Хэд хоногийн өмнөөс Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнаж эхэлсэн талаар мэдээлэл гарч эхэлсэн. Улмаар уг ажиллагаанд оролцож байсан залуусын төлөөллийн яриа бүхий бичлэг сошиал орчинд цацагдахдаа дагаж мөрдөх чиглэлийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өгсөн хэмээн ярьсан нь олон нийтийн анхаарлыг татаад байгаа юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ асуудалтай холбогдуулан ЦЕГ-т шалгуулахаар хүсэлтээ гаргасан.
Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдөж байсан залуусыг хууль, хяналтынхан илрүүлэн шалгаж байгаа талаар өнгөрсөн тав дахь өдөр Шадар сайдын ажлын албанаас мэдээлэл хийсэн билээ. Монгол Улсын Шадар Сайд У.Хүрэлсүхийн амь насыг хөнөөх ажиллагааг нэр бүхий албан тушаалтан зохион байгуулж байна хэмээн ажлын албаныхан мэдээлэлдээ онцолсон.
Тэгвэл Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн гэрчүүдийн ярьсанчлан, тэдэнд шууд байдлаар З.Золбаяр, н.Энхмэнд гэх залуус чиглэл өгсөн талаарх мэдээлэл гарч эхэллээ. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар, З.Золбаярын аав Д.Зоригт нь Төрийн тусгай хамгаалалтын газарт ажиллаж байсан нэгэн. Тодруулбал, МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдыг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед нь түүний хамгаалалтын тасгийн даргаар нь ажиллаж байсан нэгэн аж. Тухайн үед М.Энхболд Ерөнхий сайд байхдаа өөрийн хамгаалалтын тасгийн дарга Д.Зоригт болон хамгаалалтын ажилтан н.Мөнхбат нарт хотын захиргаанаас байр өгүүлж байсан гэдэг. Төрийн тусгай хамгаалалтын газарт ажиллаж байсан Д.Зоригтын бага хүү З.Зол-Эрдэнэ нь одоо ТЕГ-т ажилладаг юм байна. Харин гэрчүүдэд У.Хүрэлсүхийг дагаж мөрдөх ажиллагааг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захиалгаар зохион байгуулсан хэмээх тайлбарыг хэлсэн гэх н.Энхмэндийн төрсөн дүү н.Энхмөнх нь ТЕГ-т ажилладаг аж.
Тус хэргийн үнэн мөнийг тогтоолгохоор Шадар сайдын ажлын алба АТГ, Тагнуулын Ерөнхий Газар, УИХ-ын Аюулгүй Байдал, Гадаад Бодлогын Байнгын Хороонд хандан хүсэлт гаргасан байна. Тус хэргийн талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр цахим хуудаснаа “Монгол Улсын Шадар сайд Ухнаагийн Хүрэлсүхээс түүний амь нас, эрүүл мэнд, нэр төр, аюулгүй байдалд халдахаар Монгол Улсын зарим иргэд хууль бусаар тагнах, чагнах мөрдөх ажиллагаа явуулж байгаа тул Монгол Улсын Засгийн газрын гишүүн, төрийн нууцыг хадгалах, хамгаалах үүрэгтэй, төрийн өндөр албан тушаалтны хувьд Улсын Их Хурлын Аюулгүй Байдал Гадаад Бодлогын Байнгын хороо, Тусгай хяналтын дэд хороонд хандсан байна. Энэ асуудлыг онцгой анхаарч хуулийн дагуу зохих арга хэмжээг авах болно” хэмээн мэдэгдсэн байна.