2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот СБД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэрт 5 залуу мансуурсан байдалтай байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иргэнээс иржээ.Уг мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагчид дээрх этгээдүүдийг шалган үзлэг хийхэд иргэн Т-ийн биеэс мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй байж болзошгүй цаасанд боосон зүйл илэрчээ. Энэ хэрэгт Монгол улсын иргэн Т, Ц, Ө, Л, Т гэх 5 этгээдийг саатуулан МУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг нээн шалгаж байгаа аж. Мөн дээрх этгээдүүдийн биеэс биологийн дээж авч шалгахад ТНС буюу мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон аж.
Хамгийн хачирхалтай нь ЦЕГ-ын цахим хуудаснаа мэдээлэл өгсөн иргэний нэр ус, царай төрхийг ил болгож, шагнаж урамшуулсан байна. Энэ нь мэдээлэл өгсөн иргэнийг шууд аюулд учруулж байна гэсэн үг. Ямар ч тохиолдолд мэдээлэл өгсөн иргэний нэр, царай төрхийг нууцлах ёстой. ЦЕГ-ын энэ мэдээллээс болж, тус залуугийн амь насанд аюул учирвал хэн хариуцах вэ. Тэр тусмаа хар тамхины хэрэг хамгийн хүнд, аюултай гэмт хэрэгт тооцдог. Цаашид хар тамхитай холбоотой мэдээлэл өгсөн хүн бүрийн мэдээллийг ингэж дэлгээд байх юм бол, иргэнээ хэн хамгаалах вэ.