"Херо" энтертайнмент студийн бэлтгэн хүргэдэг. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн 2014 онд тус нэвтрүүлэгт оролцсон билээ. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиал сүлжээгээр тус нэвтрүүлэгтэй холбоотой хар дүрс алдагдаж тархсан юм. Энэхүү бичлэг юуны учир ингэж алагдах болов “Херо" энтертайнмент студийн захирал Б.Баатараас тодрууллаа.
- Нэвтрүүлэгт огт оруулаагүй хассан хар дүрс яг хэзээнээс алдагсан гэдэг таамаг байгаа вэ? Алдагдсан гэдгийг хэзээ мэдсэн бэ?
- Анх цахим сүлжээгээр цацагдсан даруйд нь мэдсэн. Ойролцоогоор нэг сарын өмнө алдагдсан болов уу гэж таамаглаж байна. Цагдаагийн байгууллага шалгаж тогтоох байх. Маш нарийн зохион байгуулалтай дүрс бичлэг цацаж байгаа нь илт харагдаж байна. Бид та бүхэнд хүрэхээс хоёр, гурав хоног л устгах гэж 30-40 хүний бүрэлдэхүүнтэй багаараа ажлаад дийлсэнгүй. Youtube, Facebook-рүү утасдаж устгуулахаар байнга ярьж байгаа ч эргээд өөр акаунтаас ороод ирдэг. Манай сервер тийм ч амархан халдлагад өртөх газар биш. Цагдаагийн байгууллага, оюуны өмчийн газар гээд холбогдох бүх газруудад яаралтай арга хэмжээ авч, илрүүлж өгөхийг хүсэж байна. Цахим гэмт хэрэг гэдэг хэзээд ул мөр үлддэг учир удахгүй илрэх байх гэж найдаж байна.
- Олон нийт хар дүрс алдагдсаныг улс төрийн зорилгоор дотроосоо тараасан байж болзошгүй хэмээн хардах иргэд олон байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
- Бидний зүгээс ямар нэгэн зорилго агуулж тус бичлэгийг тараасан зүйл огт байхгүй. Манай хамт олон ч ийм зүйл хийхгүй би итгэлтэй байна. Би зүгээр л уран бүтээлч хүн. Өөрийнхөө уран бүтээлийг улс төрийн зорилгоор тараах тийм хүн биш. Надад улс төрд орох сонирхол ч байхгүй. Намайг өөрөө энэ бичлэг таарсан гэж хэлж байгаа.
- Ил болж алдагдсан дүрс бичлэгүүдээс өөр ямар, ямар дүрс бичлэг алдагдсан бэ?
- Бид одоогоор яг хэн хэний ямар дүрс алдагдсаныг мэдэхгүй байна. Шалгаж байна. Магадгүй МУ-ын өөр Ерөнхийлөгчийн дүрс ч алдагдсан байж болзошгүй.
- Та бүхэн С.Зориг агсны талаар баримтат кино хийхээр бэлтгэж байсан гэсэн. Цуглуулж байсан баримтууд мөн алга болсон уу?
- Бид С.Зориг агсны талаар баримтат кино хийхээр удаан хугацааны турш ажиллаж баримт материалууд цуглуулж байсан. Тухайн үеийн сонинд гарч байсан хайчилбарууд гээд нэлээд баримтууд байсан юм. Тэгтэл бидний скайнердаад харданд хадгалсан байсан. Хард бас алга болсон.
- Танай серверийн хамгаалалт хэр хамгаалалт сайтай вэ? Ямар компани хариуцдаг вэ? Компаний зүгээс ямар хариулт өгч байгаа вэ?
-Энэ хулгайн хэрэгтэй холбоотойгоор бүх асуудлыг цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байгаа. Дахин хэлэхэд манай сервер тийм ч амар нэвтрэх боломжгүй маш өндөр хамгаалалтай гэж хэлж болно.
- Таны зүгээс энэхүү бичлэгийг тараасан байх магадалтай гэж сэжиглэж байгаа хүн байгаа юу?
-Мэдээж хэрэг байгаа. Гэхдээ цагдаагийн байгууллага шалгаж дуустал ямар нэгэн зүйл энд хэлээд хэрэггүй биз. Улс төрчид ямар бохир зүйл хийдэг вэ гэдгийг харлаа. Гэвч монголын хууль ариун цэвэр байгаа гэдэгт итгэлтэй байна. Дахин хэлэхэд маш нарийн зохион байгуулалттай бүлэглэлийн хийсэн ажил. Цахим гэмт хэрэг заавал илэрдэг. Мэдээж хэрэг хардаж байгаа зөндөө л хүн байна.
-Маш олон эрхмүүд танай нэвтрүүлэгт оролцсон. Яагаад заавал Н.Энхбаярын бичлэгийн хар дүрс алдагдах болов. Улс төрийн зорилго агуулж байна гэж үзэх хүн олон байна?
- Монгол улсын Ерөнхийлөгч байсан монгол улсын түүхэн замналд Намбарын Энхбаяр гэдэг хүн сайнаараа ч муугаараа ч байх ёстой. Түүний талаар нэвтрүүлэг хийх нь яалт ч байхгүй зөв шүү дээ. Энэ хүний талаар нэвтрүүлгийг хийж эхлэхэд л маш олон дарамт шахалт манай хоёр хөтлөгчид болон надад ч ирж байсан. Хэд хэдэн улстөрчид над руу залгаж дарамталж байсан. Манай нэг хөтлөгч намын гишүүнчлэлтэй учир яг намын удирдлагууд нь биш юмаа гэхэд бусад гишүүд нь дарамт шахалт үзүүлэх зүйл их байсан. Үнэхээр энэ хүний хүнд хэцүү цаг үед бид уулзаж, ярилцсан учир тиймэрхүү өнгө аястай ярилцсан. Одоогоор бидэнд ямар нэгэн байдлаар гомдол ирүүлээгүй байна.
- Алдагдсан дүрс бичлэг дээр байгаа яриануудыг нэвтрүүлэгт яагаад оруулаагүй юм бэ? Тэр дор нь устагдаж болоогүй юм уу?
- Нэг удаагийн нэвтрүүлэг хийхийн тулд 20-30 цагийн бичлэг хийж байж тухайн хүний дотоод сэтгэлийг хөндөж гаргахыг хичээдэг. Уран сайхны тавилтат нэвтрүүлэг учир маш их сул дүрс авдаг. Нэвтрүүлгийн хар дүрсээс ашигладаг тул архивт хадгалагдсан байдаг.
- Энэхүү бичлэг алдагсаныг УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбож байна. Таны хувьд Х.Баттулгатай ямар холбоотой юм бэ?
- Х.Баттулга ийм зүйл хийх хүн биш. Бид нар ах дүүс. Адилхан зураач, багын найзууд. Тэгээд ч Х.Баттулга бидний дотоод ажил руу ордоггүй. Хэрвээ холбоотой байсан бол зарим нэр бүхий хүмүүсийг оруулахгүй байсан биз. Мөнгө төгрөг, бизнесийн холбоо ч огт байхгүй. Ийм хариуцлагагүй үйлдэл гаргасандаа би харамсаж байна.
- Таныг өөрөө энэ бичлэгийг цацсан гэх мэдээлэл байна. Энэ талаар?
- Тэр бичлэгт яригдаж байгаа зүйл надаас үүдэлтэй хоёр хөтлөгч, зураг авалтын багт ямар ч буруу байхгүй. Бүх зүйлийн буруу гэж үзэж байгаа бол би буруутай. Би өөрөө ийм салбарт байнга ажиллах цаашид ч ажиллах учраас хэзээ ч ийм зүйл хийхгүй. Х.Баттулга ийм хулгай хийх байсан бол арай өөр байх байсан. Би ч арай өөрөөр мантожлах байсан. Та бүхэн Х.Баттулгыг битгий муулаарай.
Д.Дэрэм