Хүүхэд байхад ээж аав, эмээ, өвөө элдэв муу зүйл сонсож, дуулахаар “Төрийн минь сүлд өршөө хэмээн уулга алдаж маани хөгжөөж суудагсан. Тухайн үед “төрийн минь сүлд өршөө” гэх энэ үгийг сонсоод төр тийм л их айхтар уурлаж, хилэгнэдэг юм байхдаа гэж бодогдож байсан юм. Өнөөдөр харахад төр хилэгнэдэггүй, уурладаггүй юм байна. Харин төрт ёс, улс төр, төрийн хүн байх, төр барилцах нь ихээхэн том, үүрэг хариуцлага, ёс зүй, ар иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэгтэй, гүйцэтгэх алба, улс эх орны толгой, оройн дээд аж. Гэтэл сүүлийн үед төрд хэн шургалчихсан юм бэ. Үгүй ээ, төрийг ямар хүмүүс барилцаад байгааг харуулсан ичгэвтэр, ёсзүйгүй, хариуцлагагүй, хууль зөрчсөн, бусармаг үйлдэл удаа дарааллан гарч байна. Нэг үгээр хэлбэл төрийн хүн байх эрхгүй, чадваргүй, ёс зүйгүй албатууд төрд гарч ёстой л нэг монголын төрийг “самарч” сууцгаана.
Нэг үгээр хэлбэл төрийн хүн байх эрхгүй, чадваргүй, ёсзүйгүй албатууд төрд гарч ёстой л нэг монголын төрийг “самарч” сууцгаана.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд улаан махны хэрэг буюу УИХ-ын гишүүн Д.Гантулгын холбогдсон хүчингийн хэрэг юм. Энэ хэрэгт холбоотой хүмүүс удаа дараалан мэдээлэл хийлээ. Үүнээс хамгийн ичгэвтэр, өмнөөс нь ичмээр мэдэгдэл нь Д.Гантулга гишүүний мэдэгдэл юм. Тэрбээр энэ мэдэгдлээ төрийн ордонд хийсэн. Ингэхдээ“хэрэг гардаг өдөр би хэргийн газар байсан. Хохирогчийн гэрт хоносон нь үнэн гэхдээ намайг гүтгэж байна” хэмээн энхийн цагаан тагтаа адил төрийн ордны хойморт зогсож байгаад мэдэгдсэн. Энэ үеэр сэтгүүлчийн асуусан “таны дотуур хувцас хэргийн газраас олдсон гэсэн. Үүнд ямар талбайр хийх вэ” гэсэн асуултад тэрбээр “Үгүй ээ. Би өглөө өмсөөд гарсан” хэмээн хэдхэн секундын доторх нэг амаар 2 өөр зүйл ярьж олны дургүйцлийг хүргэв. Энэ бол хамгийн сүүлийн жишээ. Үүнээс өмнө УИХ-ын зарим гишүүд чуулган дээр согтуу ирэх, чихэр, боов боорцогхон идэх, хүний кноп дарж гүйх, төрийн ордонд архи, тамхи хэрэглэж секс ярих гэх мэт ёс зүйгүй үйлдэл гаргасаар ирсэн. Энэ бүх үйлдэлд Ёс зүйн дэд хороо хяналт тавьсан уу.
Ёс зүйн дэд хороо угтаа бол УИХ-ын гишүүдийн гаргасан ёс зүйгүй үйлдэлд хяналт тавьж, шаардлагатай үед УИХ-д мэдүүлж арга хэмжээ авч ажиллах үүрэгтэй. Гэтэл энэ хороо өнөөдрийн хүртэл гишүүдийн гаргасан ёс зүйгүй үйлдэлд хариу дугарсан удаа нэг ч алга. Товчхондоо Ёс зүйн дэд хороо ажлаар хиймээр байна.
Нүүр улайх, өмнөөс ичих хэрэг гарах бүрт иргэд уурлаж, бухимдаж, өмнөөс нь ичиж ирсэн. Харин УИХ-ын гишүүдийн ёс зүйгүй үйлдэлд хэн ч хариуцлага тооцох, авч хэлэлцэх тухай ярьсангүй. УИХ-ын гишүүн нэг удаа ёс зүйгүй үйлдэл гаргалаа. Ёс зүйн дэд хороо дугарсангүй. Дахиад гишүүд ёс зүйгүй аашилж, авирлана. Тэд мөн л дуугарсангүй. Сүүлдээ УИХ-ын гишүүн хүүхэн хүчиндсэн, хүчиндээгүй, дотоожны асуудлаа төрийн ордны хойморт хээв нэг яриад зогсоход та нар мөн л дугарсангүй. Ёс зүйн дэд хороо ямар үед дугарах ёстой юм бэ. Эх орны чинь хойморт, хууль баталж хэрэгжүүлэх төрийн ордонд гишүүд энэ мэт ёс зүйгүй үйлдэл гарсаар байг уу Ёс зүйн дэд хорооныхон.
Д.Болор