Бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан “Ирвэс хамгаалах сан”-гийн биологич Т.Лхагвасүмбэрэлийн үхлийн шалтгаан илрээгүй байгаа. Энэ хэрэгтэй холбоотойгоор Улсын Прокурорын Ерөнхий газраас өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэл хийв.Энэхүү мэдээлэлд “Ирвэс хамгаалах сан”-д ажилтай, 28 настай “Л” нь 2015 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод байх гэрээсээ гараад сураггүй болж, 6 хоногийн дараа цогцос нь Хөвсгөл нуурын ойролцоох “Балчиргант” гэх газраас олдсон байна. Энэ хэрэгт Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэж, прокурорын хяналтын дор мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаж байна.Талийгаач “Л”-ийг мөн өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үл таних 2 хүн хутгалж биед нь хүнд гэмтэл учруулсан байх үйлдэлд тус аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Улсын Ерөнхий прокурорын газраас дээрх хоёр хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаатай танилцаж, нэгтгэн шалгуулахаар Мөрдөн байцаах газарт мөрдөн байцаалт явуулах, Нийслэлийн прокурорын газарт уг хэргийн ажиллагаанд хяналт тавих харьяаллыг тус тус тогтоож, хэргийг шуурхай шалгах талаар үүрэг, чиглэл өгөн ажиллаж байна" гэжээ.
Ирвэс хамгаалагч залуугийн хэргийг шуурхай илрүүлнэ
2016-01-11 16:47:00