Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2015 оны 02 дугаар сарын 24-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүн, Сангийн сайд байхдаа 25 суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцож байв. Тус нэвтрүүлгийн үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэхдээ “Би орон сууцтай болж амжаагүй байгаа. УИХ-аас орон сууцны дэмжлэг үзүүлдэг гэсэн, үзүүлээгүй.Ээжийнхээ байранд амьдардаг. Ингэж хэлэхээр хүмүүс худлаа хэлж байна гэж хэлэх байх. Гэхдээ би худлаа яриагүй бодит үнэнээ хэлж байна. Худлаа ярьж чаддаггүй” хэмээн хэлж байв.
Гэтэл хоёр жилийн дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хөрөнгө огцом өсөв. Өнгөрсөн сарын сүүлээр УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2016 оны хөрөнгө орлогын товч мэдүүлгийг АТГ цахим хуудсандаа нийтэлсэн. Тус ХОМ-оос харахад 2016 онд нийт 194 сая төгрөгийн орлого олсон гэж мэдүүлсэн байна. Хоёр жилийн өмнө ээжийнхээ байранд ээжтэйгээ хамт амьдардаг хэмээн ярилцлага өгч байсан гүйцэтгэх засаглалын тэргүүн гурван орон сууцтай хэмээн мэдүүлсэн байна. Үүнээс гадна нэг барилга эзэмшдэг гэжээ. Өөрийн гэсэн байр орон сууцгүй айлаар байсан эрхэм гишүүн нэг биш нэлээд хэдэн байртай болжээ. Үүнээс гадна Ерөнхий сайд 309 сая төгрөгний бүхий Toyota Land Cruiser 105- 1, Toyota, Highlander- 1, Lexus,570 маркын автомашинтай хэмээн мэдүүлжээ. Түүний хөрөнгө үүгээр ч зогсохгүй. Эрхэм гишүүний нэрэн дээр эрдэнэт мал сүрэг ч мөн бий. Тодруулбал, үхэр-82, Адуу-18, Хонь-240, Хурдан удмын адуу-1. Нийт дүн 162 сая төгрөгний өртөг бүхий мал сүрэгтэй. Жирийн нэг малчин иймэрхүү хэмжээний малыг 3-4 жилийн хугацаанд маллаж байж өсгөж үржүүлнэ. Томоохон албан тушаал хашсан сүүлийн жилүүдэд Ерөнхий сайдын хөрөнгө нэлээд өсчээ. Ингээд Ерөнхий сайдын бэл бэнчин сүүлийн хоёр жилд хэрхэн өссөнийг та дараах мэдээллээс үзнэ үү.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2015 оны ХОМ
-Жилийн орлого-99 сая
-Орон сууц-3
Тээврийн хэрэгсэл:
-Автомашин-3 / Toyota Land Cruiser 105- 1, Toyota, Highlander- 1, Lexus,570/
-Хадгаламж: 21,952 сая төгрөг
Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт
-Сүүтэй ХХК,
- Хэрх-Илч ХХК,
-Хэрх-Өргөө ХХК,
-Гүн сан эрдэнэс ХХК
Жилийн орлого: 194 сая
Орон сууц: 3
Тээврийн хэрэгсэл:
Автомашин-3 / Toyota Land Cruiser 105- 1, Toyota, Highlander- 1, Lexus,570/
Мал аж ахуй: үхэр-82, Адуу-18, Хонь-240, Хурдан удмын адуу-1. Нийт дүн 162 сая төгрөг
Эзэмшдэг газар 700м2-1.
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл -71 сая төгрөг.
Хадгаламж -74 сая төгрөг.
Зээл -“Гүн сан эрдэнэс” ББСБ-аас 80 сая төгрөгийн зээл авсан хэмээн мэдүүлсэн байна.
Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт
1. "Сүүтэй" ХХК. Тус компанийн 30 хувийг эзэмшдэг.
2. "Хэрх-Илч" ХХК, хувьцааны тоо 20 ширхэг. Тус компанийн 50 хувийг эзэмшдэг.
3. "Хэрх-Өргөө" ХХК-ийг 100 хувь эзэмшдэг.
4. "Гүн сан эрдэнэс" ХХК-ийн 25 хувийг эзэмшдэг.
5. "Талын агт" ХХК, хувьцааны тоо 2229 ширхэг бөгөөд тус компанийн 50 хувийг Ерөнхий сайд эзэмшдэг. Түүний хувьцааны нийт үнэлгээ 562 сая төгрөг аж.
Дээр дурдсан мөнгөн дүнг нэгтгэвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон түүний гэр бүлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө нийлээд 1 тэрбум 622 сая төгрөг байна. Ж.Эрдэнэбатын 2016 оны ХОМ-ийг нэг жилийн өмнөх буюу 2015 онтой харьцуулахад, гэр бүлийн жилийн орлого 104 саяаар өсч, хадгаламжийн мөнгө 52 сая төгрөгөөр өссөн байна. Мөн үүнээс гадна адуу мал, үнэт эдлэл ч мөн өсчээ Мөн үүнээс гадна 2015 онд дөрвөн компанийн хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлсэн бол нэг жилийн дараа буюу өнгөрсөн жилийн ХОМ-д нэг компани шинээр нэмэгдсэн байна. Тодруулбал, "Талын агт" ХХК-ны 50 хувийг эзэмшдэг мэдүүлсэн байна. Тус компанийн хувьцаа нь 562 сая төгрөгний үнэ бүхий хэмээн хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ мэдүүлжээ. Энэ мэтчилэн албан тушаал ахих тусам түүний орлого шат шатаар ахисан байна.
Тэрбээр нягтлан бодогчоос Ерөнхий сайд хүртэлх албан тушаалыг хашихдаа иймэрхүү хэмжээний хөрөнгөтэй болжээ Түүний ажилласан жилээс харахад 1997 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй төрийн байгууллага болон төрийн өндөр албан тушаалд томилогдон ажиллажээ. 1997 оноос өнөөдрийг хүртэл 20 жилийн хугацаанд нэг ч удаа хувийн байгууллагад ажиллаж байгаагүй аж. Хэнд эрх мэдэл байна, тэр хүн юу дуртайгаа, бүр хуулиас гадуур ч зүйлийг хийж болдог болсон цаг. Нэг үгээр хэлэхэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “төрөөс төрсөн тэрбумтан”-уу.
1996-1997 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Сүүтэй" ХХКомпанид нягтлан бодогч
1997-2000 онд Сэлэнгэ аймгийн Хянан шалгах хороонд байцаагч
2000-2004 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга
2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч
2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
2008-2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг дарга
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байгаа.
Ерөнхий сайд энэ их хэмжээний мөнгийг сүүлийн жилүүдэд хэрхэн хураасан бэ?. Өнөөдрийн байдлаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын цалин 1,976,000 төгрөгний цалинтай. Доллараар бодвол 1000 хүрэхгүй л долларын цалинтай хүн. Гэхдээ албан тушаал байхад энэ хэмжээний мөнгийг хурааж болдог бололтой. Харин тэр нэвтрүүлэгт оролцохдоо байргүй гэж хэлсэн мөртлөө 2015 оны ХОМ-т гурван орон сууцтай хэмээн мэдүүлсэн байна. Эсвэл маш богинохон хугацаанд гурван өрөө байртай болов уу.