Өнгөрсөн тавдугаар сараас эхлээд Шадар сайд У.Хүрэлсүхийг хэдэн залуус нууцаар чагнасан, тагнасан хэрэг гарсанаас хойш багагүй дуулиан дэгдээд байна. Одоогоос хэдхэн хоногийн өмнө сошиал ертөнц, мөн хэвлэлээр тархсан “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Шадар сайд У.Хүрэлсүхийн араас сүүл тавьжээ” гэсэн бичлэг цацагдаж эхэлсэн.
Уг бичлэгт гэрч Ч.Батболд гэх залуу “Намайг Шадар сайд У.Хүрэлсүхийг ямар нэг байдлаар өдөж байгаад нэг цохиулаад тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргачих. Ингэсэн нөхцөлд эхний удаад 50 сая төгрөг өгнө гэж хэлсэн. Хүрэлсүхийг дагаж эхэлсэн. Машин тэргийг нь, гэр орныг нь судалсан. Г эрийнх нь гадаа 3-4 хоносон. Өөрийг нь машинтай дагасан. 00-73 УБҮ гээд land 500 маркийн машинтай байсан” хэмээн ярьсан байдаг.
Уг хэргээ хүлээсэн, цорын ганц гэрч болох Ч.Батболдыг өчигдөр үүрээр гэртээ амарч байхад АТГ, ЦЕГ-ын 10 гаруй ажилчид баривчилж авч явсанаар уг хэрэг улам хурцдаж эхэллээ. Ч.Батболд гэх энэ залуу нь хэрэгт оролцож, төрийн өндөр албан тушаалтаныг тагнасан чагнасан хэрэгт оролцсон ч гэсэн сүүлд нь хэргээ хүлээсэн учраас гэрч хохирогч болоод байгаа юм. Тийм учраас хэргээ хүлээсэн гэрч хохирогчийг хуулийн байгууллага хамгаалалтанд авч хэргийг шалгах ёстой байв. Гэтэл хуулийн байгууллага үүрээр цонхыг нь хагалан гэрт нь дайран орж, нялх хүүхдүүдийнх нь өмнө баривчлав. Тус хэргийн эргэн тойронд болсон үйл явдлын талаар жиргээчид болон, цахим орчныхон юу гэсэн талаар мэдээллийг хүргэе.