Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг хэсэг залуус дагаж чагнасан асуудал нийгэмд нэлээд дуулиан тарьж байна. Шадар сайд У.Хүрэлсүхийг дагасан гэдгээ гэрчилсэн, хэргийн цорын ганц гэрч Ч.Батболдыг өнөөдөр өглөө үүрээр АТГ-ын ажилчид саатуулсан. Хэргийн эргэн тойронд юу болсон талаар Ч.Батболдын эхнэр Л.Байгалмаа болон Шадар сайдын өмгөөлөгч Ц.Баасандорж нарын яриаг хүргэе.
Ц.Баасандорж: Гол гэрчийг гэртээ амарч байхад нь хуулийн байгууллагын ажилтнууд саатууллаа
Шадар сайдыг дагаж байсан гэх хэрэг шалгагдаж байгаа. Өнгөрсөн шөнө Ч.Батболд гэдэг хэргээ илчилсэн гол гэрчийг гэртээ амарч байхад нь хуулийн байгууллагын ажилтнууд цонхыг нь хагалж ороод газарт хэвтүүлэн, баривчлаад аваад явсан байна.Ч.Батболдоос гадна А болон Ж гэх цагдаагийн хоёр албан хаагчийг саатуулсан байна. Шадар сайдыг зохион байгуулалттайгаар тагнаж, чагнасан үйл ажиллагааг илчилсэн хоёр цагдаагийн алба хаагч болон Ч.Батболдыг бариад аваад явчихлаа. Хоёр хоногийн өмнө Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд гэрч, хохирогчийг хамгаалах тухай хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, Ч.Батболд нь энэ хэргийн гол гэрч, хэргээ илчилсэн, энэ бол Тагнуулын байгууллага шалгах ёстой төрийн эсрэг гэмт хэрэг. Гэтэл хэргийн цорын ганц гэрчийг хэргээ илчилснийх нь төлөө барьж, одоо ямар үйл ажиллагаа, яаж явж байгааг мэдэхгүй байна. Бидний авсан мэдээллээр байцаалт авч байгаа алба хаагч нар нь Ерөнхий сайдыг гүтгэлээ, доромжиллоо гэдэг илт нэг талыг барьсан агуулгаар, айлган сүрдүүлж байна гэсэн мэдээлэл байна. Тиймээс энэ хэргийг үнэн зөв шударгаар шийдэх хэрэгтэй байна. Яагаад нэг сарын өмнөөс байцаалт өгье гээд яваад очиход байцаагч нар нь алга болдог, зугтдаг байсан мөртлөө нэг сарын дараа гэнэт баривчилж байцаагаад эхлэж байгаа юм. Хоёрдугаарт, яагаад Очир харуул хамгаалалтын алба болоод бусад үүнийг зохион байгуулсан, 50 сая төгрөг өгсөн нөхдийг барьж байцаахгүй байгаа юм бэ.
Өнөөдөр үүрээр гэнэт цонх хагалаад 10 гаруй хүмүүс ороод ирсэн. АТГ-ын 5 албан хаагч мөн ЦЕГ-ын 6 албан хаагч ирээд баривчлаад аваад явсан. Гэнэт л цонхоор бороохойтой хүмүүс ороод манай гэр бүлийнхэн маш их айсан. Манай гурван хүүхэд маш их айсан, бага хүүхэд маань айсандаа өмдөндөө шээсэн байсан. Цонх хагалж орж ирчихээд, явахдаа шүүрдээд цэвэрлэчихье гэхээр нь “Яах юм бэ, та нар одоо явчих, би хаалга үүдээ түгжье” гэсэн. Учир нь хүүхдүүд айлж орилолдоод, бага хүүхэд маань айсандаа бараг өмдөндөө шээсэн байсан. Диск ч гэнэ үү нэг юм хайна гэсээр нэгжлэг хийгээд гараад явсан. Тэгтэл “Шилээ цэвэрлэнэ” гэж хоёр, гурвуулаа дайрсаар байгаад хагалсан шилээ цэвэрлээд, хоёр гурван давхар уутанд хийгээд аваад явсан.