8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Шадар сайдыг дагаж мөрдсөн хэргийн гэрч Ч.Батболдыг баривчилж, МАН-ын 7 гишүүн ЗГ-ыг огцруулахаар гарын үсгээ зурсан өдөр

2017-08-10 18:30:00

“Юуг ч маргааш гэж бүү хойшлуул. Энэ нь цаг хугацааны үнэ цэнийг мэддэг хүний давуу тал” гэсэн сайхан үгийн хамт эрхэм уншигч танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ таны хувьд цаг хугацааны хувь үнэ цэнэтэй нэг өдөр байсан гэдэгт найдаж байна. Өнөөдөр улс эх оронд болсон үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Ж.Эрдэнэбатын Засгийн газар унах нь цаг хугацааны асуудал болжээ

-МАН-ын долоон гишүүн Засгийн газрыг огцруулахаар гарын үсгээ зуржээ-

МАН-ыг гаднаас нь харахад их л тайван, нам жим, эв түнжинтэй харагдсаар ирсэн. Яг л 90 жилийн их түүх, улстөрийн ууган хүчин шиг.  Харин 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш тус нам доторх бужигнаан хурцадсан ч тэр бүр ил гаргаж байгаагүй. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй нь бололтой. Учир нь МАН-ын долоон гишүүн Засгийн газрыг огцруулахаар гарын үсгээ зуржээ. Шалтгаан нь сүүлийн үед нам доторхи үл ойлголцлын асуудлаас үүдэн, намын нэр хүнд унаж байгаатай холбогдуулан УИХ-ын нэр бүхий гишүүд хамтран Засгийн газраа огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн нь энэ юм байна.  Эх сурвалжийн мэдээлснээр МАН-ын 30 гаруй гишүүнд гарын үсэг зурахад бэлэн гэдгээ илэрхийлсэн аж. Мөн эдгээр гишүүд Шадар сайд У.Хүрэлсүхийг дэмжиж ажиллана гэдгээ дуулгажээ.  

Эх сурвалжийн мэдээлснээр МАН-ын 30 гаруй гишүүнд гарын үсэг зурахад бэлэн гэдгээ илэрхийлсэн аж. Мөн эдгээр гишүүд Шадар сайд У.Хүрэлсүхийг дэмжиж ажиллана гэдгээ дуулгажээ. 

Холбогдох хуулийн дагуу Засгийн газрыг огцруулах үндэслэлийг парламентын 19 гишүүн дэмжсэнээр УИХ-аар хэлэлцэх нөхцөл бүрддэг юм байна. Энэ асуудлыг хэлэлцээд УИХ-ын гишүүдийн 51-ээс дээш хувь нь дэмжвэл саналыг хүлээж авах горимтой аж.  Өөрөөр хэлбэл, Засгийн газрыг огцруулах үндэслэлийг УИХ-ын 76 гишүүний 39 нь дэмжвэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар унах юм байна. Үүнээс харахад Ж.Эрдэнэбатын Засгийн газар унах нь цаг хугацааны асуудал болжээ. 

Өөрөөр хэлбэл, Засгийн газрыг огцруулах үндэслэлийг УИХ-ын 76 гишүүний 39 нь дэмжвэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар унах юм байна. 

Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш МАН доторх хагарал хурцдаж өнөөдөр гишүүд нь Засгийн газраа огцруулах асудал ч сөхөгдлөө. МАН-ын доторх асуудал ойрын үед ингэж хурцдаж байгаа ч эхлэл нь Засаг байгуулагдсан үе гэдгийг учир мэдэх хүмүүс "жиг жув" ярьж ирсэн гэнэ. Учир нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгууллагдаад 6 сар ч хүрээгүй байхад гишүүд Засгийн газраа унагах тухай яриа гарч байжээ. Энэ яриа гарах болсон шалтгаан нь МАН-ын удирлагуудыг буруутай шийдвэр, хууль бус үйл ажиллагаатай холбоотой аж.  Ийм яриа гарах тухай бүрт МАН-ын удирдлагууд "дарсаар" өнөөдрийг хүрчээ. 

Х.Лхагвасүрэн: Монгол орны нутгаас Хүн гүрний үеийн томоохон бичээс анх удаа олдлоо

Чингис хаан дээд сургуулийн зөвлөх багш, түүхч, профессор Б.Балжинням,“Чингис хаан”дээд сургуулийн захирал, археологич доктор Х.Лхагвасүрэн нар Хүннү гүрний үеийн эртний ховор бичээсийг тайлж уншсан байна. “Чингис хаан” дээд сургуулийн ахмад, дунд, залуу үеийн судлаачид эртний хятад ханз үсэг судлалаар Хятад Улсад нэрд гарсан судлаачдыг урьж хамтран судалгаа хийсэн юм байна. Хоёр орны судлаачид Ононгийн сав Дэлгэрхангай сумын орчимд археологийн судалгаа хийж, чулуун зэвсгийн үе, 40 мянган жилийн өмнөх бууцыг олж илрүүлсэн ажээ. Энэ талаар бид Чингис хаан” дээд сургуулийн захирал, археологич доктор Х.Лхагвасүрэнгээс түүхэн бичээсийн талаар мэдээлэл авлаа. 
 

-Та бүхэн чулуун зэвсгийн үе, 40 мянган жилийн өмнөх бууцыг олж илрүүлсэн гэсэн. Энэ талаар бидэнд мэдээлэл өгөхгүй юу?

-Чингис хаан дээд сургууль Өвөрмонгол их сургуулийн багш нартай хамтарч түүхэн бичээс илрүүллээ. Эртний ханз үсэг судлалаар Хятадад нэрд гарсан судлаачдыг урьж хамтран Ононгийн сав Дэлгэрхангай сумын орчимд археологийн судалгаа хийж, чулуун зэвсгийн үе, 40 мянган жилийн өмнөх бууцыг олж илрүүллээ. Энэ бичээс эртний түүхэн үйл явдлыг бичсэн бичээс байна. Энэ бичээсэнд Өмнөд Хүннү, Умард Хүннү байлдсан тухай, хэрхэн байлдсан тухай, мөн хэн удирдсан хэдий хэмжээний хор хохирол гарсан талаар бичсэн байна. Энэ бичээсний ач холбогдол нь юунд байна гэвэл эвтэй байгаагүйгээсээ болж хоорондоо эвдрэлцэж, нэг орон, нэг үндэстэн хоорондоо дайтаж, нэгнийгээ хороож байсныг бодитойгоор тэмдэглэснээрээ онцлогтой. Монгол орны нутгаас Хүн гүрний үеийн томоохон бичээс анх удаа олдлоо.  Энэ бичээсийг эртний Зүүн хань улсын бичгээр бичсэн байна. Бидний өвөг дээдсийн анхны байгуулсан төрт улс бол Хүннү. Энэ улс маань хоорондоо эвдрэлцэж Умард Хүннү, Өмнөд Хүннү гэж салсан. Өнөөгийн байдлаар Хүннүгийн судалгааны талаар зуун жилийн хугацаанд 1,000 гаруй ном бичигдсэн байдаг. Гэвч зөвхөн түүхийн хувьд гол үйл явдлуудыг л дурдсан байдаг ба зарим талаар он тооллын хувьд зөрдөг. Түүхэн ховор бичээсийг олсноор Хүннү судлалд том нэмэр орууллаа. Тус бичээс нь Монгол нутгаас олдсон Монгоочуудын эртний дурсгал юм. 

-Тухайн бичээс нь хэмжээний хувьд хэр том юм бэ?

-Дэлгэрхангай уулын баруун элэгний том хадан цохио байгаа. Тэр цохио нь уртаараа 85 метр, өргөнөөрөө 42 метр толигор чулуун дээр сийлсэн байсан. Байгалийн хадан дээр цохиж сийлсэн гэсэн үг. Сийлэхдээ өндөрөөрөө 1 м орчим өргөн нь 85 см талбайд 250 орчим ханзыг сийлж цохисон байсан. Бичээсийг маш нямбай сийлсэн нь харагдаж байна лээ. Зарим үсэг нь сийлсэн газраа бүдэг байвал хажуу талд хадаж хийсэн байна. Мөн бичээс үйлдэх гэж байсан талбайгаа маш сайн цэвэрлэж бэлтгэсэн байна. Үүнээс харахад бичээс үйлдэснээс гадна тахилга явагдсан гэж бид ойлгосон. 

-Та бүхэн энэ түүхэн бичээсийг анх хаанаас мэдсэн бэ. Хэдий хэр хугацаанд ажиллаж байж илрүүлэв?

-Одоогоос 10 гаруй жилийн өмнө Дэлгэрхангай сумын М.Гомбодорж гэдэг хүнээс мэдээлэл авсан. Анх тэр хүн тухайн газар нутагт ан хийж явахад нь , хүчтэй бороо орсон юм байна лээ. Тэр борооноос хорогдоод тэр хадны нөмөрт зогсож байгаад олж харсан гэсэн. Тэгээд энэ тухай бидэнд мэдэгдсэн. 

-Бичээсийг хуулж аваад хэрхэн тайлж уншсан бэ?
-Өвөрмонголын Их сургуулийн багш, эрдэмтэн Ж.Чимэддорж олдворын бичээсийг тайлсан. Тэр эрдэмтэн эртний хятад ханз бичигт гаршсан хүн.Тэрээр Сычуань мужийн Их сургуулийн докторант Го Жонгун шавиа дуудаж авчраад, хэдэн талаас нь эрдэмтэн, судлаачид нийлж байж энэ бичээсийг тайллаа. Гэхдээ нягтлаж сайн үзсэн. Маш олон толь бичиг харж тулгаж, нягталсны эцэст бичгийг тайлж чадсан.
-Энэ түүхэн бичээсийг цаашид хэрхэн хамгаалах вэ. Улсын тусгай хамгаалалтанд авах ажлыг хөөцөлдсөн үү?

-Манай сургуулийн багш, судлаачид өмнө нь тус газар гурван удаа очиж байсан. Сая дөрөв дахь удаагаа очиж, долоо хоног ажиллалаа. Хамгийн чухал нь энэхүү түүхэн бичээсийг хадгалж хамгаалах хэрэгтэй байна. Бид бичээсийг бүрэн хуулж авлаа. Одоо улсын хамгаалалтанд авах хэрэгтэй байна. Улсын түүх соёлын дурсгалд бүртгэж авах хэрэгтэй. Түүх соёлын дурсгалд зэрэг дэв гэж байдаг. Улсын хамгаалалт, аймаг, сумын хамгаалалт гэж байдаг. Мөн хамгаалалтын бүс бий болгох ёстой. Анхны төрт улсаа байгуулсан өвөг дээдсийн маань гэрэлт хөшөө учраас үүнд төр засгийхан ч мөн анхаарах хэрэгтэй. 

Ч.Батболдын эхнэр Л.Байгалмаа: Бага хүүхэд маань айсандаа өмдөндөө шээсэн

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг  хэсэг залуус дагаж чагнасан асуудал нийгэмд нэлээд дуулиан тарьж байна. Шадар сайд У.Хүрэлсүхийг дагасан гэдгээ гэрчилсэн, хэргийн цорын ганц гэрч Ч.Батболдыг өнөөдөр өглөө үүрээр АТГ-ын ажилчид саатуулсан. Хэргийн эргэн тойронд юу болсон талаар Ч.Батболдын эхнэр Л.Байгалмаа болон Шадар сайдын өмгөөлөгч Ц.Баасандорж нарын яриаг хүргэе. 

Ц.БААСАНДОРЖ: ГОЛ ГЭРЧИЙГ ГЭРТЭЭ АМАРЧ БАЙХАД НЬ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНУУД СААТУУЛЛАА

Шадар сайдыг дагаж байсан гэх хэрэг шалгагдаж байгаа. Өнгөрсөн шөнө Ч.Батболд гэдэг хэргээ илчилсэн гол гэрчийг гэртээ амарч байхад нь хуулийн байгууллагын ажилтнууд цонхыг нь хагалж ороод газарт хэвтүүлэн, баривчлаад аваад явсан байна.Ч.Батболдоос гадна А болон Ж гэх цагдаагийн хоёр албан хаагчийг саатуулсан байна. Шадар сайдыг зохион байгуулалттайгаар тагнаж, чагнасан үйл ажиллагааг илчилсэн хоёр цагдаагийн алба хаагч болон Ч.Батболдыг бариад аваад явчихлаа. Хоёр хоногийн өмнө Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд гэрч, хохирогчийг хамгаалах тухай хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, Ч.Батболд нь энэ хэргийн гол гэрч, хэргээ илчилсэн, энэ бол Тагнуулын байгууллага шалгах ёстой төрийн эсрэг гэмт хэрэг. Гэтэл хэргийн цорын ганц гэрчийг хэргээ илчилснийх нь төлөө барьж, одоо ямар үйл ажиллагаа, яаж явж байгааг мэдэхгүй байна. Бидний авсан мэдээллээр байцаалт авч байгаа алба хаагч нар нь Ерөнхий сайдыг гүтгэлээ, доромжиллоо гэдэг илт нэг талыг барьсан агуулгаар, айлган сүрдүүлж байна гэсэн мэдээлэл байна. Тиймээс энэ хэргийг үнэн зөв шударгаар шийдэх хэрэгтэй байна. Яагаад нэг сарын өмнөөс байцаалт өгье гээд яваад очиход байцаагч нар нь алга болдог, зугтдаг байсан мөртлөө нэг сарын дараа гэнэт баривчилж байцаагаад эхлэж байгаа юм. Хоёрдугаарт, яагаад Очир харуул хамгаалалтын алба болоод бусад үүнийг зохион байгуулсан, 50 сая төгрөг өгсөн нөхдийг барьж байцаахгүй байгаа юм бэ.

Ч.Батболдын эхнэр Л.Байгалмаа: Бага хүүхэд маань айсандаа бараг өмдөндөө шээсэн байсан

Өнөөдөр үүрээр гэнэт цонх хагалаад 10 гаруй хүмүүс ороод ирсэн. АТГ-ын 5 албан хаагч мөн ЦЕГ-ын 6 албан хаагч ирээд баривчлаад аваад явсан. Гэнэт л цонхоор бороохойтой хүмүүс ороод манай гэр бүлийнхэн маш их айсан. Манай гурван хүүхэд маш их айсан, бага хүүхэд маань айсандаа өмдөндөө шээсэн байсан. Цонх хагалж орж ирчихээд, явахдаа шүүрдээд цэвэрлэчихье гэхээр нь “Яах юм бэ, та нар одоо явчих, би хаалга үүдээ түгжье” гэсэн. Учир нь хүүхдүүд айлж орилолдоод, бага хүүхэд маань айсандаа бараг өмдөндөө шээсэн байсан. Диск ч гэнэ үү нэг юм хайна гэсээр нэгжлэг хийгээд гараад явсан. Тэгтэл “Шилээ цэвэрлэнэ” гэж хоёр, гурвуулаа дайрсаар байгаад хагалсан шилээ цэвэрлээд, хоёр гурван давхар уутанд хийгээд аваад явсан.

Найман сартай бие давхар эмэгтэйг тэмбүүтэй гэж худал оношилжээ

Найман сартай бие давхар эмэгтэйг Чингэлтэй дүүргийн эмнэлэг тэмбүүтэй гэж худал оношилжээ. Тус эмэгтэй жирэмсэн болсоноосоо хойш эмчийн хяналтанд байж, эмчийн үзлэгт тогтмол хамрагдаж байсан аж. Улмаар 2017 оны долоодугаар сарын 25-нд Чингэлтэй дүүргийн VI хорооны өрхийн эмнэлэгт ХДХВ/ДОХ, БЗХӨ-ий шинжилгээ өгсөн байна. Хэд хоногийн дараа түүний шинжилгээний хариу эерэг гарч, тэмбүүтэй гэсэн онош тавьсан байна. Иргэн Х шинжилгээний хариуг баталгаажуулахын тулд “Улаанбаатар Мед” ХӨСҮТ-ийн эмнэлэгт шинжилгээ өгөхөд “Тэмбүүгүй” гэсэн онош гарсан байна. Эцсийн дүгнэлтээр тус жирэмсэн эмэгтэй тэмбүүгүй гэсэн онош нь батлагдсан байна.

Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн хэргийн цорын ганц гэрч Ч.Батболдыг баривчилжээ

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг өнгөрсөн тавдугаар сараас эхлэн хэсэг залуус дагаж, чагнасан  хэрэг илрээд байгаа билээ. Тус хэргийг шалгуулахаар Шадар сайдын ажлын албаныхан АТГ, ТЕГ-т хандаж, Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Авлигатай тэмцэх газар болон Тагнуулын ерөнхий газарт хүсэлт гаргасан бөгөөд У.Хүрэлсүхийг байнга дагаж мөрдөж байсан этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 5 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгүүлэх. Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг энэ хэрэгтэй холбоотой байж магадгүй гэсэн үндэслэлээр гэрчээр байцаалгах зэрэг хүсэлт гаргаад байгаа. Тэгвэл өнөөдөр  үүрээр Шадар сайд У.Хүрэлсүхийг дагасан гэдгээ гэрчлээд байсан залуусын гэрт тусгай өмсгөлтэй хүмүүс нэвтрэн орж саатуулсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, гэрч Ч.Батболдын гэрт үүрийн 05:00 цагийн үед тусгай хувцастай 20 гаруй залуус гэнэт цонхыг нь хагалан, дээврээс нь хүн нэвтрүүлж орсон байна. Улмаар гэр бүлийнхийнх нь нүдэн дээр зодож, шал руу бөхийлгөн гавлаад гарсан аж. 

Бүргэдчин охин Н.Айшолпан Азийн “GAME CHANGER” шагнал хүртэнэ

Asia Society байгууллага 2017 оны “Asia Game Changer Awards” шагналыг Ази тивийн ирээдүйд эерэг өөрчлөлт бий болгосон есөн хүнд гардуулж байгаагаа зарлажээ.Шагнал хүртсэн есийн нэг нь Монгол Улсын иргэн, Бүргэдээр ав хийгч Нургайвын Айшолпан тодорсон байна. Түүний бага залуу насандаа хүйсээр ялгаварлах үзэл, ойлголтыг өөрчилсөн гавьяаг нь үнэлсэн гэнэ.

Нэр дэвшигчдийг Asia Society байгууллагын дэлхийн сүлжээний 1000 гаруй гишүүдийн саналаар сонгодог юм байна. Шагналыг 2014 оноос эхлэн Ази тивийн нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулсан хүмүүст олгож эхэлжээ.

Энэ жилийн шагналыг буяны үйлстэн Ага Хан, Афганистаны эмэгтэй реппэр Сонита Ализадех, Хятадын такси дуудлагын сүлжээг үндэслэн байгуулагч Жан Лю, Камбожийн байгаль орчныг хамгаалагч Лэн Оук, Энэтхэгийн нийгмийн зүтгэлтэн Дэв Пател, Хятадын хөгжимчин Ву Тон, Японы “Uniqlo” хувцасны үйлдвэрийг үүсгэн байгуулагч Тадаши Янай, боловсролын Sesame Street байгууллага хүртсэн байна.

“Asia Game Changer Awards” шагналыг арваннэгдүгээр сарын 1-нд Нью Йорк хотноо гардуулах юм байна. 

Эцэг эхчүүдийн анхааралд...

Төрийн өмчит цэцэрлэгт шинээр элсэгчдийг цахимаар бүртгэдэг болсон. Энэ бүртгэл дуусахад 16 хоног үлдээд байна.Цэцэрлэгт шинээр орох 39250 хүүхэд буйгаас 17462 нь буюу 44 хувь нь цахимаар бүртгүүлжээ. Мөн өнөөдрөөс буюу энэ сарын 10-наас нэгдсэн журмаар цэцэрлэг дээр нь багш ажилтнууд нэмэлт бүртгэл хийх аж.

Цэцэрлэгийн онцлог, ачааллыг харгалзаж зорилтот бүлгийн хүүхдүүдийг 20 хүртэл хувиар тооцон, нэмж элсүүлэх боломжтой. Эл элсэлтийг энэ сарын 21-24-нд уламжлалт аргаар зохион байгуулахаар болжээ.

Ц.Элбэгдоржид насан туршид нь цалин олгоно

Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдоржийн хангамж, хамгаалалтын талаар хэлэлцэж Засгийн газрын тогтоол баталлаа.

Холбогдох хуулийн заалтыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид 2017 оны долдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн насан туршид нь тухайн үеийн Засгийн газрын гишүүний цалинтай тэнцэх сул цалин олгож, санхүүжилтийг жил  бүрийн улсын төсөвт тусгахыг Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нарт үүрэг болголоо.

Мөн  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш дөрвөн жилийн хугацаанд тодорхой зэрэглэл бүхий төрийн хамгаалалтад байх бөгөөд холбогдох зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж явахыг Сангийн сайд, ТЕГ-ын дарга нарт даалгалаа.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
АН-ХАН МАН-Г ДОТОР НЬ ХАГАРАЛДУУЛАХАА ЗОГСОО
2017/08/10 202.9.42.190
  • Recent
  • Most Read
  • Most Comment