8o
Улаанбаатар хот
mobile menu

Онцлохуудыг нэрлэж байна

2017-08-06 10:00:00

Амжилт бүтээл дагуулсан шинэхэн долоо хоног өнгөрч байна. Энэ долоо хоногт улс төр нийгмийн амьдралд болсон онцлох үйл явдлын мэдээллийг хүргэж байна. 

Шүүхээс Г.Шийлэгдамбад 5,1 жилийн хорих ял оноолоо

ЭМС-ын  сайд асан Г.Шийлэгдамба нарын шүүх хурал өнгөрсөн долоо хоногт боллоо. Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж Эрүүл мэндийн сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбыг  гэм буруутай хэмээн үзэж 5.1 жилийн хорих ял оноож, хахуулиар авсан мөнгийг нь улсын орлого болгох шийдвэр гаргасан байна. 
Уг шүүх хурлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Оюунчимэг, З.Болдбаатар нар шүүж байна. Шүүх хуралд шүүгдэгч Г.Шийлэгдамбын өмгөөлөгч Э.Туул, Б.Энхзаяа, Г.Ганчимэгийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, М.Баяраа, О.Даваасүрэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Э.Гантулгын өмгөөлөгч Д.Цэндсүрэн нар тус тус оролцсон. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хуралд шүүгдэгч Г.Шийлэгдамба хоёр өмгөөлөгтэй оролцсон билээ.

Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ялыг багасгажээ

С.Зоригийг хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүх хурал Улсын Дээд шүүхэд боллоо. Шүүх хуралдаанд Ерөнхий шүүгч Ц.Зориг, шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нар оролцсон байна.

Анхан шатны шүүх хурал ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид болж яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон билээ.

Харин хяналтын шатны шүүх хуралдаанаас ялын хэмжээг бууруулж Ц.Амгаланбаатарт 20, Б.Содномдаржаад 20, Т.Чимгээд 20 жилийн хорих ял оноолоо. Ингэхдээ ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргажээ. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад хүний амь нас хөнөөсөн хэрэгт дээд тал нь 20 жилийн хорих ял оноох заалтыг үндэслэн ийнхүү эцсийн шийдвэрийг гаргасан байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газраас оффшорын асуудлаар сангийн сайдад хандлаа

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оффшорын асуудлаар олон улсын байгууллагатай хамтрах асуудлаар Сангийн сайдад хандан өнөөдөр албан бичиг хүргүүллээ.

Уг албан бичигт “Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга манай улсаас оффшор бүсэд хууль бусаар байршуулсан хөрөнгийг буцаан авчирч өрийн дарамтыг багасгах чиглэлээр ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын оффшор бүсэд хууль бусаар хөрөнгө байршуулахын эсрэг үйл ажиллагаа явуулдаг Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны чиглэлээрх Дэлхийн форум мөн татварын шударга тогтолцоог бүрдүүлэх Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулах асуудлын эсрэг төсөлтэй хамтран ажиллахаар төлөвлөж байгаа юм.

Эдгээр байгууллагуудаас гишүүн болох саналыг 2012, 2016 онуудад манай талд тавьж байсан байна. Оффшор бүсэд хууль бусаар хөрөнгө байрших явдалтай тэмцэх ажлын хүрээнд эдгээр байгууллагуудад Монгол Улс нэгдэн орох асуудлыг судлан үзэж хэрэгжүүлэхээр ажиллана уу. Явцыг эргэж мэдээлэхийг хүсье. ” гэсэн байна.

Сарын сүүлээр шөнөдөө 1 хэм хүрч цочир ХҮЙТЭРНЭ

Энэ наймдугаар сард нийт нутгаар агаарын хэм хамгийн халуундаа говийн нутгуудаар 36 хэм хүрэх бол хамгийн сэрүүн нь баруун болон зүүн зүгийн нутгуудаар шөнөдөө 1 хэм хүрч цочир хүйтрэх юм байна. Тодруулбал, сарын сүүл буюу гуравдугаар долоо хоногт баруун зүгийн нутаг Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-2 хэм дулаан, хөрсөн дээр 1-6 хэм хүрч цочир хүйтрэнэ гэлээ. Мөн төвийн нутагт гуравдугаар арав хоногийн эхээр ба сүүлчээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-2 хэм, хөрсөн дээр 1-6 хэм хүрч цочир хүйтрэнэ гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлж байна.

Бaруун зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Увс, Ховдын нутаг, Баян-Өлгийн зүүн, Завханы баруун хэсгээр 16-21 градус, Говь-Алтай , Баянхонгорын өмнөд хэсгээр 20-25 градус, Завханы ихэнх, Баян-Өлгийн баруун, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 10-15 градус буюу Завхан, Говь-Алтайн зүүн, Баянхонгорын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 20-25 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, хөрсөн дээр 1-6 градус хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус өдөртөө 23-28 градус дулаан байна.

Энэ сард Баян-Өлгийн нутаг, Увсын хойд, Ховдын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар, нэгдүгээр арав хоногийн дунд үе ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн зарим газраар түр зуурын бороо, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зүүн хэсгээр, сүүлчээр нь ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн зарим газраар, сүүлчээр нь нутгийн хойд хэсгээр бороо, сарын эцсээр уулархаг нутгаар хур тунадас орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үе ба сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар түр зуур 18-20м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Хөвсгөл, Архангайн нутаг, Булганы зүүн, Өвөрхангайн баруун хойд хэсгээр 11-15 градус, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Өвөрхангайн ихэнх, Булганы баруун, Хөвсгөлийн өмнөд хэсгээр 16-21 градус дулаан буюу Хөвсгөл, Булганы хнойд, Сэлэнгийн баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байна

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 19-24 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн эхээр ба сүүлчээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, хөрсөн дээр 1-6 градус хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус хүрч хална. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Энэ сард Хөвсгөлийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсгээр уг дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн дунд ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар түр зуурын бороо, хоёрдугаар арав хоногийн сүүлч болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэх төлөвтэй

Зүүн зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 16-21 градус дулаан буюу уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байна

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсч ихэнх нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 23-28 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус өдөртөө 19-24 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр Хэнтийн хойд хэсгээр шөнөдөө 12-17 градус өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 30-35 градус хүрч халах төлөвтэй. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 26-31 градус дулаан байх төлөвтэй.

Энэ сард ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, зөвхөн Халх голын нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр бороо орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх ба ялангуяа нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч болзошгүй.

Говийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус буюу бүх нутгаар уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй

Нэгдүгээр арав хоногийн эхэний хагаст нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус өдөртөө 20-25градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 25-30 градус дулаан байна. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 21-26 градус дулаан байна. нэгдүгээр арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 31-36 градус, бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 26-31 градус дулаан байх төлөвтэй.

Энэ сард Дундговийн баруун, Өмнөговийн баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас бага бороо орох төлөвтэй

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон эцсээр зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

Ерөнхийлөгч А.Гансүх, Д.Дагвадорж нарыг бие төлөөлөгчөөрөө томилжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж бие төлөөлөгчөө томилжээ. Тодруулбал Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд асан А.Гансүх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж нарыг томилогдсон байна.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжид “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучиндөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зйүлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Амаржаргалын Гансүхийг Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 3 талт хамтын ажиллагаа болон эдийн засгийн коридорын асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр нэг жилийн хугацаатай томилсугай.
  2. Долгорсүрэнгийн Дагвадоржийг Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр нэг жилийн хугацаатай томилсугай” гэжээ
Шадар сайд У.Хүрэлсүхтэй холбогдох хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэв

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн Ажлын албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Шадар сайдын Ажлын албаны дарга Б.Энх-Амгалан "Өчигдрөөс эхлэн мэдээллийн сүлжээгээр У.Хүрэлсүхийг мөрдсөн талаар асуудал гарч ирлээ. Харамсалтай нь ийм явдал болсон нь үнэн. Бид 2017 оны долоодугаар сарын 3-ны өдөр Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газарт хандсан байгаа. Шадар сайдын хувьд энэ асуудалд нухацтай хандах үүрэг өгсөн. Энэ асуудал одоо шалгагдаж байна" гэлээ.

Харин ажлын ахлагч А.Үйлстөгөлдөр "Та бүхэнд хариуцлагатай хэлэхэд энэ явдлын талаар баримт бичиг болон CD хувилбараар ирсэн нь үнэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Шадар сайдад үүнийг танилцуулсан. Шадар сайд холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуул гэсэн үүрэг өгсөн. Шадар сайдын Ажлын албанаас "Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн амь нас, нэр төрд халдах нэр бүхий хүмүүсийн зохион байгуулалттай хэрэг гарч болзошгүй учраас яаралтай шалгаж өгнө үү" гэсэн бичгийг хүргүүлээд байгаа.

Мөн Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалд уг албан бичгийг явуулсан. Эдгээр байгууллагаас одоогоор хариу ирээгүй байна. Үүнээс гадна Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбатад мөн энэ талаарх албан бичгийг долоодугаар сарын 31-ний өдөр өгсөн.

Энэхүү явдалд бид маш их сэтгэл зовинож байна. Энэ хэрэгтэй холбоотой гэрчүүдэд санаа зовж байгаа учраас хяналтад авах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа энэ нөхцөлд бусад асуултад хариулах боломжгүй байгаа гэдгийг хэлье" гэв.

Онцлох 30 баримт: Ипотекийн зээлийн журам хэрхэн шинэчлэгдэх вэ

 

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008 оны 446 дугаар тушаалаар батлагдсан “Ипотекийн зээлийн үйл aжиллагааны журам”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд өнөөгийн цаг үетэй нийцэхгүй болсон журмын зарим зохицуулалтыг шинэчлэн,  журмын хэт нарийвчилсан заалтуудыг өөрчилж, банкуудын орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагааг зохистой аргачлалаар хангах зорилгоор журмын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.  Тэгвэл энэхүү журмын онцлох заалтуудыг ОНЦЛОХ 30 баримтаараа хүргэж байна.

Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий шаардлага

  • Орон сууц барьцаалсан байх
  • Зээл үнэлгээний харьцаа нь 70% (далан хувь)-иас ихгүй байх
  • Өр орлогын харьцаа нь 45% (дөчин таван хувь)-иас ихгүй байх.
  •  Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Монголбанкнаас баталсан аргачлалын дагуу тооцоолох.

Зээл хүсэгч, хамтран зээлдэгч болох этгээд нь дараах шаардлагыг хангасан байх ёстой.

  • Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх;
  • Зээл хүсэгч болон хамтран зээлдэгчийн орлого нь энэхүү журмын 3.1.3-т заасан
  • Өр орлогын харьцааг хангасан, зээлийн эргэн төлөлтийг төлөх боломжтой байх;
  • Зээл хүсэгч, хамтран зээлдэгч нь энэхүү журмын 3.1.2-т заасан зээл үнэлгээний харьцааг хангах урьдчилгааг зээлийн бус эх үүсвэрээр төлсөн, эсвэл төлөх чадвартай байх;
  • Тогтмол орлоготой, сүүлийн 1 жилээс доошгүй хугацаанд ажил, бизнес эрхэлсэн байх;
  • Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өрийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх өр төлбөргүй байх байх ёстой.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

10 дугаар сар хүртэл жолооны үнэмлэх хэвлэхгүй

2014 оноос жолооны үнэмлэхийн хэвлэлт хийхдээ улсын төсөвт суугдсан санхүүжилтээр нээлттэй тендер зарлаж шалгарсан компанитай гэрээ байгуулан ажилладаг. Жолооны үнэмлэх хэвлэх нээлттэй тендерийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зарлаж 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нээсэн. Тендер шалгаруулалтад таван аж ахуй нэгж байгууллага материалаа өгсөн боловч шаардлага хангасан компани шалгараагүй тул нээлттэй тендерийг үнэлгээний хороо дахин зарлах шийдвэр гаргасан байна.

Өнөөдрийн байдлаар ЦЕГ-ын Лицензийн төвд жолооны үнэмлэх нөхөн авах, солиулах, шинээр жолооч болсон, ангилал ахиулах 60 орчим мянган иргэдийн материал ирсэн бөгөөд Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаалаар баталсан Монгол улсад хүчин төгөлдөр үйлчлэх “Жолоочийн түр зөвшөөрөл”-ийг олгож байгаа. Нээлттэй тендер шалгаруулалт хуулийн хугацаандаа дахин зохион байгуулагдаж жолооны үнэмлэхний бэлдэц, хор дагалдах хэрэгсэл нийлүүлэлт 2017 оны 10 дугаар сараас хийгдэх аж. Тийм учраас иргэд жолоочийн түр зөвшөөрөл, үнэмлэх солиулахаар материал бүрдүүлсэн иргэд хуучин шар жолооны үнэмлэхээр хөдөлгөөнд оролцох боломжтой аж. 

Ц.Сувд-Эрдэнэ: Одоо таны жүжигт цэг тавих цаг болсон

Орон гэргүй тэнэмэл хүүхдүүд манай улсад маш их бий. Тэдгээр хүүхдүүдэд төр засгийн бодлого, нийгэмшүүлэх ажил хамгийн ихээр үгүйлэгдэж байна. Одоогоос хэдэн сарын өөрийн таван хүүхдээс гадна өргөж авсан 31 хүүхдээ хооллож ундалж, хүмүүжүүлж байгаа М.Сарнай хэмээх 37 настай бүсгүйн талаарх мэдээлэл гарч эхэлсэн. Тус мэдээлэл гарч эхэлсэний дараагаар “Сарнай” хүүхдийн төв барьж өгөхөөр олон нийт хандив тусламжийн аянг эхлүүлээд байсан. Энэхүү хандивын аянд нэгдэхийг “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ уриалж байсан. Ард түмэн ганц тоосгоноос эхлээд хандив тусламжийг харамгүй бэлэглэсэн. Гэвч өчигдөрөөс эхлэн тус хүүхдийн төвийн бүтээн байгуулалтын ажлыг албан ёсоор зогсоож байгааг мэдэгдсэн байна. Учир нь М.Сарнай гэх бүсгүй олон түмнийг хууран мэхэлсэн байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг доороос уншина уу.

ИНГЭЭД Ц.СУВД-ЭРДЭНИЙН МЭДЭЭЛЛИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА.

Тэрбээр "2017 оны 1 сарын 30-ний өдөр нэгэн хүний хүсэлтээр 15 хүүхдийг тэжээдэг Сарнай хэмээх эмэгтэйд туслаач гэсний дагуу бидний нөхөд очиж амьдралтай нь танилцсан билээ. Тухайн үед Сарнай эгч өөрийн амьдралын тухай ярьж түүнийг нь фэйсбүүк хуудсандаа оруулснаар бидний хандивын аян эхэлсэн. Бид 6 ханатай гэр авч өгөхийг зорьж хандив цуглуулан гэрийг нь авч өгсөн. Маш олон хүн хоол хүнс хувцас хунар эд материалын туслалцаа үзүүлж байлаа. Гэтэл нэг өдөр өөрийгөө Лам хүн хэмээн танилцуулсан хүн "Асрамжийн төв" барихад санхүүжилт нэмэрлэнэ гэсэн тул Сарнай эгчтэй уулзуулснаар аян маань үргэлжилсэн юм. Явцдаа тэр хүн оролцохоос татгалзсан. Гэвч бид шантраагүй барьна гэсэн итгэлээр урагшаа явсан. 4 сарын 15-нд Дэлгэр эгч Сарнай эгчийн төрсөн өдрийг тэмдэглэж өгөөд бидэнд туслая хандивын аянаа идэвхижүүлэхийг хүсч "Нэг хүн нэг тоосго" аян болгож үргэлжилсэн. Ингэхдээ Дэлгэр эгч өөрийн нэр дээр данс нээж хандив цуглуулна гэсэн хүсэлтээр Дэлгэрийн 3 өөр банкны 3 данс. Итгэл сэтгэлийн гүүр сангаас төрийн банкинд данс нээж аяны бүх танилцуулга брошур дээр байршуулсан. Дараа нь 25-р суваг телевиз "Танайд хоноё" нэвтрүүлэгээр Сарнай эгчийнд хоносны дараа маш олон монголчууд дэмжиж хандив маш сайн цуглаж 40 орчим сая төгрөг болсон байх. Байх гэдэг учир нь өнөөдрийг хүртэл бид хайрцгаар цугласан хандив болон бэлнээр ирсэн хандивийг Дэлгэр эгчийн дансанд хийж байгаа. Аяны хугацаанд орлого зарлагын мэдээлэл аваагүй. Хамгийн сүүлд сарын өмнө сонссон дүн 40 сая. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Соронзонболдын Батцэцэгт Ерөнхийлөгч Х.Баттулга Хөдөлмөрийн баатар цол олголоо

Чөлөөт бөхийн тамирчин олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга Соронзонболдын Батцэцэгт Ерөнхийлөгч Х.Баттулга Хөдөлмөрийн баатар цол олголоо. Олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга Соронзонболдын Батцэцэг гадаадад эмчилгээ хийлгэж байгаад   эх орондоо ирж цолоо хүлээн авлаа. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment