, мэргэжлийн хяналтын хэлтэс булшилж шийдвэрлэжээ.



МУЗН-ийн Үндэсний Гамшгаас хамгаалах баг ажиллаж 23 өрхийн 115 хүнд хувцас, усны сав, хөнжил, 460 ширхэг ариутгагч бодис зэрэг 1,650,000 төгрөгийн эд материалын тусламж үзүүлээд байна.



 
Дүүргийн эрүүл мэндийн төвийн 5 эмчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 54 хүнд эмнэлгийн үзлэг оношлогоо хийж, 5 төрлийн эм тариагаар хангаж, үер усны үед халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөө өгч, зурагт хуудас, материал тарааж байна.   

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл