8o
Улаанбаатар хот
mobile menu

Азийн хошой аваргатай, Ерөнхийлөгчийн зарлигтай, 60 тэрбумын асуудал сөхөгдөж, Байгалийн гамшигт үзэгдэлтэй 7 хоног

2017-07-30 10:55:00

Энэ 7 хоногт болж өрнөсөн гол үйл явдлуудыг онцлог хүргэж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга “60 тэрбумын” асуудалд нухацтай хандахыг АТГ-т анхаарууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигатай тэмцэх газрын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга эрхэлсэн комиссар Ц.Нямдорж нарыг хүлээн авч уулзаж, сүүлийн жил гаруй хугацаанд олон нийтийн анхаарлыг татаад байгаа “60 тэрбумын” асуудлыг шалгах явц удаашралтай байгааг шүүмжилж, Монгол Улсын төрийн албан тушаалыг наймаалах сэдэв бүхий асуудлаар ярилцсан уг баримтад нухацтай хандахыг онцлон сануулав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байх үедээ өнгөрсөн зургадугаар сарын 5-нд уг асуудлыг шалгуулахаар АТГ-т хандсан албан бичгийг өөрийн биеэр хүргэж байсан юм. Өнөөдрийг хүртэл уг албан бичигт ямар нэгэн хариу өгөөгүй байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын үеэр анхааруулж асуулаа. Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй уг 90 минутын бичлэгийн турш илтгэл тавьж, мэдээлэл хийж байсан  бөгөөд гэтэл 2016 оны УИХ, орон нутгийн сонгууль дуусмагц төрийн өндөр албан тушаалд шууд очсоныг АТГ яагаад шалгахгүй байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тодруулан асууж байлаа. Мөн энэ асуудал нь олон улс дахь Монголын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон анхааруулав.  

Уулзалтын үеэр АТГ-ын удирдлагууд 60 тэрбум төгрөгөөр Монгол Улсын төрийн албан тушаалыг арилжих, санал тоолох машиныг хакердах зэрэг маш ноцтой асуудлаар ярилцсан 90 минутын бичлэгийг олон нийтэд ил болгосон хамгийн гол гэрч болох Г.Доржзодовыг нэг ч удаа байцаагаагүй гэдгээ хэллээ. Энэ асуудлаар нэн даруй хариу өгөхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын удирдлагаас шаардлаа.

Ерөнхийлөгч зарлиг гаргаж Н.Алтанхуягийг Улс төрийн бодлогын зөвлөхөөр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Норовын Алтанхуягийг Ерөнхийлөгчийн  Улс төрийн бодлогын зөвлөхөөр  томиллоо.

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг нь

1981 - 1990 онд Монгол Улсын Их Сургуульд багш

 1990 - 1992 онд Монголын Социал Демократ намын Нарийн бичгийн дарга

1992 - 1994 онд "Энэ өдөр" ББХК-ий захирал

1994 - 1996 онд Монголын Социал Демократ намын Ерөнхий нарийн бичгийн дарга

1996 - 2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

1998 - 1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд

1999 - 2000 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга

1999 - 2000 онд Монголын Социал Демократ намын Ерөнхий нарийн бичгийн дарга

2000 - 2001 онд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга

2001 - 2003 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга

 2004 - 2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд

2006 - 2008 онд Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлд зөвлөх

2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

 2008 - 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд

 2008 - 2014 онд Ардчилсан намын дарга

2008 онд Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн дарга

2012 - 2014 онд Монгол Улсын Ерөнхий сайд

2012-2016 Монгол Улсын Их Хурлын гишүүн

2015- оноос “Хөгжил -Ардчилал” ТББ-ын тэргүүнээр тус тус ажиллаж байна.

Ц.Элбэгдоржийн зарлигийг Х.Баттулга хүчингүй болгов

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үдсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж заасныг баримтлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 176 дугаар зарлигийг хүчингүй болгов. Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах” тухай заалтыг баримтлаагүй нь хуульд нийцээгүй тул энэхүү зарлигийг хүчингүй болголоо. Уг зарлигийг хүчингүй болгосноор Зэнээмядарын Батбаяр нь Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг АН эсэргүүцлээ

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал нэлээд олон сар яригдаж байгаа. Энэхүү өөрчлөлтийг Ардчилсан намаас эсэргүүцэж, "Өнөөгийн парламентад хэт олонхийг бүрдүүлж буй эрх баригчид Үндсэн хуульд хууль бус аргаар халдаж, хэт олонхидоо эрдэн хүч түрэн өөрчлөлт оруулах алхмуудыг хийж эхэллээ” хэмээн өчигдөр мэдэгдэл гаргав.

М.Даваажаргал: Миний хувьд 14 дэх өдрийн барилдаан хамгийн хүнд байлаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнд түүхэн амжилт үзүүлсэн Хакүхо М.Даваажаргал өчигдөр эх орондоо ирлээ. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд 19:30 цагт буусан юм. Түүнийг гэр бүл, найз нөхөд, ах дүү  сумо сонирогчид угтан авсан юм. Онгоцноос буугаад тэр даруйдаа хэвлэлийнхэнтэй уулзалт хийжээ.Уулзалтын үеэр Хакухо М.Даваажаргал "Дээд зиндаанд Японы домогт аварга Чиёонофүжи, Монголчуудын хайртай озэки Кайо нарын дээд амжилтыг шинэчлэн ноён оргилд нь гарсны дараа эх орондоо ирсэндээ их баяртай байна. 

Миний хувьд 14 дэх өдрийн барилдаан хамгийн хүнд байлаа.   Учи нь нэг том давааны ард гарсан гэдэг утгаараа ханасан байсан. Гэхдээ 39 дэх түрүүгээ аваад эх орондоо харихын тулд өөрийгөө дайчлан дэвжээн дээр гарсан" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

Байгалийн гамшигт үзэгдэл болж эрдэнэт хүний амь эрсдэв

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутагт багийн нутгаар энэ сарын 24-ны өдрийн 17:58 цагаас 18:10 цагийн хооронд салхины хурд 28 м/с хүрч ширүүсэн, аадар бороо, 2.5-4.0 см-ийн голчтой  мөндөр орж байгалийн гамшигт үзэгдэл боллоо. Энэхүү гамшигт үзэгдлийн үеэр хоёр хүүхэд мөндөрт цохиулж хөнгөн гэмтэн эмнэлгийн тусламж авсан юм. Мөн 20 айл өрхийн гэр нурж, 10 аж ахуйн нэгж, байгууллагын барилгын цонх хагарч, 64 байшингийн дээвэр мөндөрт цохигдон цөмөрч, салхинд хийссэн. 149 автомашины салхины шил, гэрлэн дохио хагарч, автомашины төмөр хийц мөндөрт цохигдон хонхойж, цахилгаан дамжуулах 0.4 кВт-ын 10 шон унасны улмаас 610 орчим айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын 2100 гаруй хэрэглэгчийн цахилгаан тасарч, үр тариа, төмс хүнсний ногоо тариалсан 300 орчим га талбай мөндөрт цохигдсон юм.

Түүнчлэн энэ сарын 25-ны өдөр түр зуурын борооны дараах үерээс болж СХД-ийн 21-р хороо, Жаргалант тосгонд  гурван хүний амь нас эрсдэж, долоон айл орон гэргүй болсон байгалийн гамшигт үзэгдэл болов. Одоогоор хохирлын хэмжээг тогтоогоогүй байгааг албаныхан хэлж байна. Үерийн улмаас сүмийн цуглаанд очоод буцаж явсан хүүхдүүд үерийн усанд боогдож нэг хүүхэд амиа алдаж, нэгэн эмэгтэй эсгийнд ороогдсон байдалтайгаар амьсгал хураасан байсныг онцгойгийнхон олжээ. Түүнчлэн таван настай охины цогцсыг аврагчид зургаан цаг орчим хайсны эцэст олсон юм.

М.Анхцэцэг Ази тивийн хошой аварга боллоо

Хүндийн өргөлтийн залуучуудын АШТ Непал /Балба/ улсад эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Монголын туйванч охидууд түүхэн амжилт үзүүлээд байгаа юм.

Тухайлбал, Азийн залуучуудын аварга М.Анхцэцэг энэхүү тэмцээнд /75кг/ гурван алтан медаль авч Ази тивийн хошой аварга болсон бол Э.Билэгсайхан -90 кг-ын жинд нэг алт, 2 мөнгөн медаль хүртэж бахдам амжилт гаргалаа. Мөн 63 кг-д өрсөлдсөн ОУХМ Г.Ануужин 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн бол ОУХМ Б.Энхтамир шагналт тавдугаар байрт орлоо.

Монголын баг тамирчдыг шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулан оролцож байна. Мөн шүүгчээр Р.Одбаяр, Л.Одгэрэл нар ажиллаж байгаа аж.

Ханхөхий хайрханы тэнгэрийн тайх ёслолын хөтөлбөртэй танилцана уу

Төрийн тахилгат Ханхөхий хайрханы тэнгэрийг тайх ёслол өнөөдөр болж байна. Шашин төрийг хослуулсан энэ арга хэмжээнд Төрийн тэргүүн очдог. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд оролцох төрийн элч төлөөлөгчдийн тэргүүнээр УИХ, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэнг томилсон. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд:

Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан,

Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Насанбат,

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа,

Төрийн ёслолын албаны дарга Х.Жанцан,

Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц, болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөллийг оролцуулахаар болжээ.

Ханхөхий хайрханы тэнгэрийг тайх ёслолын дараа баруун бүсийн “Увс хурд-2017” хурдан морины уралдаан зохион байгуулахаар орон нутаг хөлтэй бэлджээ.

Тахилгын ёслол өнөөдөр 06.00-13.00 цагт Хан хөхий хайрханы овоон дээр болно. Дараа нь эрлийз морьдын гурван насны уралдаан болох юм. Маргааш хурдан морины уралдаан азарганы уралдаанаар эхэлнэ.

2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр

06:00-13:00 Хан Хөхүй хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслол /Хан Хөхүй хайрханы овоон дээр/

15:00 Эрлийз бага насны хурдан морины гараа

17:00 Эрлийз морьдын дунд насны хурдан морины гараа

19:00 Эрлийз морьдын дээд насны хурдан морины гараа

2017 оны 07 дугаар сарын 29-ны өдөр

6:00 Хурдан азарганы гараа

09:00-11:00 Баяр наадмын нээлт – Цагаан сүлд цэнгүүлэх ёслолын үйл ажиллагаа

9:30 Хязаалан насны хурдан морины гараа

11:00 Хүчит бөхийн барилдааны 1,2-ийн даваа

11:00 Сурын харвааны тэмцээн

13:00 Өсвөрийн бөхийн барилдааны 1,2-ийн даваа

13:00 Дааган насны хурдан морины гараа

17:00 Хүчит бөхийн барилдааны үргэлжлэл

17:00 Шүдлэн насны хурдан морины гараа

17:00 Эрлийз насны морь цоллох

21:00-24:00 Үдшийн цэнгүүн

2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр

7:00 Их насны хурдан морины гараа

Өндөрхангай сумын “Түмэн адууны баяр”-ын хөтөлбөр

2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр

09:00 Ташуур шүүрэх тэмцээн

Морь булгиулах тэмцээн

Хос морьтныг шалгаруулах

Унаганы уралдаан

Тамганы ёслол

11:00 Азарга, Даага, Шүдлэн, Хязаалан насны морь цоллох

11:00 Хүчит бөхийн барилдааны үргэлжлэл

12:00 Соёолон насны хурдан морины гараа

15:00 Хүндэт зочид гийчид, Өндөрхангай сумын Хүн эмнэлгийн 80 жилийн ойн төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлэх, бэлэг дурсгал гардуулах

16:00 Их нас, Соёолон насны морь цоллох

17:00 Хүчит бөхийн барилдааны шагнал гардуулах

19:00 Наадмын хаалтын ёслол тус тус болно.

“Сентерра гоулд”-ын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэр гарчээ

“Ноён Уулаа аваръя" ТББ нэхэмжлэлтэй, Ашигт Малтмал, Газрын Тосны Газрын Кадастрын хэлтэст холбогдох “Ашигт малтмалын газар 2015 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн 431. 372 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцсэн байна. 

Хоёр жил гаруй хугацаанд үргэлжилж байгаа энэхүү хэргийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаар тус шүүхээс дараах мэдээлэл ирүүллээ. 

"Даргалагч шүүгч: У.Бадамсүрэн,
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг удирдлага болгон Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэв" гэжээ. 

Өөрөөр хэлбэл, “Сентерра гоулд”-ын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргаад байна. Гэхдээ шүүхийн өнөөдрийн шийдвэрт  “Сентерра гоулд” давж заалдахаа мэдэгджээ. 

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны XXIII олимпиос манай 3 бөх медаль хүртлээ

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын зуны XXIII олимпийн наадам Туркийн Самсун хотод болж байна. Дөрвөн жил нэг удаа болдог уг наадамд дэлхийн 114 орны 3145 тамирчин спортын 21 төрөлд өрсөлдөж байгаа аж.

Чөлөөт бөхийн төрөлд манай улсаас Өвөрхангай аймгийн “Их монголын хүчтэн” дэвжээний дасгалжуулагч Э.Баттүшиг, олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатарын хамт гурван тамирчин оролцсоноос бүгд медаль хүртсэн бахдам амжилттайгаар эх орондоо ирэхээр болж байна.

Самсуны дэвжээнд эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Намдагдоржийн Эрхэмбаяр, 65 кг-д Дорждагвын Чинзориг нар мөнгө, 74 кг-д Ширэндэвийн Батбаатар хүрэл медаль хүртэв.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл