8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Ерөнхийлөгч 60 тэрбумын асуудлыг дахин сөхөж, С.Батцэцэг Хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялаасан өдөр

2017-08-02 18:29:00

Амьдралд ганцхан тохиолддог, гэхдээ эргэж ирдэггүй гурван зүйл

            Үг, боломж, цаг хугацаа

Амьдралд бүрэн баталгаатай байж чадахгүй гурван зүйл

           Зүүд, амжилт, аз

Амьдралд гайхамшигтай хүн болгодог гурван зүйл

            Нөр хөдөлмөр, чин сэтгэл, амжилт

Амьдралд хамгийн үнэ цэнэтэй гурван зүйл

            Хайр сэтгэл,өөрийгөө хүндлэх, хүндлэл, найз нөхөд

Амьдралд алдаж болохгүй гурван зүйл

                Энх тайван, итгэл найдвар, шударга чанар

Хүний хөнөөдөг гурван зүйл

            шунал, бардамнал, уур хилэн

Хамгийн хамгийн гэх тодотголтой сайхан үгсийн хамт эрхэм уншигч танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг“Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Жирийн нэг төрийн албан хаагч "саятан" болж болох уу

2017 онд Авлигатай тэмцэх газарт нийт 242 албан тушаалтны хөрөнгө, орлогоо мэдүүлэх ёстойгоос албан үүргээ гүйцэтгэж буй 239 албан тушаалтан мэдүүлгээ өгсөн байна. Энэ удаагийн ХОМ-ээс харахад төрийн өндөр албан тушаалтнаас гадна аймгуудын Засаг дарга нарын ХОМ  нэлээд олны анхаарлыг татаж байгаа. Тодруулбал, Албан тушаалтнуудын ХОМ-ын мэдүүлгээс жишээ татахад  Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр 940 сая төгрөгний үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлэг өгсөн бол, жилийн 253 сая төгрөгийн орлогоороо Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, 440 сая төгрөгийн хадгаламжаараа Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар тэргүүлсэн байна. Харин хамгийн олон малаараа Нийслэлийн Засаг дарга С.Батболд тэргүүлжээ.  С.Батболдын хувьд  бод, бог нийлсэн 1,095 малтай аж. Үүнээс хурдан удмын 22 адуутай хэмээн мэдүүлсэн байна. Засаг дарга нарын бэл, бэлчинг захаас нь  сонирхуулахад нэг иймэрхүү байна. Бид энэ удаад 440 сая төгрөгийн хадгаламжаараа тэргүүлж байгаа Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшингийн талаар мэдээллийг хүргэж байна.

Төмөртогоогийн Энхтүвшин нь Дорноговь аймгийн Сайншанд суманд 1973 онд төрсөн. Эхнэр  хүүхдүүдийн хамт амьдардаг. Эрх зүйч, нягтлан бодогч мэргэжилтэй.  Түүний хувьд 2016 оны 07 дугаар сараас Дорноговь аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж эхэлсэн. Хадгаламжийн орлогоороо тэргүүлж байгаа Т.Энхтүвшинг олон нийт төдийлөн сайн танихгүй. Тэрбээр ажлын гараагаа 1996 онд Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, шалгалтын газарт улсын ахлах байцаагч, хэлтсийн даргын албан тушаалаар эхэлж байсан. Түүнээс хойш 21 жил төрийн болон хувийн хэвшилд ажиллаж байгаа.  Тодруулбал,

1996-2001 онуудад онуудад аймгийн Санхүүгийн хяналт, шалгалтын газарт улсын ахлах байцаагч, хэлтсийн дарга, 
2001-2002 онд аймгийн ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга, 
2002-2004 онд аймгийн ЗДТГ-ын Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, 
2004-2007 онд аймгийн ЗДТГ-ын дарга,
2004-2008 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч,
2007-2011 онд аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга,
2012-2012 онд Нийслэлийн Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын газрын дарга,
2012-2014 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Санхүү, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга,
2014-2015 онд Сайхан улаан оргил ХХК-ийн захирал, Бэл капитал ХХК-ийн ТУЗ-ийн дарга,
2015 оноос Дорноговь аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга
2016 оны 07 дугаар сараас Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа.

Түүний ажиллаж байсан түүхэн замналаас харахад ямар нэгэн хувийн бизнес эрхэлж байсангүй. Хувиараа бизнес эрхэлж байгаагүй мөртлөө 440 сая төгрөгний хадгаламжтай болох боломжтой юу. Т.Энхтүвшин хадгаламжаас гадна хоёр орон сууцтай, 25 сая төгрөгний үнэ бүхий үнэт эдлэлтэй, Toyota land cruiser 200,  Toyota lexus RX330-1 зэргийн автомашинтай бэл бэлчинтэй нэгэн. Харин гэр бүлийн жилийн орлого нь 69 сая төгрөгийн орлоготой. ХОМ-ээ ямар нэгэн бизнес эрхэлж байгаагүй хэмээн мэдүүлсэн мөртлөө энэ хэмжээний мөнгийг хуримтуулах боломжтой юу. Жирийн нэгэн жишээ дурьдахад насаараа төр болон хувийн хэвшилд ажилласан хүмүүс дундаж зэргийн унах унаатай, 2-3 өрөө байртай, хадгаламжиндаа цөөн тооны хэдэн төгрөгтэй байдаг жишээ маш олон байгаа. Энэ жишээнд  манай улсын дундаж давхарга тэр чигээрээ орно.  Гэтэл зарим нэг төрийн албан хаагч төрд шургалж хэдхэн жилийн дотор хэт баяжсан түүх олон байдаг. Энэ жишээг Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин давтсан уу. Аль эсвэл өөрийн хувийн бизнесээ нуун дарагдуулсан уу. Жирийн нэг төрийн албан хаагч "саятан"  болж болох уу. 

УИХ-ын гишүүд ёс зүйгүй үйлдэл гаргасаар байг уу Ёс зүйн дэд хорооныхон

Хүүхэд байхад ээж аав, эмээ, өвөө элдэв муу зүйл сонсож, дуулахаар “Төрийн минь сүлд өршөө хэмээн уулга алдаж маани хөгжөөж суудагсан. Тухайн үед “төрийн минь сүлд өршөө” гэх энэ үгийг сонсоод төр тийм л их айхтар уурлаж, хилэгнэдэг юм байхдаа гэж бодогдож байсан юм. Өнөөдөр харахад төр хилэгнэдэггүй, уурладаггүй юм байна. Харин төрт ёс, улс төр, төрийн хүн байх, төр барилцах нь ихээхэн том, үүрэг хариуцлага, ёс зүй, ар иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэгтэй, гүйцэтгэх алба, улс эх орны толгой, оройн дээд аж. Гэтэл сүүлийн үед төрд хэн шургалчихсан юм бэ. Үгүй ээ, төрийг ямар хүмүүс барилцаад байгааг харуулсан ичгэвтэр, ёсзүйгүй, хариуцлагагүй, хууль зөрчсөн, бусармаг үйлдэл удаа дарааллан гарч байна. Нэг үгээр хэлбэл төрийн хүн байх эрхгүй, чадваргүй, ёс зүйгүй албатууд төрд гарч ёстой  л нэг монголын төрийг “самарч” сууцгаана. 

Нэг үгээр хэлбэл төрийн хүн байх эрхгүй, чадваргүй, ёсзүйгүй албатууд төрд гарч ёстой  л нэг монголын төрийг “самарч” сууцгаана. 

Хамгийн сүүлийн жишээ гэхэд улаан махны хэрэг буюу УИХ-ын гишүүн Д.Гантулгын холбогдсон хүчингийн хэрэг юм. Энэ хэрэгт холбоотой хүмүүс удаа дараалан мэдээлэл хийлээ. Үүнээс хамгийн ичгэвтэр, өмнөөс нь ичмээр мэдэгдэл нь Д.Гантулга гишүүний мэдэгдэл юм. Тэрбээр энэ мэдэгдлээ төрийн ордонд хийсэн. Ингэхдээ хэрэг гардаг өдөр би хэргийн газар байсан. Хохирогчийн гэрт хоносон  нь үнэн гэхдээ намайг гүтгэж байна” хэмээн энхийн цагаан тагтаа адил төрийн ордны хойморт зогсож байгаад мэдэгдсэн. Энэ үеэр сэтгүүлчийн асуусан “таны дотуур хувцас хэргийн газраас олдсон гэсэн. Үүнд ямар талбайр хийх вэ” гэсэн асуултад тэрбээр “Үгүй ээ. Би өглөө өмсөөд гарсан” хэмээн хэдхэн секундын доторх нэг амаар 2 өөр зүйл ярьж олны дургүйцлийг хүргэв. Энэ бол хамгийн сүүлийн жишээ. Үүнээс өмнө УИХ-ын зарим гишүүд чуулган дээр согтуу ирэх, чихэр, боов боорцогхон идэх, хүний кноп дарж гүйх, төрийн ордонд архи, тамхи хэрэглэж секс ярих гэх мэт ёс зүйгүй үйлдэл гаргасаар ирсэн. Энэ бүх үйлдэлд Ёс зүйн дэд хороо хяналт тавьсан уу. 

Ёс зүйн дэд хороо угтаа бол УИХ-ын гишүүдийн гаргасан ёс зүйгүй үйлдэлд хяналт тавьж, шаардлагатай үед УИХ-д мэдүүлж арга хэмжээ авч ажиллах үүрэгтэй. Гэтэл энэ хороо өнөөдрийн хүртэл гишүүдийн гаргасан ёс зүйгүй үйлдэлд хариу дугарсан удаа нэг ч алга. Товчхондоо Ёс зүйн дэд хороо ажлаар хиймээр байна.

Нүүр улайх, өмнөөс ичих хэрэг гарах бүрт иргэд уурлаж, бухимдаж, өмнөөс нь ичиж ирсэн. Харин УИХ-ын гишүүдийн ёс зүйгүй үйлдэлд хэн ч хариуцлага тооцох, авч хэлэлцэх тухай ярьсангүй. УИХ-ын гишүүн нэг удаа ёс зүйгүй үйлдэл гаргалаа. Ёс зүйн дэд хороо дугарсангүй. Дахиад гишүүд ёс зүйгүй аашилж, авирлана. Тэд мөн л дуугарсангүй. Сүүлдээ УИХ-ын гишүүн хүүхэн хүчиндсэн, хүчиндээгүй, дотоожны асуудлаа төрийн ордны хойморт хээв нэг яриад зогсоход та нар мөн л дугарсангүй. Ёс зүйн дэд хороо ямар үед дугарах ёстой юм бэ. Эх орны чинь хойморт, хууль баталж хэрэгжүүлэх төрийн ордонд гишүүд энэ мэт ёс зүйгүй үйлдэл гарсаар байг уу Ёс зүйн дэд хорооныхон.

Ерөнхийлөгч 60 тэрбумын асуудлыг дахин сөхөж АТГ-ын удирдлагуутай уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр иргэд, олон нийтийн зүгээс хүчтэй шаардаж, хэрхэн шийдвэрлэхийг нь хүлээж буй 60 тэрбум төгрөгийн асуудал болон төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрч 40 гаруй хүний нэр холбогдоод байгаа оффшор данстай холбоотой асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой сэдвээр ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын үеэр “Иргэдийн зүгээс чих тавин хүлээж буй эдгээр асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх ажлыг гардан хийх ёстой хүмүүс нь та нар. Энэ ажилд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тусалж дэмжихэд бэлэн байна.

АТГ, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, ТЕГ, ЦЕГ хамтран эдгээр асуудлаар ажлын хэсэг гаргасан байна. Одоо ажиллах хэрэгтэй. Пакистаны Ерөнхий сайдын хүүхдүүд гадаадад оффшор данстай байсан нь илэрч, зохих байгууллагууд шалгасны үр дүнд Ерөнхий сайд огцорсон байна. Энэ хэрэгтэй нэгэн зэрэг  Панамын хуудсуудаар ил болсон Монголын 40 гаруй хүний оффшор данстай холбоотой асуудлыг нэн даруй шйидвэрлэх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тэдэнд 49 хоногийн хугацаа өгөөд байгаа. Энэ дээр шийдвэртэй ажиллахад Төрийн тэргүүн дэмжиж ажиллана” гэж байлаа.

АТГ-ын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан нар хамтарсан ажлын хэсэг нэгэнт гаргасан тул одоо эдгээр асуудал дээр ажиллах боломж нээгдсэн гэдгийг хэллээ.

Хоёр байлдагчийн цогцсыг тогтоол цөөрмөөс олжээ

Хилийн засватын хоёр байлдагч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал өнгөрсөн долдугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Тэс суман дахь хилийн цэргийн 0277 дугаар ангийн заставын хоёр байлдагч харамсалтайгаар амь насаа алдсан байдалтай олдсон аж.  Хоёр байлдагч тухайн өдар харуулд гарсан юм байна. 16:00 цагийн үед хоёр байлдагч харуул солилцох үед ирээгүй аж. Ийнхүү тухайн өдрийн 19:00 цагийн орчимд нэг байлдагчийн унаж явсан морь ангид эргэж ирснээр шуурхай дуудлагыг аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газарт өгч эрлийн бага гаргаж хоёр байлдагчийг эрэн хайж эхэлсэн байна.  Эрлийн баг Тэс сумын Нисэг багийн нутаг Тэсийн голын сав дагуу газар харз, тогтоол цөөрөм буюу цүнхээлээс хоёр байлдагчийн цогцсыг, тэдний нэгнийх нь унаж явсан морины хамтаар олсон байна.

Одоогоор хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж, мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа юм байна. 

С.Батцэцэг: Аав минь бурханы орноос намайг хараад маш баярлаж байгаа байх гэж бодож байна

Чөлөөт бөхийн тамирчин олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга Соронзонболдын Батцэцэгт Ерөнхийлөгч Х.Баттулга Хөдөлмөрийн баатар цол олголоо. Олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга Соронзонболдын Батцэцэг гадаадад эмчилгээ хийлгэж байгаад  өчигдөр эх орондоо ийнхүү ирсэн байна. Цол гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгээс баярын сэтгэгдэлийг нь хуваалцлаа. 

-Хөдөлмөрийн баатар гэх эрхэм хүндтэй цол хүртсэнд баяр хүргэе. Баярын сэтгэгдэлээ хуваалцахгүй юу?

-Маш их баярлаж байна.Ийм сайхан цол авч байгаадаа маш их баярлаж байна. Монгол Улсын Засгийн газар болон, Ерөнхийлөгчийн тамгын газар, аав ээж, Хил хамгаалах ерөнхий газар шигшээ багийн хамт олон гээд өнөөдрийг хүртэл намайг дэмжиж ирсэн бүх хүмүүст баярлалаа. Сэтгэл хөдлөөд хэлэх ч үг олдохгүй байна. Хэлэх үгээ маш их бодсон. Гэвч сандраад үгээ сайн хэлж чадахгүй байна. Намайг чөлөөт бөхийн спортод оруулсан Дондов багшдаа, бөхийн эрдмийг дэлхийн тавцанд хүргэхэд надад тусалсан бүх юмаа зааж сургасан Дүвчин багшдаа, шигшээ багийн багш Батбаяр, Сүхбаатар, Цэдэнсодном багш нартаа маш их баярлалаа

-2005 оноос та Чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. Өнөөдрийн хүртэл гаргасан амжилтандаа хэр их сэтгэл хангалуун байна вэ?

-Бага зэргийн чамлалтай байна. Цаашдаа маш сайн хичээж болно. Хамгийн ойрын зорилго 2018 онд болох тэмцээнд сайн оролцохын төлөө хичээх болно. 

-Бэлтгэлээ хаана базааж байгаа вэ. Хамгийн ойрын оролцох тэмцээн, зорилогоо хуваалцахгүй юу?

-Манай баг хамт олон дэлхийн аваргад оролцох гээд бэлтгэлээ хийж байгаа. Би гадаадад эмчилгээ хийлгэж байсан учраас ойрд бэлтгэлээ хийсэнгүй. Гадаадад эмчилгээ хийлгэж байгаад Ерөнхийлөгчийн зарлигийг хүлээж аваад ирлээ. Хамгийн түрүүнд би аавыгаа маш их бодсон. Аав минь бурханы орноос намайг хараад маш баярлаж байгаа байх гэж бодож байна.

 Хоёр хүүхдийн амь аварсан эмч залууг медалиар шагнажээ

Өнгөрөгч сард "Приус" маркийн машин дээр 40 тонны контейнер унаж, гэр бүлээрээ явж байсан хүмүүс дарагдсан аймшигт осол гарсан билээ. Тэгвэл энэхүү осол гарах үед ойролцоо нь явж байсан эмч залуу Б.Түмэнбаяр хамгийн хүнд бэртсэн хоёр хүүхдийн амийг аварсан гэдгийг хүүхдүүдийн ээж хэлж байсан. 

Түүний баатарлаг үйл нийгмийн сүлжээгээр түгж, өргөсөн тангарагтаа үнэнч эмч залуугаар бахархах хүн олон байсан юм. Улмаар төрөөс залуу эмч Б.Түмэнбаярыг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнажээ. Түүнд УИХ-ын гишүүн Төсвийн Байнгийн Хорооны дарга Ч.Хүрэлбаатар өчигдөр /08.01/ шагналыг нь гардуулан өгчээ. 

Тэрбээр энэхүү шагналаа гардаж аваад “Юуны өмнө өчүүхэн миний энэ сэтгэлийг үнэлэн Засгийн газрын эрхэм хүндтэй шагнал болох ""Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан"" цол тэмдгээр энгэрийг минь мялааж ажиллах урам хүч хайрласан та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Энэ их итгэл сэтгэлийг тань алхам тутамдаа бодож цаашид улам сайн хичээн ажиллах болно” гэжээ.

285 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянан шалгажээ

Авлигатай тэмцэх газар 2017 оны 07 дугаар сарын 16-28-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор 387 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авсан байна. Өнгөрсөн долоо хоногт 285 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 241, хууль, журамд заасан үндэслэлээр буцаасан 19, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож 24 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг анхааруулсан бол тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүссэн 1 нэр дэвшигч байгааг тогтоож шийдвэрлэсэн байна. Одоогоор ажиллагаанд 229 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Зам засварын машинт станцын даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Н.Лхагвадорж, Нийслэлийн Багануур дүүргийн 125 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ж.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Багахангай дүүргийн 207 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ц.Төгсөө нарын зэрэг 285 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх хувийг Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагаас ирүүлжээ.

“Пума Империал” зочид буудлын цахилгаан шат унажээ

“Пума Империал” зочид буудлын цахилгаан шат унасан хэрэг гарсан байна. Хэрэг өчигдөр 15,40 минутын үед гарсан байна. Эх сурвалжийн хэлж буйгаар  унасан цахилгаан шатанд найман хүн зорчиж явсан бөгөөд шат 5-6 давхар орчмоос унаж эхэлсэн байна. Уг хэргийн талаар тус байгууллагын  зүгээс “Цахилгаан шатны даац хэтэрсэн. Тороос тасарсан юм байхгүй”  гэсэн мэдэгдлийг өгсөн байна. “Пума Империал” зочид буудал “Dresdon Elevator” брэндийн есөн хүн суух боломжтой  630 кг ачааны даацтай хоёр цахилгаан шат байрлуулжээ. W

Улмаар цахилгаан шатанд явсан найман иргэний дотор муухайрах, толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Эдгээр иргэд хэргийн талаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаад байгаа аж. 

Ц.Сандуйг огцруулахаар 20 гаруй гишүүд гарын үсэг зуржээ

Ц.Сандуйг НИТХ-ын даргын албан тушаалаас нь огцруулахаар нийслэлийн НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Гишүүд Ц.Сандуйг огцруулах болсон шалтгаан нь Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН түүхэндээ байгаагүй хамгийн бага саналыг нийслэлээс авсан. Энэ үзүүлэлт нь Ц.Сандуйгийн зохион байгуулсан “60 тэрбумын бичлэг”-тэй холбоотой. Иймд Ц.Сандуй хариуцлагаа хүлээж НИТХ-ын даргын албан тушаалаасаа огцрох шаардлагатай гэсэн агуулгатай шаардлагад гарын үсэг зурж эхэлсэн байна.  НИТХ дахь нийт 45 төлөөлөгчийн гуравны хоёр нь хурлын даргаа огцруулах бичигт гарын үсэг зурснаар хуулийн дагууЦ.Сандуй албан тушаалаасаа огцрох нөхцөл бүрдэх аж.  Гарын үсэг цуглуулах ажиллагаа уржигдар буюу даваа гаригт эхэлсэн юм байна.  

Эх сурвалжийн хэлж буйгаар одоогоор 20 гаруй гишүүд гарын үсгээ зураад байгаа юм байна. 

ОУВС, Засгийн газраас хамтарсан мэдээлэл хийлээ

ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матай тэргүүтэй шинжээчид өнгөрсөн сарын 19-ний өдрөөс хойш манай улсад ажиллаж буй. Өнөөдөр шинжээчдийн баг засгийн газартай хамтарсан уулзалтаа хийснээр энэ удаагийн хэлэлцээрийн үйл ажиллагаа өндөрлөх аж. Уулзалтын дараа сэтгүүлчдэд тодорхой мэдээлэл өгнө гэсэн хүлээлттэй байна.

Шинжээчдийн багаас улсын төсвийн орлого даван биелсэн хэдий ч Монгол Улсын засгийн газар хэд хэдэн урьдач нөхцлүүдээ зөрчсөн асуудалд шүүмжлэлтэй хандсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тухайлбал, бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох асуудлаа эргэж харахгүй бол хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэх эсэх дээр дахин ярилцахад хүрнэ гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

Мөнхүү “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд арилжааны банкуудад олон улсын аудитын байгууллагаар чанарын үнэлгээ хийлгэсэн бөгөөд үнэлгээ хийх аргачлалын асуудлаар Монголбанк шинжээчдийн багийнхантай тохиролцоонд хүрэхээр ажиллаж буй гэдгээ тодотгоод байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Hi
Pizda tegeed buhchvvdee hudulmuriin baatar bolgood bhiin mongolchuudiin uriig tegleechee amlaltaa hj chadku bol ogtsor
2017/08/03 107.167.102.162
  • Recent
  • Most Read
  • Most Comment