Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр орой МҮОНТ-д анхныхаа ярилцлагыг өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, тамгаа гардан авснаас хойш нэг сарын дараа төрийн тэргүүний ажил, цаашид хийх ажлаа танилцууллаа. Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс олны анхаарлыг татсан ишлэлүүдийг онцолж байна.
1. Ний нуугүй хэлэхэд Монгол Улс маш хүнд байна. Эдийн Засгийн хувьд, сахилга батын хувьд хүнд байна.
2. Яагаад ийм хүнд үед манай хүмүүс амраад байдаг юм бэ. Ажлаа хиймээр байна.
3. Улс төрд ороод баяждаг болсон байна.
4. Намайг Хятадын эсрэг үзэл бодолтой гэж яриад, сурталчлаад байдаг. Энэ бол Гадаад хэргийн сайдын хийж байгаа ажил.
5. Манай эдийн засгийн 90 хувь нь хятадын хараат байна. Ийм байхад улс орон хөгжихгүй.
6. Далай ламыг урих гэхээр болохгүй гэдэг. Бид чинь хараат болчихсон байхгүй юү.
7. Бизнесийг харилцан ашигтай хийе. Манай бүтээгдэхүүнийг Та нар ав, битгий хямдхан аваач ээ гэж яръя гэж бодож байна.
8. Таван толгой руу асар хүчтэй дайралт хийлээ. Энэ бол 1970-аад орны эхээр ард түмний татвараар олсон орд. Үүнийг гадныхантай хамтарсан нэг компанид өгч болохгүй.
9. Тавантолгойн ордын ашиг бүх ард түмэнд очих ёстой юм.
10. Бэлэн мөнгө уул уурхайтай, архины үйлдвэртэй хүнд л байдаг. Бэлэн мөнгө байгаа газарт авлига байдаг.
11. Засгийн газарт байгаа уул уурхайтай сайд нар ажлаасаа татгалзаач ээ гэж уриалмаар байна.
12. Надад итгээгүй хүмүүсийнхээ итгэлийг авмаар байна.
13. Ерөнхийлөгч бол эрх мэдэлтэй ч юм шиг, үгүй ч шиг байдаг. Тэгээд үүнийг нь хумихаар би юу хийхээ мэдэхгүй байна.
14. Сая МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээлээ. Эрх мэдлийн хуваарилалтаас болж олонхиороо түрж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх байхгүй. Эрх мэдэл биш, “эрх” шүү.
15. Сонгууль но-той явагдсан. 60 тэрбум төгрөгийн авлигажсан сонгууль болсон.
16. Маш том хоёр аюул байна. Ядуурал, ажилгүйдэл. Тийм учраас өөрсдөө бүтээн байгуулалт хийх ёстой.
17. Ажлын байрыг бүтээн байгуулалтаар бий болгоно.
18. Аль ялсан намын хүмүүс нь Таван толгойд очиж шургадаг. Өөрсдөө зусалдагаа болиод, баялагаа ард түмэндээ өгөх ёстой.
19. Ерөнхийлөгч болохоос өмнө намайг шалгаж байсан хэрэг мухардсан.
20. 60 тэрбум чинь зөвхөн хотынх. Хөдөөг тооцож үзвэл ямар юм болох вэ.
21. Ерөнхийлөгчийн сонгууль хүч тэнцвэргүй тулаан болсон. Эрх мэдэл бол нөгөө талд байсан.
22. Сонгуулиар маш их мөнгө тараасан, энэ нь уул уурхайн мөнгө л гэж бодож байна.
23. Дээрээ зарчим ярихгүй бол доороо яриад ч хэрэгггүй. Дээрээсээ цэвэрлэх ёстой.
24. Намууд улс төрчидөө бэлдэх ёстой.
25. ОУВС-тай тулаад ярьдаг мэргэжлийн хүмүүстэй байх ёстой. Бэлтгэгдсэн , мэргэжлийн хүн алга байна.
26. Монголын баялгийг сорж байгаа хэдэн гэр бүлтэй би хэзээ ч эвлэрэхгүй.
27. 60 тэрбумын асуудлыг АТГ-т хоёр ч удаа дуудаж хэллээ. 3,000 гаруй хүний албан тушаалын асуудал яригдсан.
28. Миний мөрөөдөл Монголын ард түмэн бүгд ажилтай болох. Ажилгүйдэл, ядуурал гэсэн хоёр том аюул Монголд байна. Монголд байгаа бизнесийн орчин тэлэх ёстой.
29. Монгол Улс ганцхан нүүрсэн дээр тогтсон улс болж хувирлаа. Төмөр зам бол эдийн засгаа тэлэх гадны улсуудтай харилцах хамгийн том хувилбар.
30. Монголбанк өнөөдөр алтны нөөцөө мэдэхгүй байна. Монгол Улс өөрөө алтаа олборлох ёстой. Яаж вэ гэдэг нь технологийн асуудал.