Өнгөрсөн долоо хоногт “Монголын Их Хүрээ” хийдийн хамба лам, зурхайч З.Санждорж Гандантэгчилэн хийдийн ламд зодуулсан гэсэн мэдээлэл гарсан. Тодруулбал, Гандантэгчилэн хийдийн хамба лам Д.Чойжамцын туслах Б.Бүрнээд зодуулсан хэмээн хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр “Даншигийн өмнөх өдөр энэ хэрэг гарсан. Гандантэгчилэн хийдээс хөтөлбөр авахаар очоод маргаан үүссэн Б.Бүрнээгээс наадмын хөтөлбөр авах гэтэл шууд нударгын хариу өгсөн. Учир нь манай хийдийг “Даншиг наадамд оролцуулахгүй, танай хийдийнхэнд даншигт оролцох боломж байхгүй” гэж хэлсэн. Намайг өшиглөсөн, хөөрөг, орхимж, малгай гээд авч явсан зүйлүүдийг маань араас шидсэн. Камерт энэ бүхэн бичигдсэн. Хуулийн байгууллагад ч өгсөн" хэмээн хэлсэн.
Харин энэ талаар Б.Бүрнээ ламаас тодруулахад “Их хүрээ-Даншиг наадам”-ын урд өдөр З.Санждорж лам манай хийдэд ирсэн. Тухайн өдөр З.Санждорж лам хөтөлбөр авна гэж бужигнуулсан. Би ерөөсөө зодоогүй. Гол нь Даншиг наадмын хөтөлбөрийг манайхаас тараагүй, бүх хөтөлбөр мэдээлэл нь интернетэд тавигдсан байсан. Өөрөө юмаа шидээд байснаас биш бид З.Санждорж ламын эд зүйлийг авч чулуудсан зүйл байхгүй хэмээн хэллээ.