8o
Улаанбаатар хот
mobile menu

Эхчүүдийн талаас илүү хувь нь хүүхдээ хөхөөр хооллохоо больжээ

2017-07-31 16:14:03

Жил бүрийн наймдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Монгол Улс төдийгүй дэлхийн 170 гаруй орон “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд “Эхийн сүүгээр хооллолтыг хамтдаа дэмжицгээе” уриан дор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НЭМГ, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр зохион байгуулж байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад эхийн сүүгээр хооллолт буурсаар байгаа. 2010 онд нийт нялхсын 66 орчим хувь нь эхний 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байсан бол 2013 онд энэ үзүүлэлт 50 хүрэхгүй хувьтай болж хүүхдийн дундах өвчлөл ихэсчээ.

Ингэж буурах болсон нь олон шалтгаантай аж. Тухайлбал,

  • Гэр бүл болон ажлын байран дахь дэмжлэг туслалцаа муу,
  • Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний хууль бус импорт, иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл бүхий зар сурталчилгаа нэмэгдсэн,
  • Эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн зөвлөгөө тусламж хангалтгүй, цаашлаад нийгэмд ядуурлын түвшин тууштай буурахгүй байгаа зэрэг нь эхчүүд төрөөд удалгүй ажилдаа эргэн орохоос өөр аргагүй байдалд хүргэж байгаа аж.

“Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн энэ жилийн уриа агуулга нь эхийн сүүгээр хооллолтын дэмжиж ажиллах түншлэл, урт хугацааны хамтын ажиллагааны үндэс суурийг бий болгож, бэхжүүлэхэд чиглэгдэж байна. Дээрх уриалга, санаачлагыг дэмжиж үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлого, зорилт, арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих, хууль бус импортлогч нар болон далд сурталчилгаатай хамтран тэмцэх САЙН ДУРЫН үүрэг амлалтад нэгдэж байгаа аж.

Түүнчлэн, эхийн сүүгээр хооллолтод эмч, эмнэлгийн ажилчдын өгөх зөвлөгөө, дэмжлэг чухал болохыг тэмдэглэж, бүх аймаг дүүргийн жирэмсний хяналтын эмч, эх баригч, нярайн эмч, сувилагчдыг хамруулсан зайн болон танхимын сургалтуудыг энэ долоо хоногийн аяны хүрээнд төлөвлөжээ.

Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө төр, хувийн хэвшил, олон нийт, гэр бүл хамтдаа хүчин чармайлт гарган ажиллаж, ирээдүйн тогтвортой хөгжлийг авч явах эрүүл, саруул хойч үеийнхээ төлөө одооноос хөрөнгө оруулалт хийхийг зохион байгуулагчид уриалж байна .

Эхийн сүү бол хүүхдийн анхны дархлаажуулалт, цор ганц төгс зохицол бүхий хоол тэжээл байдаг. Эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн оюун ухааны хөгжлийг дэмжих бөгөөд оюуны итгэлцүүр (IQ)-ийг 3-4 оноогоор дээшлүүлдэг.

Эхийн сүүгээр хооллолт нь улс орны эдийн засагт шууд болон дам нөлөөтэй. Хүүхдийг эхийн сүүгээр хооллолсноор хүүхдийн өвчлөл багасч, улмаар тухайн улсын эрүүл мэндийн зардлыг бууруулах, мөн эхчүүдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх зэргээр үндэсний хөгжил цэцэглэлтэд чухал ач холбогдолтой.

Түүнчлэн хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь дан ганц ээжүүдийн ажил биш юм. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд, гэр бүлийн гишүүд, ажил олгогч нар, цаашлаад бодлого тодорхойлогчид зэрэг олон хүмүүс эхийн сүүгээр хооллолтыг хөхүүлэн дэмждэг,  урам зориг өгдөг байх хэрэгтэй.

Тиймээс эхийн сүүгээр хооллолтын үр өгөөжийг зөвхөн хүүхэд төдийгүй улс орнууд хүртэхийн тулд төрийн болон төрийн бус байгууллагууд, их, дээд сургууль, судалгааны хүрээлэн, бусад түнш байгууллагууд бүгд нэгдэн ажиллах шаардлагатай байна. Ингэхдээ эхийн сүүгээр хооллолтыг дэмжих улс төр, санхүү, хууль эрх зүй, олон нийтийн нөөц бололцоог зэрэг дайчилж чадвал, ээжүүд, хүүхдүүд, цаашлаад нийгэм тэр чигтээ үр өгөөжийг нь хүртэх болно. Улмаар хүүхдийг эхийн сүүгээр хооллолт нь 2030 он хүртэл хэрэгжүүлэх улс орон бүрийн Тогтвортой Хөгжлийн Зорилтуудад хүрэхэд чухал хувь нэмэр оруулна.

Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих нь 2030 он хүртэл хэрэгжүүлэх улс орон бүрийн Тогтвортой Хөгжлийн Зорилтуудад хүрэхэд чухал хувь нэмэр оруулна.

Тухайлбал: 
1, 8, 10-р зорилтууд нь ядуурлыг устгах, эдийн засгийн хөгжлийг дэмжих, тэгш бус байдлыг арилгахад чиглэнэ. Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг нэмэгдүүлснээр дэлхийн эдийн засагт жил тутам нэмэлт 302 тэрбум ам.долларын орлого буюу дэлхийн үндэсний нийт үйлдвэрлэлийн 0.5%-тай тэнцэх хувь нэмэр оруулах боломжтой.

2, 3-р зорилтууд нь өлсгөлөнг устгах, эрүүл мэндийг дэмжихэд чиглэнэ. Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн амь насыг аврах нэн чухал арга хэмжээ бөгөөд эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахад чухал хувь нэмэр оруулдаг. 

4-р зорилт нь боловсролд чиглэнэ. Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн оюун ухааны хөгжлийг дэмждэг бөгөөд дэлхий дахинд дэвшүүлсэн боловсролын зорилтуудад хүрэхэд хувь нэмэр оруулах боломжтой.

5-р зорилт нь жендэрийн тэгш байдлыг дэмжинэ. Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь жирэмслэлтийн хугацааг холдуулах, хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх, эмэгтэйчүүдийн ажлын байрны эрх зэрэг нийгмийн тэгш байдлыг хангах гол чухал асуудлуудтай салшгүй холбоотой.

12-р зорилт нь тогтвортой хэрэглээг дэмждэг. Хүүхдиийг эхийн сүүгээр хооллох нь эхийн сүүг орлуулагч үйлдвэрлэх эрэлт хэрэгцээг хязгаарлах бөгөөд эхийн сүү нь маш бага экологийн ул мөр бүхий нөхөн сэргээгддэг нөөц юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл