8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.ЭРДЭНЭ: Монгол судлаачдын хойч үеийг бэлдэх шаардлагатай байна

2017-08-04 16:48:00

Ирээдүйн Олон Улсын Монгол судлаачдыг дэмжих “EBI” хөтөлбөрийн хүрээнд долоон орны есөн залуу манай улсад ирэх даваа гаригт зочлох гэж байна. Энэ хүрээнд бид “EBI” бодлогын судалгааны хүрээлэнгийн Удирдах Зөвлөлийн дарга Э.Эрдэнэтэй ярилцлаа

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ирээдүйн Олон Улсын Монгол судлаачдыг дэмжих “EBI” хөтөлбөрийн тухай ярилцлагаа эхэлье?

-Ярилцлагынхаа эхэнд байгууллагаа танилцуулъя. “EBI” буюу “Элбэгдорж хүрээлэн”–г анх 2008 онд Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үүсгэн байгуулсан. Бид ардчилал, түүний үнэт зүйл, хүний эрх, сайн засаглал, чөлөөт зах зээлийн суурь зарчмуудыг төгөлдөржүүлэх хүсэл зорилготой иргэд, байгууллагатай хамтран ажиллаж, нийгэмд ардчиллын үнэт зүйлийг бататгахын төлөө судалгаа, дүн шинжилгээ хийж, төсөл, хөтөлбөр боловсруулж, зөвлөмж гаргадаг юм. Олон улсын жишгээр, THINK TANK INSTITUTE гэсэн үг.

Манай байгууллага өнгөрсөн хугацаанд боловсрол, ногоон хөгжил, манлайлал, иргэдийн оролцоо, соёл гэсэн чиглэлд үйл ажиллагаа явуулж ирлээ. Энэ жилээс эхлэн бид “Ирээдүйн Олон Улсын Монгол судлаачдыг дэмжих “EBI” хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн гол зорилго нь монголыг сонирхдог, гадаадын их дээд сургуулийн бакалаврын түвшний оюутнуудын анхаарлыг Монгол Улс руу хандуулахад оршиж байна. Мөн тэдгээр оюутнуудыг магистр, докторын төвшиндөө Монгол улсыг сонгон судлах хүсэл эрмэлзэлтэй болгох нь чухал юм.  

-Хөтөлбөрт хамрагдаж буй хүүхдүүдийг хэрхэн сонгон шалгаруулсан бэ?

-Бид хилийн чанадад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамд болон Консулын газарт Гадаад хэргийн яамаар дамжуулан хандсан. Манай улсын Элчин сайдын яамд болон Консулын газар тухайн улсын монгол судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуулиудад хандаж, “Ирээдүйн Олон Улсын Монгол судлаачдыг дэмжих “EBI” хөтөлбөр”-ийг зарлаж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан юм.

Хөтөлбөрийн гол шалгуур нь “Миний мэдэх Монгол орон” зохион бичлэгийн уралдаан болон ярилцлага байсан. Зохион бичлэгийн уралдаан болон ярилцлагын шатанд тэнцсэн долоон улсын есөн залуус ирэх даваа гаригт Монгол Улсад ирнэ.  

-Гадаадын залуучууд “Миний мэдэх Монгол орон” сэдвээр зохион бичлэг бичсэн гэхээр сонирхолтой санагдаж байна. Зохион бичлэгтэй танилцаж болох болов уу?

-Болно. Бид “Элбэгдорж хүрээлэн”-гийн албан ёсны фэйсбүүк хуудсанд хүүхдүүдийн бичсэн гар бичмэлийг нэг нэгээр нь байршуулж байна. Манай фэйсбүүк хуудаснаас хүссэн хүн бүр сонирхох боломжтой. 

-Хүүхдүүдэд зориулсан ямар хөтөлбөр гаргаад байна вэ?

-Тэд салбартаа тэргүүлж буй монголын шилдэг доктор, профессоруудын лекцийг сонсож, түүх, шинжлэх ухааны академитай танилцана. Мөн хөдөө, орон нутгийг зорьж, монгол ахуйтай танилцах юм. Ингэхдээ тэд амьдрах гэрээ өөрсдөө барьж, буулгаж, мал маллаж, цагаан идээ хийх аргачлалыг сурна. Тэдэнд салбартаа тэргүүлэх монголын судлаач багш нар тусалж, зааж зөвлөнө. 

 

 

 

-Монгол судлалын салбарт өнөөдөр ямар асуудал тулгамдаж байна гэж та үзэж байна бэ?

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хугацаанд Монгол судлалыг хөгжүүлэх тууштай бодлого явуулж, “Монгол судлалыг дэмжих сан байгуулах” тухай зарлиг гаргаж байсан нь олон улсын монгол судлалын үйл ажиллагаанд Монгол улсын идэвх оролцоог нэмэгдүүлэх, гадаадын монгол судлалыг хөхүүлэн дэмжих, монгол судлаачдын шинэ үеийг бэлтгэх, монгол үндэсний хэл, соёлын дархлааг бэхжүүлэх бодит боломжийг бүрдүүлсэн юм.

Энэ салбар өнөөдөр эрчимтэй хөгжиж байна. Гэвч жил ирэх тусам монгол судлаачдын тоо магистр, докторын түвшинд буурч байгаа нь бидний санаа зовоосон асуудал болж байна. Өөрөөр хэлбэл, судалгаа хийдэг хүн байхгүй болж байна гэсэн үг юм. Хэрвээ энэ байдал цаашид үргэлжилбэл гадаадад Монгол орныг судалдаг судлаачгүй болох эрсдэл тулгамдаж байна.

Иймээс олон улсад монгол судлаачдын хойч үе, боловсон хүчинг бодлогоор бэлдэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Энэ хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ирээдүйн Олон Улсын Монгол судлаачдыг дэмжих “EBI” хөтөлбөрийг санаачлан, хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийг хоёр жилд нэг удаа зохион байгуулна.

-Олон улсад Монгол судлаачдыг бэлтгэхийн ач холбогдол юунд оршиж байна вэ?

Дэлхийн түүхийг судалъя гэвэл Монголын түүхийг судал гэсэн үг байдаг. Монгол Улс шиг аугаа түүх, соёл, зан заншилтай үндэстэн ховор. Иймээс Монголчууд бидний нүүдлийн соёл дэлхийд содон сонирхолтой хэвээр байна.

Олон улсын монгол судлаачдын ирээдүйн хойч үеийг бэлтгэх нь монгол судлалыг дэлхийн улс оронд эрчимтэй хөгжүүлэх гарц, гүүр болох юм.

Иймээс бид манай улсад хүрэлцэн ирж буй долоон улсын 9 оюутны суралцаж буй их дээд сургуультай хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн. Хамтын ажиллагааны хүрээнд түүхийн олон судлагдаагүй асуудлыг судлах боломж бүрдэж байна.

Үр дүнд нь, Монгол судлалд хүчээ сорьж байгаа эрдэмтэн судлаачид дэлхийн энтэй бүтээл туурвих, хэл, соёл, түүх гэх мэт уламжлалт салбарын судалгааг дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхүйц хөгжүүлэх боломж бүрдэх учиртай юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
хошигруулагч хулгаачийн хүү байн шд элбэгдорж ч монголыг сайхан самарсан даа шоронд хийх болсон шүү ерөнхийлөгч өө
2017/08/07 122.201.24.6
  • Recent
  • Most Read
  • Most Comment