8o
Улаанбаатар хот
mobile menu

Цахим бүртгэлд 15725 хүүхэд бүртгүүлжээ

2017-08-02 17:55:00

Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт шинээр хамрагдах хүүхдүүдийг бүртгэх цахим бүртгэл долдугаар сарын 24-нд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар цахим бүртгэлд 15725 хүүхэд бүртгүүлжээ. Энэ жил улсын хэмжээнд шинээр цэцэрлэгт хамрагдах буюу 2 настай хүүхэд 34000 гаруй байгаа. Нийт цэцэрлэгийн хүчин чадлаас хамаарч 12000 гаруй хүүхдийг сугалаагаар шинээр элсүүлэх боломжтой гэдгийг Нийслэлийн боловсролын газраас мэдээлсэн. Нийслэлийн хэмжээнд 2 настай хүүхдүүдийн 70 хувийг цэцэрлэгт хамруулах аж.

Цахим бүртгэлээр зөвхөн хоёр настай хүүхдүүдийг бүртгэнэ. Цахим хэлбэрээр хүүхдээ бүртгүүлэх боломжгүй иргэд байвал наймдугаар сарын 10-наас цэцэрлэгүүдэд цахим бүртгэл хийж өгөх туслах арга зүйч эцэг, эхчүүдэд туслаж ажиллах юм. “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа наймдугаар сарын 25-ны өдөр 10:00 цагт бүх цэцэрлэгт нэгдсэн журмаар зохион байгуулагдана. Цэцэрлэгт шинээр хамрагдах хүүхдүүдийг бүртгүүлэхийн тулд иргэд 2017 оны 07 дугаар сарын 24-нөөс 2017 оны 08 дугаар сарын 24 -ний өдрүүдэд http://www.tsetserleg.ulaanbaatar.mn тусгай цахим хуудаст хандаж, хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулна.

Энэ нь Улсын бүртгэлийн газар дахь иргэдийн бүртгэлийн сан дээр тулгуурлан явагдаж байгаа тул тухайн хүүхдийн регистрийн дугаарыг хийхэд аль дүүргийн хэддүгээр цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл автоматаар гарч ирнэ. Харин өмнө нь цэцэрлэг хамрагдсан 3-5 насны хүүхдүүд болон зорилтот бүлгийн хүүхдүүд уламжлалт аргаараа цэцэрлэг дээрээ наймдугаар сарын 21-нд бүртгэлээ хийлгэнэ.

•2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэж байгаа хүүхдийн бүртгэл цахим хэлбэрээр 2017 оны 07 дугаар сарын 25-ний өдрөөс 08 дугаар сарын 24 -ний өдрийн хооронд зохион байгуулна.

•Өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан болон тухайн цэцэрлэг 3-5 насны хүүхдийг шинээр элсүүлэн авах бол бүртгэлийг 2017 оны 08 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд уламжлалт аргаар зохион байгуулна.

•Тухайн цэцэрлэг онцлог, ачаалал зэргийг харгалзан зорилтот бүлгийн хүүхдийг 20 хүртэл хувиар тооцож нэмж элсүүлж болох бөгөөд бүртгэлийг 2017 оны 08 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд уламжлалт аргаар тус тус зохион байгуулна.

2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчийн 223 цэцэрлэгийн 346 бүлэгт 11549 хүүхдийг шинээр элсүүлэн сургах юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл