Өнгөрсөн долоо хоногт “Монголын Их Хүрээ” хийдийн хамба лам, зурхайч З.Санждоржийг Гандантэгчилэн хийдийн лам зодсон хэрэг гарсан талаар мэдээлэл хүргэсэн билээ. Тодруулбал, Гандантэгчилэн хийдийн хамба лам Д.Чойжамцын туслах н.Бүрнээ З.Санждорж ламтай маргалдан, нүүр рүү нь цохиж гэмтээсэн хэрэг гарсан. Энэ талаар “Монголын Их Хүрээ” хийдийн хамба лам, зурхайч З.Санждоржоос тухайн үед юу болсон талаар тодрууллаа.
-Таныг өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдөр Гандантэгчилэн хийдийн хамба лам Д.Чойжамцын туслах н.Бүрнээд зодуулсан гэсэн мэдээлэл гарсан. Ямар асуудлаас болж маргалдсан юм бэ?
-Даншигийн өмнөх өдөр энэ хэрэг гарсан. Гандантэгчилэн хийдээс хөтөлбөр авахаар очоод маргаан үүссэн. Энэ жил манай хийд Даншиг наадамд оролцож чадаагүй. Учир нь бүртгэл дууссан гэсэн шалтгаан хэлсэн. Биднийг Даншиг наадмыг үймүүлж магадгүй учраас оролцуулахгүй гэж хэлсэн. Ямар нэгэн газраас эд нарт хов жив ирсэн юм болов уу. Энэ наадамд оролцох хүсэлтэй маш олон лам нар байгаа. Гэвч дарамт шахалтнаас болоод оролцож чадахгүй байна. Өнгөрсөн жил манай хүрээ хийд маш сайн оролцсон. Анхны наадамд оролцож тусгай шагнал авсан. Гандантэгчилэн хийдээс энэ шагналыг өгсөн. Манай хийдээс 300 литр айрагийг ард иргэдэд тарааж, гэртээ үзэсгэлэн гаргаж, маш их идэвхитэй ажил хийсэн. Тухайн хэрэг гардаг өдөр Н.Бүрнээ надтай ямар ч үг солиогүй намайг зодсон. Ийм л ёс зүйгүй үйлдэл гаргасан. Өмнө нь бас ийм хэрэг гарч байсан. Шашины нэр хүндээ бодоод би чимээгүй явж байсан. 2006 оноос эхлээд энэ маргаан эхэлсэн. 2006 онд Далай лам манай улсад айлчлах үеэр би дээрхийн гэгээнтэнд нэг бичиг өргөн барьсан юм. Тэр бичгийг Гандантэгчилэн хийдийн хамба лам Д.Чойжамц буруугаар ойлгож зөрчил үүссэн.
-Та өмнө олон удаа зодуулж байсан гэсэн. Цагдаагийн байгуулагад гомдол гаргаж байсан уу?
-Олон удаа цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байсан. Би 23 төрлийн хөдлөшгүй баримт өгсөн. 2010 онд бас н.Бүрнээд зодуулсан тухайгаа бас гомдол гаргаж байсан. Гэвч хэрэг шалгагдахгүй, замхараад алга болдог. Мэдээлэл гараад эхлэхээр намайг шашины сургууль төгсөөгүй, хуурамч дипломтой, хулгай хийдэг гэх мэтээр хүн гүтгэдэг.
-Иргэн Н.Бүрнээ та хоёрын дундах маргаан яваад байгаа юм уу. Аль эсвэл хийд хороондын асуудлаас болоод маргалдаад байгаа юм уу?
-Энэ Н.Бүрнээ бид хоёрын асуудал биш. Н.Бүрнээ чинь бас хөөрхий амьдрах гэж ядсан нэг лам байхгүй юу. Н.Бүрнээгийн дээр удирдагч байгаа. Тэр хүн ийм хэрэг хийлгэж байгаа. Н.Бүрнээг бас би нэг талаас нь өрөвдөөд байгаа.
-Тэгвэл хэн удирдаад байгаа юм бэ?
-Хэн удирдаж байгааг хуулийн байгууллага тогтооно биз. Би энд хэн нэгний нэрийг дурьдмааргүй байна. Та нар цаана нь ямар хүн байна гэдгийг бодож ол. Олон удаа намайг зодчихоод нэг ч удаа хариуцлага хүлээсэнгүй. Тэгэхээр ямар том хамгаалж байна гэдэг нь ойлгомжтой.
Б.Анхтуяа