Байрны орцонд нь настай эмээг гурван залуу бүлэглэн дээрэмдэж, улмаар шатаар чирч унагааж гэмтээсэн камерийн бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан билээ. Сэжигтэн этгээдүүд нь энэ сарын 8-ны шөнийн 22:00 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хороо 24 дүгээр байрны нэгдүгээр давхарт 74 настай эмэгтэй Ц-г дээрэмдэж, цүнхийг нь булааж зугтаасан юм. Тэднийг харсан хүмүүс ихээхэн зэвүүцэж, хурдан олж шийтгэхийг хүсч байсан юм. Тэдгээр залуусыг Баянгол дүүргийн цагдаагийн алба хаагчид 24 цагийн дотор илрүүлэн, шуурхай баривчилсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл дээрмийн гэмт хэрэг үйлдсэн залуус нь 1990 онд төрсөн Дорнод аймгийн харьяат М, мөн онд төрсөн Увс аймгийн харьяат А, 1995 онд төрсөн Увс аймгийн харьяат Б нар байжээ. Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлжээ. Дээрмийн гэмт хэрэг нь хохирлын хэмжээ хамаарахгүй, хүнд гэмт хэрэгт тооцогддог байна.