8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Дуулиант хэргүүдийг дэнсэлж, Энэ сарын сүүлээр цочир хүйтрэхийг анхааруулсан өдөр

2017-08-04 18:30:00

Амьдралд ганцхан тохиолддог, гэхдээ эргэж ирдэггүй гурван зүйл

            Үг, боломж, цаг хугацаа

Амьдралд бүрэн баталгаатай байж чадахгүй гурван зүйл

           Зүүд, амжилт, аз

Амьдралд гайхамшигтай хүн болгодог гурван зүйл

            Нөр хөдөлмөр, чин сэтгэл, амжилт

Амьдралд хамгийн үнэ цэнэтэй гурван зүйл

            Хайр сэтгэл,өөрийгөө хүндлэх, хүндлэл, найз нөхөд

Амьдралд алдаж болохгүй гурван зүйл

                Энх тайван, итгэл найдвар, шударга чанар

Хүний хөнөөдөг гурван зүйл

            шунал, бардамнал, уур хилэн

Хамгийн хамгийн гэх тодотголтой сайхан үгсийн хамт эрхэм уншигч танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

МАН-ын Удирдлагууд буруугаа бусдаас хайж эхэлсэн үү

Улс төрийн ууган хүчин болох МАН “мандаж” явсан цаг саяхан. Тодруулбал 2016 оны УИХ-ын сонгуулиар олонхи болж нийт 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан. Тухайн үед баярын бялуу энэ тэр болж байсан нь тодхон санагдаж байна. Гэхдээ тэдний дунд үе үе хагарах, маргалдах зүйл гарч, зарим нь нударга зөрүүлсэн тухай яриач гарсан удаатай. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн алдарт 60 тэрбумын асуудал олон нийтэд ил болсноор МАН-ын доторх асуудал өнөөдрийг хүртэл “хурцадсаар” ирээд байна. Байдал хурцдаж намын Бага хурлын гишүүд 60 тэрбумын бичлэгт холбогдоод байгаа хүмүүст хариуцлага тооцох тухай яригдаж хууль, хяналтын байгууллагад удаа дарааллан хандаж эхэлсэн. 

Тухайлбал, 21 аймгийн намын хорооны дарга, дүүргийн намын хорооны дарга нарыг одоо хяналтын хорооны гишүүд хардаж, тагнаж, чагнаж эхэлсэн сурагтай. Товчхондоо аймаг, дүүргийн намын хорооны дарга нараас “Өө” хайж эхэлсэн бололтой.

Харин МАН-ын удирдлагууд саяхан сэмхэн уулзаж сонирхолтой яриа өрнүүлсэн сурагтай. Эх сурвалжийн хэлснээр “МАН-ын удирдлагууд уулзаж, Ерөнхийлөгчийн сонгуульд яагаад ялагдсан, намын даргын эсрэг хэн ажилласан бэ гэдэг асуултад хариулт хайжээ. Тэд ч хариуг нь олсон байна. Учир нь МАН-ынхан намын даргаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байх үед намын зарим хүмүүс нь дэмжээгүй юм байна. Тиймээс ямар нөхөд нь намынхаа эсрэг ажилласан бэ гэдгийг олж тогтоох даалгаврыг МАН-ын удирдлагууд Хяналтын зөвлөлийн дарга Х.Болдмандалд өгчээ. Тухайлбал, 21 аймгийн намын хорооны дарга, дүүргийн намын хорооны дарга нарыг одоо хяналтын хорооны гишүүд хардаж, тагнаж, чагнаж эхэлсэн сурагтай. Товчхондоо аймаг, дүүгийн намын хорооны дарга нараас “Өө” хайж эхэлсэн бололтой.

Гэтэл МАН-ын удирдлагууд өөрсдийнхөө хийсэн хууль бус үйлдлийг хэн нэгэнд “нялзаах” гэж оролдож байна уу. Эсвэл буруугаа хэн нэгэнд тохож гэж оролдож байна уу гэсэн хардлага гарч эхэллээ.

Үүнээс харахад МАН-ын удирдлагууд буруугаа өөрсдөөсөө биш бусдаасаа хайгаад яваад байгаа бололтой. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдахад хүргэсэн гол шалтгаан нь төрийн албыг хэрхэн наймаалцах талаар гаргасан схемчилсэн 60 тэрбумын бичлэг юм. Энэхүү бичлэгт МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нар гардаг. Мөн намын дотоод асуудал хамгийн их нөлөөлсөн гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Гэтэл МАН-ын удирдлагууд өөрсдийнхөө хийсэн хууль бус үйлдлийг хэн нэгэнд “нялзаах” гэж оролдож байна уу. Эсвэл буруугаа хэн нэгэнд тохож гэж оролдож байна уу гэсэн хардлага гарч эхэллээ. 

Гэтэл өнөөдөр эсрэгээрээ МАН-ын "толгой"-д байгаа хэдхэн нөхдүүдийн хутгасан “бантан”-гаасаа салж чадахгүй аймаг, дүүргийн хороодын дарга нарыг “чичилж” суух нь зүйд нийцэх хэрэг мөн үү. МАН-ын "толгой"-д байгаа нөхөд намын халуун тогоонд нь ажилладаг жирийн хүмүүсээ бурууг хайх, хардах эрхгүй.

Улстөрийн ууган хүчин, 90 гаруй жилийн түүхтэй нам өнөөдөр шударгаар ажлын хариуцлага алдсан нэгэндээ хариуцлага тооцдог, ёс зүйгүй үйлдэлж гаргаж, балмад, танхай аашилж байгаа УИХ-ын гишүүдээ огцруулдаг, хууль бус үйлдлийг таслан зогсоож чаддаг “дархлаатай” байх учиртай. Мөн энэ зэргийн улс төрийн соёлтой, чадалтай болсон байх ёстой санагдана. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ МАН-ын "толгой"-д хэдхэн нөхдүүдийн хутгасан “бантан”-гаасаа салж чадахгүй аймаг, дүүргийн хороодын дарга нарыг “чичилж” суух нь зүйд нийцэх хэрэг мөн үү. МАН-ын "толгой"-д байгаа нөхөд намын халуун тогоонд нь ажилладаг жирийн хүмүүсээс бурууг хайх, хардах эрхгүй. Ингэхдээ тэд өөрсдөөсөө бурууг хайх тухай огт бодсонгүй юу. Эсвэл бодох албагүй юу. Бэлээхнээ Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдахад хүргэсэн шалтгаан ил байхад МАН-ын удирдлагууд өөр юун хариулт, шалтгаан хайгаад явна вэ.  

Өвгөдийн минь үлдээж өгсөн өв чулууг Хятад руу зөөгөөд дуусах нь

Гадныхан Монголчуудыг “алтан дээр суусан гуйлгачин”  хэмээн жиг жуг хийлцдэг. Учир нь манай улс өргөн уудам нутагтай гуравхан сая хүн амтай, шавхагдашгүй байгалийн баялагтай орон. Та энэхүү нөөц баялагийг алт, зэс, нүүрс, нефт, төмрийн хүдэр гэх мэтээр төсөөлдөг үү. Алт, нүүрснээс гадна манай улсын байгалийн өнгөт чулуу хүртэл дэлхий хаана ч байхгүй хосгүй үнэт эрдэнэ юм.  Өнгөт чулуу нь байгальд хөрсөн дээр өөрийнхөө тогтоцоор байдаг, үнэт эдлэлийг хийхэд хэрэглэдэг чулуу ч үүнийг эх орондоо хэрэглэх биш нууцаар хил давуулан худалдаалсаар олон жилийг ардаа үдлээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дархан, Галшар, Баянмөнх, Батноров, Биндэр сумдууд, Дорноговь аймгийн айраг сум, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгийн сумдуудад орших байгалийн өнгөт чулууг 2011 оноос хятад худалдаачид худалдаж авсаар өнөөдөр бүртийх ч чулуугүй болжээ. Хөрсөн дээрээс чулуу түүж байсан нутгийн ард түмэн мөнгө олохын эрхээр газар нутгаа өнгөрсөн өвлөөс эхлэн ухаж эхэлсэн байна. Өнгөтэй өөдтэй чулууг урд хөршийнхөн худалдаж авсаар байгаль ээж өнөөдөр эмэгнэн гашуудаж байна. Тус газруудад цөлжилт нэмэгдэж хөрс их хэмжээгээр сийрэгжиж байгааг нутгийн иргэд ч мөн ярьж байна.

 Өнгөт чулууг  урд талын 5 аймагт олборлож байгаа аж.  Хэдэн жилийн турш ужгиран үргэлжилж байгаа байгалийн өнгөт чулуу түүдэг явдлыг таслан зогсооно гэж аймгуудын Засаг дарга мэдэгдэж байсан ч өнөөдрийг хүртэл уг хууль бус үйл ажиллагаа зогсохгүй байна. Хориглохгүй бол газар болон түүний хэвлийг сүйтгэх, түүнчлэн газрын гүнрүү ухаж чулууг олборлож байгаа нь малын бэлчээрийг талхлахаас эхлээд  байгаль орчныг сүйтгэх  маш их сөрөг үр дагавартай 
 Эх хэлнийхээ үг бүрийг, эх орныхоо чулуу бүрийг хайрлаж  яваарай хэмээн  Ардын багш Ш.Чоймаа хэлсэн байдаг. Гэтэл өнөөдөр алт ухсан газраас дутахгүй эмгэнэл тус аймгуудад нүүрлээд байна. Бид захын нэг сум болох Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд очиход багахан хэмжээний найр болж байгаа мэт дүр зураг угтлаа. 
Уг чулуу түүдэг газар найман настай балчираас наян настай буурал хүртэл таяг тулсан газар ухаж явна. Бор-Өндөр сум газар нутгаараа хамгийн бага  хэмжээний сум бөгөөд өнөөдөр тус суманд зургаан газар бүхий талбайг ухаж сүйтгэсэн байна. Бор-Өндөрт уурхай дээр ажилладаг хүмүүс ажилаа тараад гэр бүлээрээ ирж чулуу ухдаг гэнэ. Мөн малчид мөнгө олохын эрхээр өдөр бүр чулуу ухсаар 7 жилийн ардаа үдсэн байна. Энэ жил тус суманд бороо хур орохгүй гандуу зун болж байна. Энэ ган гачигч мөн уг чулуу түүж байгаатай холбоотой хэмээн нутгийн хөгшчүүд ярьж байна. 
Тус сумаас гадна Баянжаргалан, Говь- Угтаал, Дэлгэрцогт сумын нутагт гэхэд сүүлийн 2 жил гаруй хугацаанд хөрсийг сэндийлэн ухдаг болсон гэнэ. Чулуу түүгчдийн гараар тус сумын уртаашаа 7 км урт, өргөөшөө 4 км хэртэй бэлчээр ухагдаж, үржил шимт хөрсний 50 гаруй мянган шоо метр үе давхарга доройтон эвдрэлд орсон ч нутгийн удирдлагууд  өнөөдөр нэг ч арга хэмжээ аваагүй байна. 
Чулуу түүж, ухаж буй газруудад  чулууг газар дээр нь авдаг ченжтэй, бэлэн хоол унд, ундаа ус зардаг гуанзтай аж. Бэлэн хоол унд зарж байгаа учраас зарим иргэд гэр орондоо очилгүй хэдэн хоногоор ч түүдэг гэнэ.   Бор-Өндөр суманд нутгийн иргэдээс гадна Дорноговь, Дундговь, Хэнтий, Улаанбаатар хотоос очсон хүмүүс чулуу ухаж байна. Тухайлбал, Улаанбаатар хотоос очсон иргэн Ч тус газар хонон өнжин 7 хоног түүсэн байна. Ингэхдээ 6 сая төгрөг олсон хэмээн хуучиллаа. Тэрбээр хэлэхдээ “чулуу түүх гэж байгаа хүн тууштай, хаанаас ямар чулуу гарч ирэх вэ гэдгээ сайн мэддэг байх хэрэгтэй” хэмээн ойр тойрны газар ухаж буй хүмүүст хэлж сууна. 
Бор-Өндөрт хамгийн бага үнэтэй чулууг гэхэд кг нь 3000 төгрөгний үнэтэй байдаг аж. Хамгийн үнэтэй шөрмөсөн мана гэх чулуу хэлбэр хэмжээнээсээ хамаараад 2-3 сая түүнээс ч өндөр үнэ хүрдэг аж. Өнгөн хөрсөн дээрээс түүсэн чулуу нь бутрамхай чанартай, өнгө үзэмжийн хувьд ч газрын гүний чулуугаа гүйцдэггүй учраас хямд үнээр авдаг гэнэ.Улаан мана буюу цахиурлаг хасыг хятадууд гоёл чимэглэлийн зориулалтаар ашигладаг гэнэ. 


Ченжүүд авсан чулуугаа хил гаргаж дөнгөвөл овоо нугалаад хятадууд, өвөрмонголчуудад зарчихдаг гэнэ. Жишээ нь өнгөрсөн жил нэгэн ченж Бор-Өндөр сумын нутгийн иргэнээс 50 мянган төгрөгөөр жижиг шөрмөсөн улаан мана худалдаж аваад урагшаа Хятад руу 1,7 сая  төгрөгөөр зарсан гэнэ. Дорноговь аймгмийн Айраг сумын иргэн 5 ширхэг шилэн маныг урагшаа гаргаад 2 сая төгрөгөөр зарсан гэнэ. Чулууг Хятадууд ингэж өндөр үнээр авч байгаа учраас нутгийн ард иргэд газраа нутгаа ухаж, түүж байна. Өдөр бүр хилээр хэдэн мянган кг чулуу урагшаа гарч байгаа ч үүнд хяналт тавьдаг хил гаалийнхан өнөөдөр алга байна.  Аль ч нутгийн иргэн өөрийнхөө түүсэн чулууг урагшаа хилээр гаргаад боломжийн өндөр үнэтэй өгчихөөд гараад ирдэг гэнэ. Үүнээс харахад манай улсын хил гаалийнханы хараа хяналт хэр байгааг харж болно. Чулуу түүн амжиргаагаа залгуулж буй нутгийн иргэдтэй бус эл чулууг наймаалан хөлждөг бизнесийн бүлэглэлийнхэнтэй эхлээд тэмцэх нь хамгийн зөв. Байгалийн чулууг хууль бусаар хил давуулан наймаалдаг бизнесмэнүүдийг олж илрүүлэх, тэдэнд хариуцлага тооцох ажлыг нутгийн удирдлагууд болон, Тагнуул, Цагдаагийн байгууллагын хүч хэрэгтэй байна. Эх орон газар нутаг сүйрч байна. 

Шүүхээс Г.Шийлэгдамбад 5,1 жилийн хорих ял оноолоо

ЭМС-ын  сайд асан Г.Шийлэгдамба нарыг шүүх хурал өндөрлөлөө. Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж Эрүүл мэндийн сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбыг  гэм буруутай хэмээн үзэж 5.1 жилийн хорих ял оноож, хахуулиар авсан мөнгийг нь улсын орлого болгох шийдвэр гаргасан байна. 
 

Уг шүүх хурлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Оюунчимэг, З.Болдбаатар нар шүүж байна. Шүүх хуралд шүүгдэгч Г.Шийлэгдамбын өмгөөлөгч Э.Туул, Б.Энхзаяа, Г.Ганчимэгийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, М.Баяраа, О.Даваасүрэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Э.Гантулгын өмгөөлөгч Д.Цэндсүрэн нар тус тус оролцсон. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хуралд шүүгдэгч Г.Шийлэгдамба хоёр өмгөөлөгтэй оролцсон билээ.

Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ялыг багасгажээ

С.Зоригийг хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүх хурал өнөөдөр Улсын Дээд шүүхэд боллоо. Шүүх хуралдаанд Ерөнхий шүүгч Ц.Зориг, шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нар оролцож байна.

Анхан шатны шүүх хурал ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид болж яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон билээ.

Өнөөдөр болсон Хяналтын шатны шүүх хуралдаанаас ялын хэмжээг бууруулж Ц.Амгаланбаатарт 20, Б.Содномдаржаад 20, Т.Чимгээд 20 жилийн хорих ял оноолоо. Ингэхдээ ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргажээ. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад хүний амь нас хөнөөсөн хэрэгт дээд тал нь 20 жилийн хорих ял оноох заалтыг үндэслэн ийнхүү эцсийн шийдвэрийг гаргасан байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газраас оффшорын асуудлаар сангийн сайдад хандлаа

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оффшорын асуудлаар олон улсын байгууллагатай хамтрах асуудлаар Сангийн сайдад хандан өнөөдөр албан бичиг хүргүүллээ.

Уг албан бичигт “Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга манай улсаас оффшор бүсэд хууль бусаар байршуулсан хөрөнгийг буцаан авчирч өрийн дарамтыг багасгах чиглэлээр ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын оффшор бүсэд хууль бусаар хөрөнгө байршуулахын эсрэг үйл ажиллагаа явуулдаг Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны чиглэлээрх Дэлхийн форум мөн татварын шударга тогтолцоог бүрдүүлэх Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулах асуудлын эсрэг төсөлтэй хамтран ажиллахаар төлөвлөж байгаа юм.

Эдгээр байгууллагуудаас гишүүн болох саналыг 2012, 2016 онуудад манай талд тавьж байсан байна. Оффшор бүсэд хууль бусаар хөрөнгө байрших явдалтай тэмцэх ажлын хүрээнд эдгээр байгууллагуудад Монгол Улс нэгдэн орох асуудлыг судлан үзэж хэрэгжүүлэхээр ажиллана уу. Явцыг эргэж мэдээлэхийг хүсье. ” гэсэн байна.

Тарваганы мах борлуулж байсан газарт халдваргүйжүүлэлт хийжээ

Энэ сарын 3-ны өдөр Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хорооны байцаагч нар тус дүүргийн нэгдүгээр хороо, вокзалын арын автобусны буудал дээр ил задгай худалдаа хийж байсан иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар иргэн Б.Баасанбаярын борлуулах гэж байсан гурван ширхэг тарвагыг илрүүлэн, хураан авчээ. 

Улмаар Зооноз судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна. Мөн албаныхан ойр орчмын талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. 

Сарын сүүлээр шөнөдөө 1 хэм хүрч цочир ХҮЙТЭРНЭ

Энэ наймдугаар сард нийт нутгаар агаарын хэм хамгийн халуундаа говийн нутгуудаар 36 хэм хүрэх бол хамгийн сэрүүн нь баруун болон зүүн зүгийн нутгуудаар шөнөдөө 1 хэм хүрч цочир хүйтрэх юм байна. Тодруулбал, сарын сүүл буюу гуравдугаар долоо хоногт баруун зүгийн нутаг Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-2 хэм дулаан, хөрсөн дээр 1-6 хэм хүрч цочир хүйтрэнэ гэлээ. Мөн төвийн нутагт гуравдугаар арав хоногийн эхээр ба сүүлчээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-2 хэм, хөрсөн дээр 1-6 хэм хүрч цочир хүйтрэнэ гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлж байна.

Бaруун зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Увс, Ховдын нутаг, Баян-Өлгийн зүүн, Завханы баруун хэсгээр 16-21 градус, Говь-Алтай , Баянхонгорын өмнөд хэсгээр 20-25 градус, Завханы ихэнх, Баян-Өлгийн баруун, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 10-15 градус буюу Завхан, Говь-Алтайн зүүн, Баянхонгорын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 20-25 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, хөрсөн дээр 1-6 градус хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус өдөртөө 23-28 градус дулаан байна.

Энэ сард Баян-Өлгийн нутаг, Увсын хойд, Ховдын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар, нэгдүгээр арав хоногийн дунд үе ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн зарим газраар түр зуурын бороо, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зүүн хэсгээр, сүүлчээр нь ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн зарим газраар, сүүлчээр нь нутгийн хойд хэсгээр бороо, сарын эцсээр уулархаг нутгаар хур тунадас орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үе ба сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар түр зуур 18-20м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Хөвсгөл, Архангайн нутаг, Булганы зүүн, Өвөрхангайн баруун хойд хэсгээр 11-15 градус, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Өвөрхангайн ихэнх, Булганы баруун, Хөвсгөлийн өмнөд хэсгээр 16-21 градус дулаан буюу Хөвсгөл, Булганы хнойд, Сэлэнгийн баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байна

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 19-24 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн эхээр ба сүүлчээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, хөрсөн дээр 1-6 градус хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус хүрч хална. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Энэ сард Хөвсгөлийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсгээр уг дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн дунд ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар түр зуурын бороо, хоёрдугаар арав хоногийн сүүлч болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэх төлөвтэй

Зүүн зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 16-21 градус дулаан буюу уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байна

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсч ихэнх нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 23-28 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус өдөртөө 19-24 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр Хэнтийн хойд хэсгээр шөнөдөө 12-17 градус өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 30-35 градус хүрч халах төлөвтэй. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 26-31 градус дулаан байх төлөвтэй.

Энэ сард ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, зөвхөн Халх голын нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр бороо орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх ба ялангуяа нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч болзошгүй.

Говийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус буюу бүх нутгаар уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй

Нэгдүгээр арав хоногийн эхэний хагаст нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус өдөртөө 20-25градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 25-30 градус дулаан байна. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 21-26 градус дулаан байна. нэгдүгээр арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 31-36 градус, бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 26-31 градус дулаан байх төлөвтэй.

Энэ сард Дундговийн баруун, Өмнөговийн баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас бага бороо орох төлөвтэй

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон эцсээр зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

Ерөнхийлөгч А.Гансүх, Д.Дагвадорж нарыг бие төлөөлөгчөөрөө томилжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж бие төлөөлөгчөө томилжээ. Тодруулбал Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд асан А.Гансүх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж нарыг томилогдсон байна.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжид “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучиндөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зйүлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Амаржаргалын Гансүхийг Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 3 талт хамтын ажиллагаа болон эдийн засгийн коридорын асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр нэг жилийн хугацаатай томилсугай.
  2. Долгорсүрэнгийн Дагвадоржийг Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр нэг жилийн хугацаатай томилсугай” гэжээ.

Ерөнхий сайд ЦЕГ-т гомдол гаргажээ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат иргэнийхээ хувиар Цагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/-т хандан гомдол гаргажээ.
 

Уг гомдолд "Сошиал буюу интернэт орчныг ашиглан бусдыг гүтгэн доромжлох, нэр хүндийг нь унагаан харлуулах зохисгүй үзэгдэл хэрээс хэтэрч байгааг хууль хяналтын байгууллага анхааралдаа авах шаардлага бий болжээ.

Иргэдийн интернэтийн хэрэглээ өргөжихийн хэрээр энэ мэт саар үзэгдэл газар авч, улмаар хэсэг бүлэг хүмүүс зөвхөн дээрх зорилгоор нэгдсэн зохион байгуулалтанд орсон нь нууц биш болжээ.

Өчигдөр буюу 2017 оны 8 сарын 2-ны өдрөөс олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сайтуудыг ашиглан миний биеийг зохион байгуулалттайгаар Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг танхайн гэмт хэрэг үйлдсэн мэтээр харагдуулах зорилготой ажиллагааг бусдад захиалга өгч гүтгүүлсэн мэт дүрс, дуу бүхий бичлэгийн тараасан байна. Уг бичлэг дуу оруулалт, монтаж, найруулга, зохиол бүхий байгаа нь тодорхой хөрөнгө шаардсан нарийн зохион байгуулалт бүхий ажил болох нь харагдаж байна.

Миний ажил хэргийн болоод хувь хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжлох зорилготой энэхүү үйл ажиллагаа нь тухайн бичлэгийн зохиомол байдлаар хязгаарлагдсан, эсхүл үнэхээр дүрс бичлэгт нэр дурдагдсан нэр бүхий хүмүүс болох н.Золбаяр, н.Энхмэнд гэх хүмүүсийн оролцоотойгоор хийгдсэн бодитой зохион байгуулалттай ажиллагаа юу гэдэг асуудал, түүний үнэн мөнийг олж тогтоох нь чухал байна.

Дүрс бичлэгт байх гэрч нарын мэдүүлэгт нэр дурдагдсан н.Золбаяр, н.Энхмэнд нарын хүмүүс өмнө нь тагнуулд ажиллаж байсан, гүйцэтгэх ажлын туршлага мэдлэг бүхий хүмүүс байгааг шалгалтын ажиллагаандаа онцгой анхаарч үзэх шаардлагатай байна.

Иймд дараахи асуудлыг шалгуулах хүсэлтэй байна. Үүнд:

  1. Уг бичлэгийг зохион байгуулалттай урьдаас төлөвлөж, найруулж, монтаж, дуу оруулалт, тайлбар бүхий зохиомжилсон нь нэгэнт тодорхой байна. Иймд дүрс бичлэгийг хэний захиалгаар хэн, хэзээ хийсэн болох,
  2. Дүрс бичлэгт дурдагдсан үйл явдал үнэхээр болсон эсэх, үнэхээр дээрх зохион байгуулалт бүхий ажиллагаа явагдсан бол үүнийг хэний захиалга, хүсэлтээр гүйцэтгэсэн болох, ямар учраас миний биеийг хамаатуулсан болох зэргийг богино хугацаанд нэг мөр шалгаж тогтоолгох хүсэлтэй байна.

Дээрх үйлдлийг бүхэлд нь дүгнэн үзвэл Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлгийн 20.3 дахь хэсэгт заасан “Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх” гэмт хэргийн шинжтэй байгааг анхаарна уу.

Миний бие өөрийн гаргасан гомдолд дурдсан асуудлаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд биечлэн тайлбар, мэдүүлэг өгөх, баримт сэлт гаргах зэргээр иргэнийхээ хувьд эрхээ эдэлж, үүрэг хүлээж оролцох бөгөөд та бүхэн шалгалтын ажиллагааг миний эрхэлж буй албан тушаалын байдлыг үл харгалзан шударгаар явуулж бодит үнэнийг тогтоож өгнө гэдэгт найдаж байна" гэжээ. 

Шадар сайд У.Хүрэлсүхтэй холбогдох хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэв

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн Ажлын албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Шадар сайдын Ажлын албаны дарга Б.Энх-Амгалан "Өчигдрөөс эхлэн мэдээллийн сүлжээгээр У.Хүрэлсүхийг мөрдсөн талаар асуудал гарч ирлээ. Харамсалтай нь ийм явдал болсон нь үнэн. Бид 2017 оны долоодугаар сарын 3-ны өдөр Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газарт хандсан байгаа. Шадар сайдын хувьд энэ асуудалд нухацтай хандах үүрэг өгсөн. Энэ асуудал одоо шалгагдаж байна" гэлээ.

Харин ажлын ахлагч А.Үйлстөгөлдөр "Та бүхэнд хариуцлагатай хэлэхэд энэ явдлын талаар баримт бичиг болон CD хувилбараар ирсэн нь үнэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Шадар сайдад үүнийг танилцуулсан. Шадар сайд холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуул гэсэн үүрэг өгсөн. Шадар сайдын Ажлын албанаас "Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн амь нас, нэр төрд халдах нэр бүхий хүмүүсийн зохион байгуулалттай хэрэг гарч болзошгүй учраас яаралтай шалгаж өгнө үү" гэсэн бичгийг хүргүүлээд байгаа.

Мөн Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалд уг албан бичгийг явуулсан. Эдгээр байгууллагаас одоогоор хариу ирээгүй байна. Үүнээс гадна Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбатад мөн энэ талаарх албан бичгийг долоодугаар сарын 31-ний өдөр өгсөн.

Энэхүү явдалд бид маш их сэтгэл зовинож байна. Энэ хэрэгтэй холбоотой гэрчүүдэд санаа зовж байгаа учраас хяналтад авах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа энэ нөхцөлд бусад асуултад хариулах боломжгүй байгаа гэдгийг хэлье" гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment