"Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөн"-ийхөн 60 тэрбумын асуудал болон өчигдөр тус хөдөлгөөний тэргүүн Б.Жагарыг цагдаагийнхан саатуулсан талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Хурлын эхэнд "Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөн"-ий тэргүүн Б.Жагар "Би НЗДТГ-ын хаалгыг эвдээгүй. Бид дотогшоо орж, шаардлагынхаа хариуг авах гэсэн боловч хамгаалагчид биднийг оруулахгүй гээд хаалгаа түгжсэн. Түгжсэн хаалгыг нь нүдтэл самбар нь уначихсан юм. Гэтэл цагдаагийнхан намайг баривчлахыг оролдсон. Би цагдаагийн байгууллагад хаалганы хэргээр гурван удаа баригдаж байна. Сонгуулийн үеэр намайг хаалга эвдсэн гэж гүжирдсэн. Дараа нь МҮОНРТ-ийн байрны хажуугаар алхаж явтал хаалга эвдэх гэж байна гээд дахин саатуулаад Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст дөрвөн цаг суулгасан. Харин өчигдөр хамгаалагчид нь өөрсдөө хаалгаа дотроосоо түгжиж эвдчихээд намайг дахин гүтгэх гэж оролдлоо. Мөн 60 тэрбумтай холбоотой 90 минутын бичлэгийг гадаадад судалгааны байгууллагаар шинжүүлж, эвлүүлэг биш гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс бид хариуцлага тооцуулахаар шаардах бичиг хүргүүлсэн. Цаашид энэ хэргийг илрүүлэхийн төлөө бид тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн юм.
Б.Жагар: Өөрсдөө хаалгаа дотроосоо түгжиж эвдчихээд намайг дахин гүтгэж байна
2017-07-28 13:14:00