Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн, тагнаж чагнасан асуудлаар Шадар сайдын ажлын албанаас мэдээлэл хийлээ. Өчигдөр Шадар сайдын өмгөөлөгч Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Авлигатай тэмцэх газар болон Тагнуулын ерөнхий газарт хүсэлт гаргасан байна. Тус хүсэлтэд Шадар сайд У.Хүрэлсүхийг байнга дагаж мөрдөж байсан этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 5 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгүүлэх. Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг энэ хэрэгтэй холбоотой байж магадгүй гэсэн үндэслэлээр гэрчээр байцаалгах зэрэг хүсэлт гаргасан билээ. Тэгвэл өнөөдөр Шадар сайдын ажлын албанаас АТГ, ТЕГ-т гомдол гаргасан талаараа мэдээлэл хийсэн юм. Уг хэвлэлийн хуралд Шадар сайдын Хуульч Ц.Баасандорж, Шадар сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр нар мэдээлэл хийлээ.
Шадар сайдын Хуульч Ц.Баасандорж хэлэхдээ "Анх 2017 оны тавдугаар сараас нэр бүхий 6 иргэн, гэрээт харуул хамгаалалтын компаниа У.Хүрэлсүх сайдыг дагасан, мөрдсөн үйл ажиллагаа явуулсан. Энэ талаар АТГ, ТЕГ-т долоодугаар сард гомдол гаргасан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл тус гомдлыг авч хэлэлцэхгүй байна. Уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан таван төрлийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Тодруулбал, Шадар сайдын У.Хүрэлсүхийн амь биед нь халдах, гэрчийн мэдүүлснээр Ерөнхий сайд болгохгүйн тулд хэрэгт орооцолдуулах, үүндээ цагдаагийн байгууллагад татан оролцуулах, хууль бусаар тагнасан мөрдсөн асуудал нь Эрүүгийн 19,2-р зүйлд заасан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах,, 19.3-т заасан “Хууль бусаар мөрдөж мөшгих гэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл учир үүнийг шалгуулахаар ТЕГ, АТГ, УЕПГ тус тус гомдол гаргасан. Одоо болтол энэ хүмүүс шийтгэлээ хүлээхгүй байгаа нь хуульч хүний хувьд энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж байна. Уг нь гомдол гаргаснаас хойш нэг сарын дотор хэрэг үүсгэж, гомдол гаргасан хүмүүст мэдээлэл өгөх ёстой. Одоо болтол тэгээгүй нь хууль бус үйлдэл гаргаж байна гэж хардах үндэслэл болж байна. Дараагийн асуудал нь уг хэргийн цорын ганц гэрч болох Н.Батболдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж өгөөч. Энэ хүний дэлгэсэн мэдээлэл ноцтой учраас өнөөдрийг хүртэл гэрч, хохирогчийн хамгаалалтад аваагүй байна.
Цаашид тагнуулын байгууллагын ажилтнууд тайлбар авахаас зугтсан, солигдсон тохиолдол гарсан. Энэ асуудалд улс төрийн нөлөө байгаа юм биш биз. У.Хүрэлсүхийн асуудлыг шалгахгүй байгаа нь Төрийн өндөр албан тушаалтантай холбоотой байхыг үгүйсгэхгүй
ЦЕГ, АТГ, ТЕГ нэг сарын хугацаанд 30 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг биелүүлсэнгүй. Тиймээс төрийн өндөр албан тушаалтнууд энэ хэрэгт нөлөөлж байгаа гэж хардаж байна” гэв.
У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүн. Засгийн газрын гишүүнийг тагнаж чагнахад Засгийн газраас анхаарах ёстой. Нэг сар болчихоод байхад Засгийн газраас ямар ч мэдээ, мэдээлэл хийсэнгүй. Анх долоодугаар сарын 3-ны өдөр У.Хүрэлсүх сайд МАН-ын удирдлагууд М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарт мэдэгдсэн байдаг. Монгол Улсын Шадар сайд нэг ч хоног амралтгүй ажилладаг. Түймэртэй, галтай, устай зууралддаг гэдгийг мэдэж байгаа. У.Хүрэлсүх сайд үүнийг өөрөө зохион байгуулсан гэх мэдээлэл явж байна. Өөрөө зохион байгуулсан бол яагаад 6 гэрчтэй байгаа юм. Бид энэ бүхнийг хууль хяналтын байгууллагууд ёс журмаар нь шалгахыг хүсэж байна хэмээн мэдээлэл хийлээ.