Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга тангараг өргөж, төрийн тамга тэмдгийг хүлээж авснаас хойш нэг сар болж байна. Энэ хугацаанд Ерөнхийлөгч өөрийн багаа бүрдүүлж амжсан. Тодруулбал, 2017 оны долдугаар сарын 10-ны өдөр УИХ-ын дарга асан З.Энхболдыг Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар томилсон. Тэрбээр тангарагаа өргөсөн өдөр энэ томилгоог хийсэн юм. Үүний дараа 2017 оны долдугаар сарын 28-ны өдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөхөөр томилсон. Мөн хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгчийн Хэвлэл Мэдээллийн Албаны даргаар энэ өдөр Ж.Цэсэнг томилох захирамж гаргаад байгаа. Мөн найм хоногийн өмнө Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч, зохиолч Цоодолын Хуланг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр томилохоор шийдвэр гаргасан.
Үүнээс гадна тухайн өдөр Зам тээврийн сайд асан А.Гансүхийг Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 3 талт хамтын ажиллагаа болон эдийн засгийн коридорын асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр нэг жилийн хугацаатай томилсон. Мөн Д.Дагвадоржийг Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр нэг жилийн хугацаатай томилохоор захирамжилсан.Ерөнхийлөгчийн зарим томилгоо нь багагүй олны анхаарлыг татаж байгаа. Учир нь Ерөнхийлөгчийн томилсон зөвлөх, бие төлөөлөгчийн дунд хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүс багтаж байгаа. Жишээ нь, Зам тээврийн сайд асан А.Гансүх нь төмөр замын хэргээр Ерөнхийлөгчтэй хамт хуулийн байгууллагаар шалгагдаж байсан. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг сонгуулийн өмнө мөн л хуулийн байгууллагаар шалгагдаж байсан. Эдгээр эрхмүүдийн нэр холбогдсон хэрэг аль шатандаа яваа, буруутай, буруугүйг хуулийн байгууллага тогтоогоогүй байгаа юм. Ийм учраас олны анхаарлыг багагүй татсан. Томилгооныхоо талаар Ерөнхийлөгч өчигдөр тайлбар хийсэн. Тодруулбал,
З.Энхболд намын дарга байсан, хуульч эрх зүйч мэргэжилтэй. Бид хоёрын нөхөрлөл 27 жил болж байна. Бид бие биенээ мэднэ. Гэхдээ би дандаа удирдлага дор нь байсан. Миний дутагдалыг З.Энхболд мэднэ. 27 жил гэж багагүй хугацаа. Тамгын газар гэдэг бол Ерөнхийлөгчийн гал тогоо. Надад биш Ерөнхийлөгчид түшиг болох, мэдлэгтэй нэгэн.
Н.Алтанхуягийн хувьд намын дарга, Сангийн сайд, Ерөнхий сайд байсан. Маш их туршлагатай нэгэн. Миний дутууг нөхөх нэгэн. Монгол Улсынхаа Ерөнхийлөгчид зөвлөгөө өгч чадна.
Ц.Хулан бол шашин соёлын асуудлаар нэлээн хуурай юм хийдэг хүн. Шашин соёлын асуудал дээр лам хүн тавихад хэцүү. Яг энэ тал дээр намайг түших хүн гэж бодож байна.
Ч.Гансүхийн хувьд бол хуульч, эрх зүйч хүн. Өнөөдөр Монгол Улсын бизнесийн орчинд хамгийн түрүүнд хийх зүйл бол дэд бүтэц. Төмөр зам дээрээ махлагдаж байсан хүний хувьд дахиад Ч.Гансүх шиг хүнийг гаргаж ирэхийн тулд хэдэн жил хэрэгтэй.
Д.Дагвадорж бол Японы болон Дэлхийн од. Д.Дагвадорж бол сийрэг толгой. Улс төрчдийн 2.3 жил яриад ойлгохгүй байгаа юмыг 20 минутын дотор ойлгосон. Энэ хүнийг Монгол Улс ашиглах ёстой.