8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: С.Зоригийн хэргийн хяналтын шатны шүүх хурлын тов гарч, С.Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх зарлиг гаргасан өдөр

2017-07-31 18:30:00

Эрхэм уншигч та бүхэнд шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Энэ 7 хоногт таны төлөвлөсөн ажил бтэж, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүссэн ерөөе. Ингээд үдэш бүрийн энэ цаг мөчид учран золгодог “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨҮГ-ын захирал Б.Колягийн авлигалын хэрэг ил болсон уу

Батлан хамгаалахын яамтай холбоотой асуудал өнгөрсөн хугацаанд нэлээдгүй гарч ирсэн.  Тодруулбал өнгөрсөн дөрөвдүгээр сард Таван толгойн хээрийн сургуулилтын үеэр гранат дэлбэрч хоёр цэргийн албан хаагч нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Мөн үүний дараахан буюу өнгөрсөн зургадугаар сард Тавантолгойн сургалтын төвд тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын дунд зургаа дахь удаагийн марш тактикийн тэмцээн болсон тэмцээний үеэр бас нэг албан хаагч нас барсан хэрэг гарсан юм. Ийнхүү Тавантолгойн сургалтын баазад он гарсаар гурван албан хаагч амиа алдаад байгаа нь энэ.  Эх орныхоо төлөө тангараг өргөсөн  цэргийн албан хаагчид энхийг цагт амиа алдсаар л. Энэ бүхнээс харахад БХ-ын сайд Б.Бат-Эрдэнэд хариуцлага тооцох нь зүй ёсны хэрэг. Гэвч харамсалтай нь өнөөдрийг хариуцлага тооцох асуудал дуулдсангүй. Тэгвэл тус яамтай холбоотой нэг хэрэг сүүлийн үед дуулдаж эхэлсэн сурагтай. Эх сурвалжийн мэдээлснээр  “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨҮГ-ын захирал, хурандаа Б.Коля тус яамтай гэрээгээ шинэчлэхээр ирсэн ОХУ-ын албаны хүмүүст “Гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх мөнгийг БНСУ-д миний дансанд хий, мөнгө хийхгүй бол гэрээг сунгахгүй. Б.Бат-Эрдэнэ сайд надаар мөнгө нэхүүлсэн” гэжээ. 

Ажил гүйцэтгэгч ОХУ-ын албаны нөхдүүд энэ талаар АТГ-т гомдол мэдүүлсэн гэнэ. Тиймээс АТГ-аас Б.Коля хурандаагийн өрөөг лацдаад шалгаж эхэлсэн бололтой. Мөн Б.Коля Батлан хамгаалах яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын даргаар ажиллаж байхдаа ЗХЖШ-ын даргатай хамтраад хууль бус зэвсгийн наймаа хийсэн хэмээн шалгагдаж байсан удаатай аж. Энэ мэтчилэн “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨҮГ-ын захирал Б.Колягийн авлигалын хэрэг ил болсоор л. 

Түүнчлэн “МОННИС” группт зориулан техникийн тендер зарладаг "Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨҮГ-ын даргаар Б.Коля гэгчийн явсан газар болгон хууль зөрчигдөж байдаг талаар  хэвлэлд нэг биш удаа гарч байжээ. Б.Коля хүүгээ Бээжин дэх Элчин сайдын яамны цэргийн атташегаар томилуулсан сураг бас дуулдана. Энэхүү томилгоог нь Сайд Б.Бат-Эрдэнэ хийсэн гэсэн яриач гарчээ. Ийм муу нэртэй, авилгал нэхдэг нөхрийг албан тушаал дээр ахин дахин тавиад байдаг нь Б.Бат-Эрдэнэ аварга хувь хишиг хүртдэгийнх үү. Эсвэл Салбарын сайд нь үүнийг мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрч ирсэн үү. “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨҮГ-ын захирал, хурандаа Б.Коля гэхмэтчилэн хууль зөрчсөөр байх уу.

Сайд асан Н.Төмөрхүүг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилох уу

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын нэр яригдаж эхэлжээ. Тодруулбал Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын зөвлөх, “Өндөрбуянт холдинг”-ийн эзэн Н.Төмөрхүүг томилохоор болсон гэсэн мэдээлэл гарчээ.  Түүнийг энэ долоо хоногт багтаан томилох сурагтай. 

Н.Төмөрхүү 2012 оны сонгуулиар УИХ-д нэр дэвшиж байсан. Мөн Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Зам, тээврийн сайдаар ажиллаж байжээ.

Ерөнхийлөгч дөрвөн улсын удирдагчидтай уулзана

Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх аравдугаар сард ОХУ, БНХАУ, БНСУ болон Японы удирдлагуудтай ОХУ-ын Владивосток хотноо уулзахаар төлөвлөсөн байна. Тэрбээр дээрх орнуудын удирдагчдад хүсэлтээ илгээсэн бөгөөд нааштай хариу ирсэн аж. Энэхүү уулзалтын онцлог нь дээрх орнуудын 21 нас хүртэлх жүдо бөхийн тамирчид нэгэн дээвэр дор чуулж, спортоор дамжуулан, улс төрийн харилцаа холбоог шинэ түвшинд гаргахыг зорьж байгаа гэнэ.

Ийнхүү Азийн гурван том улс болон ОХУ-ын удирдлагуудтай уулзсанаар Х.Баттулга Ерөнхийлөгчийн гадаад харилцаа, геополитикийн хувьд авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа эхлэх юм байна.

Хяналтын шатны шүүх хурал энэ баасан гаригт болно

С.Зоригийг хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүх хурал энэ сарын 4-ний өдөр Улсын Дээд шүүхэд болохоор товлогдсон байна.  Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох энэ хэргийн эхний хоёр шатны шүүхийн шийдвэр гарч, тэдэнд 24-25 жилийн ял оноосон. 

 Харин Улсын Дээд шүүхийн хуралдаанаар өмнөх шатны шүүхүүдийн шийдвэрийг хянаж, эцсийн шийдвэрийг гаргах юм байна. 

Ерөнхийлөгч Х.Баттулга МУГТ С.Батцэцэгт Хөдөлмөрийн баатар цол хүртээх тухай зарлиг гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх тухай зарлиг гаргалаа.

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Бөхийн чөлөөт барилдааны түүхэнд шинэ хуудас нээж, монгол хүний эрдэм ухаан, тэвчээр хатуужлын гайхамшгийг үзүүлэн, эх орныхоо нэрийг сайнаар дуурсгасан гавьяа зүтгэлийг нь үнэлэн Зуны олимпийн наадмын хүрэл медальт, Бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн хошой аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатарын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор ийнхүү шагнахаар боллоо.

Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэг гадаадад бэлтгэл хийж байгаа тул түүнийг эх орондоо хүрэлцэн ирмэгц нь Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Хөдөлмөрийн баатарын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонг нь гардуулан өгөх юм байна.

АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж МЭДЭГДЭЛ гаргажээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдав. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг дараах тодорхой зарчмын байр суурийг илэрхийлж байна. Үүнд Үндсэн хууль нь ард түмэн, төр хоорондын суурь харилцааг зохицуулах дээд хууль мөн тул Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг бүх нийтээр хэлэлцүүлэн "Ард нийтийн санал асуулга"-ыг явуулж, тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Мөн төрд итгэх түмний итгэлийг дээдлэн, төрийн албыг 60 тэрбумаар арилжаалж, төрийн эсрэг гэмт хэрэг өдүүлсэн этгээдүүдэд хариуцлага тооцож байж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх нь төрийн ёс зүйд нийцнэ хэмээн үзэж байна. Түүнчлэн Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлуудыг өргөн хүрээнд хамруулах шаардлагатай гэж үзэж ажлын хэсэг байгуулан, намын гишүүд дэмжигчдийн оролцоог хангаж, Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хороогоор хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Түймэр унтраахаар явсан иргэдийн машин онхолджээ

Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн нутаг Устын ам гэдэг газарт цурман дотроо асч байгаа түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байсан Гурванбулаг, Рашаант сумын иргэд автомашины осолд орсон байна.

Тодруулбал, гурванбулаг сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагч  таван хүн УАЗ фермер машинтай осолдож, хоёр хүнийх нь биеийн байдал хүндэвтэр, гурав нь хөнгөн гэмтэл авчээ. Одоогийн байдлаар осолд орсон хүмүүсийг гэмтлийн эмнэлэгт хүргэн эмчлүүлж байгаа аж. Мөн Рашаант сумаас уг түймэрт ажиллаж байсан машин онхолдож сууж явсан хоёр хүн нь азаар гэмтээгүй байна.

Даншигийн тасалбарыг үнэгүй тараана гэв

Гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин соёлын наадмын наадмын нээлт наймдугаар сарын 5-ны 11.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд эхлэх бөгөөд наадмын арга хэмжээ хурал номын зан үйл болон, хурдан морь, хүчит бөхийн барилдаанаар таван өдөр үргэлжлэх юм байна.

Энэхүү наадмыг өмнөх жилүүдэд Хүй долоо худагт зохион байгуулсан бөгөөд асар, майхан байрлуулах зэрэг ажилд төсөв их зарцуулдаг байсан учир энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болсон байна. Энэ жилийн наадмыг 3-4 мянган гадаадын жуулчин ирж, үзэж сонирхоно гэсэн мэдээлэл байгаа аж. Даншиг наадмын тасалбарыг наадам эхлэх өдөр үнэ төлбөргүй тараах бөгөөд зохион байгуулалтыг цэгцтэй байлгах үүднээс тасалбарыг олгож буй юм байна. Иймд иргэдийг тасалбарт зааж өгсөн дугаарын дагуу суудалдаа суухыг зохион байгуулагчид хурлын үеэр уриалж байна.  

"ДАНШИГ НААДАМ-ХҮРЭЭ ЦАМ 2017" НААДМЫН ХӨТӨЛБӨР

08 дугаар сарын 03-ний өдөр, Пүрэв гараг

15:00-17:00 Жахар хот мандал, Балин тахил, баг Адислагаа хурах /МБШТөв Гандантэгчэнлин хийдэд/

08 дугаар сарын 04-ний өдөрБаасан гараг

09:00-18:00 Хүрээ жахар цамын хурал хурах,Дотоод цам харайна. /МБШТөв Гандантэгчэнлин хийдэд/

08 дугаар сарын 05-ны өдөр, Бямба гараг

09:00-18:00, 21.00-07.00 Хүрээ жахар цамын хурал хурах.Дотоод цам харайна. /МБШТөв Гандантэгчэнлин хийдэд/

09:00-20:00 Аялал жуулчлалын үзэсгэлэн /Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд/

11:00-19:00 “Монголын гайхамшигт урлаг” 9 дүүргийн ардын авъяастнуудын урлагийн тоглолт, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн соёлын өвийн “Дэлхийн өв-Монгол соёл” үзэсгэлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднаталбайд

10:00-11:00 Сүсэгтэн олонд зориулсан ном айлдана. /Итгэл, Ганданлхавжаа, Ногоон дарь эх, Цагаан дарь эх/ Цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

11:00-11:10 “Даншүг наадам-Хүрээ цам”-ын нээлтийн ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

11:10-11:25 Соёмбот туг залах ёслол Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

11.25-11:35 Мандал өргөнө Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

11.35-11:45 Өндөр Гэгээний “Цагийг тохинуулагч залбирал” бүх нийтээр унших Төв цэнгэлдэх хүрээлэн,цамын талбайд

11:45-13:00 Очирваани шүтээний тахилга /Тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн,цамын талбайд

13:00-14:30 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

13:10-14:00 Лам нарын тэмцээн. Унзад, голч нарын тэмцээн/тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн,тусгайлан зассан талбайд

14:00-15:00 Лам нарын тэмцээн. Ном хаях, мэтгэлцэх /тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэнд, тусгайлан зассан талбайд

13:00-15:00 Лам нарын тэмцээн. Балин болон тосон урлалын тэмцээн/тусгай хөтөлбөпөөо/

Төв цэнгэлдэх хүрээлэн, тусгайлан зассан талбайд

14:30-15:00 Урлагийн тоглолт /Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын "Colors of Mongolia” тоглолт/

15:00-16:30 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

16:30-17:00 Урлагийг тоглолт /Нийслэлийн Улаанбаатар чуулгын "Colors of Mongolia”  тоглолт /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

17:00-18:00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

18:00-19:00 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

Төв цэнгэлдэх хүрээлэнд

17:00-18:00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд

18:00-19:00 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

08 дугаар сарын 06-ны өдөр, Ням гараг

09:00-20:00 Аялал жуулчлалын үзэсгэлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд

11:00-19:00 “Монголын гайхамшигт урлаг” 9 дүүргийн ардын авъяастнуудын урлагийн тоглолт, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн соёлын өвийн “Дэлхийн өв-Монгол соёл” үзэсгэлэн Төв цэнзэлдэх хүрээлэнгийн гадна талбайд

08:00-08:30 Бурхан багшийн Ринсрэл залах ёслол/тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

08:30-09:00 Өндөр гэгээний маани татах/тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

09:00-15:00 Хүрээ Цам харайх ёслол, Жахар цамын хурал/тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

15:00-16:00 Хүчит бөхийн барилдаан тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд

16:20-17:00 Хүчит бөхийн барилдаан Зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд

17:20-18:00 Хүчит бөхийн барилдааны Долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд

18:00-18:20 Хүчит бөхийн барилдааны наймын даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд

18:20-18:40 Даншүг наадам-Хүрээ цамын Үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдэд Даншүгийн цол үнэмлэх олгож, шагнал гардуулах, лам хуврагуудын тэмцээнд түрүүлж, удаалсан лам нарт шагнал гардуулна.Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

18:40-18:50 “Даншүг наадам- Хүрээ цам”-ын хаалтын ажиллагаа Цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

18:50-19:00 Запбирал ерөөл айлдах /тусгай хөтөлбөрөөр/ Цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

08 дугаар сарын 07-ны өдөр, Даваа гараг

08:00:13:00 Хүрээ жахар цамын хурал хурах, Гомбо, Чойжоо сахиус тахиж, Данраг хурна

Зүрхний гажигтай хүүхдүүдийг мэс заслын хөтөлбөрт хамруулна

Солонгос улсын Данвон эмнэлэгийн зүрх судас, дотор, нуруу нугас, мэдрэлийн нарийн мэргэжлийн эмч нар Баянхонгор аймагт үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийхээр болжээ. Тэрбээр ирэх намйдугаар сарын 07,08-ны өдрүүдэд аймгийн Эрүүл мэндийн газрын байранд хийх аж.  Мөн зүрхний гажигтай хүүхдүүдэд хагалгаа хийх хөтөлбөрт хамруулна.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нийт ард түмний хэлэлцүүлэг эхэллээ

Үндсэн хуульд  оруулах нэмэлт өөрчлөлтийн хүрээнд ард нийтийн хэлэлуүүлэг өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Үүнээс урьд зөвлөлдөх санал асуулгыг  санамсаргүй түүврийн аргаар сонгосон 1500 хүний дунд зохион байгуулж, эндээсээ Үндсэн хуульд оруулах зургаан чиглэлийн өөрчлөлтийг тогтоод байгаа билээ.  Одоо эхэлж буй ард нийтийн санал асуулгаар энэ зургаан сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ гэж буй.

Өнөөдрөөс эхэлж буй энэ санал асуулгад Монгол Улсын  18 нас хүрсэн бүх иргэнийг идэвхтэй оролцохыг уриалж байгаа.

Аймаг, сум, баг, хороо бүрт харилцан адилгүй цаг хугацаанд хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн бөгөөд есдүгээр сарын 5 гэхэд бүх нэгжээс саналыг албан ёсоор авч нэгтгэн, есдүгээр сарын 10 гэхэд УИХ-д өргөн мэдүүлэхээр товложээ. Түүнчлэн баг, хороодын хэлэлцүүлэгтээ оролцож амжаагүй хүмүүс онлайнаар болон шуудангаар саналаа илгээж болох ажээ.

Хэлэлцүүлэгт зөвхөн Монгол Улсын иргэд оролцоно. Гадаадад ажиллаж амьдарч буй иргэд саналаа http://forum.parliament.mn цахим хаягаар өгч болох юм.

Өнөөдрөөс эхэлж буй энэ хэлэлцүүлгийн сэдэв ганцхан Үндсэн хууль, түүний заалтууд байх бөгөөд өөр бусад хуулийн талаарх саналыг хүлээн авах боломжгүй юм.

Энэ оны тавдугаар сарын 25-ны өдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-д өргөн мэдүүлсэн. Тэрбээр төсөл өргөн барих үеэрээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь дараах хүрээг хамарч байгааг дурдсан. Үүнд:

-Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах;

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох;

-Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх;

-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх;

-Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах;

-Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох гэсэн үндсэн хүрээг хамарч байна.

Эцэг хуулиа өөрчлөхөд иргэн бүрийн санаа оноо чухал бөгөөд бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдгийг санах учиртай байх.

Өсвөрийн шатарчид Азийн АШТ-ээс 3 алтан медаль хүртжэ

Шатрын сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улс багийн дүнгээр 3 алт, 1 мөнгө, 3 хүрэл нийт 7 медальтайгаар тавдугаар байрт шалгарлаа.

Рапид төрөлд:

Б.Ганзориг (9 нас)-Алтан медаль
Н.Цогзолмаа (13 нас)- Мөнгөн медаль
Д.Цэлмүүн (7 нас), Д.Чингүн (9нас), А.Аззаяа (9 нас), Т.Баян-Очир (11 нас) нар- 4-р байр

Стандарт төрөлд:

Б.Ерөөлтэй (7 нас)- Алтан медаль
Д.Цэлмүүн ( 7 нас)- Алтан медаль
А.Аззаяа ( 9 нас)- Хүрэл медаль 
Б.Соронзонболд (9 нас), З.Хулан (9нас), Н.Цогзолмаа (13 нас) нар- 4-р байр

Блиц төрөлд:

Б.Ганзориг (9 нас)- Хүрэл медаль
Н.Цогзолмаа (13 нас)- Хүрэл медаль 
Б.Энэрэл ( 7 нас)- 4-р байр 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Дондог
Хурдан морь нь хаана уралдах юм бэ Энэ\д ямар ч мэдээлэл алга
2017/08/01 202.55.191.102