Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг Тарагт багт байрлах хадны бичээсийг тайлсан талаар Чингис хаан дээд сургуулийн захирал, доктор Х.Лхагвасүрэн, тус сургуулийн багш, профессор Б.Балжинням нар мэдээлэл хийлээ.Тэд Өвөрмонголын их сургуулийн Монгол судлалын сургуулийн эрдэмтэдтэй хамтран ажиллаж, Монголын шинжлэх ухаанд нээлт болохуйц судалгааны ажил хийсэн талаараа танилцуулсан байна. Судалгааны үр дүнд уг бичээсийг Зүүн Хань улсын үеийн ханз болохыг тогтоож, тайлж уншсан байна. Уг бичээст 20 мөр бүхий 250 гаруй ханз бий аж. Түүнийг тайлж, “89 оны 6, 7 дугаар сард умард Хүннүг хагалган бутаргаж, дайлаар мордсон тухай” өгүүлсэн болохыг тогтоожээ.