Өнгө, мөнгөний төлөө нүдээ ч ухаад өгөхөд бэлэн болсон нийгэмд бид амьдарч иржээ. Төрийн эсрэг онц их хэмжээний хохирол учруулахуй хэмжээний хэрэг өнгөрсөн жилээс хойш олны анхаарлын төвд байсаар ирлээ. Энэ бол МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, түүнийг зөвлөх А.Ганбаатар нар төрийн албыг зарж, хэрхэн наймаалцах талаарх алдарт 60 тэрбумын бичлэг юм. Эл хэргийн уг гарвал нь 2014 оноос эхлэлтэй аж. Харин ил болсон нь 2016 он. Тодруулбал, 2014 оны наймдугаар сарын 28-ний өдөр оройны 21:00 цагийн үед Ц.Сандуй, А.Ганбаатар, хэргийн гэрч гэгдэж буй Г.Доржзодов нар Шинэ Монгол Хаад группын зургаан давхарт намын санжүүжилт босгох, стратеги төлөвлөгөөг боловсруулах нэрийн дор төрийн албыг ангилж, наймаалцаж хэрхэн мөнгө босгох талаар ярилцсан байна. Товчхондоо 60 тэрбумын бичлэгийг батлах 40 минутын шинэ бичлэг уржигдар буюу энэ сарын 14-ний өдөр С1 телевизийн “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлэгээр ил болсон юм.
Төрийн албан хаагчдыг шалгаж эхэлсэн үү
Энэхүү бичлэгт төрийн албыг ахлах мэргэжилтэн, дарга, Төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд, сайд гэсэн ангиллаар хувааж тус бүрт нь үнэлж “худалдах” талаар яригджээ. “Муу үйл модон улаатай” гэгчийн үлгэрээр төрийн албанд мэргэжил мэдлэг, туршлагаараа шалгаран орж ажиллаж байгаа төрийн захиргааны 3000 гаруй олон арван албан хаагчид, хэлтэс, албадын дарга нар АТГ толгой дарааллан шалгаж, мэдүүлэг авч эхэлсэн талаарх ч яриа гарч эхэлсэн юм. Тэр ч бүү хэл төрийн албан хаагчдын гэр бүлийн гишүүд, эхнэр хүүхэд, аав ээжийн дансыг нь шалгаж эхлэсэн гэсэн мэдээлэл чих дэлсэлж эхэлсэн талаар эх сурвалж ч мэдээллээ. Гэхдээ одоогоор төрийн албан тушаалд очсоныхоо хар гайгаар эрх баригч намд мөнгө төлтлөө дарамтанд орсон хэн нэгэн гарч ирээгүй байгаа аж. Үүнээс үзэхэд төрийн эсрэг эргэсэн 60 тэрбумын хэрэгт холбогдож мөнгө өгч төрийн албанд очсон гэдгээ хэлэх хэн нэгэн гарч ирэхгүй л болов уу.
Яг үнэндээ албан тушаалын наймаа, авлигын тухай яриа, шуугиан аль ч Засгийн үед байсан. Ил гарсан нь 60 тэрбум. Тэглээ гээд энэ хэргийг ингэс, тэгсхийгээд өнгөрөх асуудал биш.
2016 оны сонгуулиас хойш төрийн албанд мөнгө өгч орсон хүн байгаа бол бодит баримтыг нь гаргаж ирэх хэрэгтэй. Тэгээд ч яг энэ хэргийн эд мөрийн баримт байхгүй, зүгээр 60 тэрбумыг бид босгох бололцоотой, өмнө нь ардчилсан нам яг ингэж босгож байсан л гэж ярьсан байна. Яг үнэндээ албан тушаалын наймаа, авлигын тухай яриа, шуугиан аль ч Засгийн үед байсан. Ил гарсан нь 60 тэрбум. Тэглээ гээд энэ хэргийг ингэс, тэгсхийгээд өнгөрөх асуудал биш. Энэ асуудалд холбогдсон 3 хүнд хатуу хариуцлага тооцож, дараа дараагийн төр гарч ирэх шинэ үед “сургамж” болох хэрэгтэй.
Ц.Сандуй нийслэл гэх “их айл”-ыг цаашид удирдах уу “хэцүү нэртийн хаалга” татах уу
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйгийн удирдаж орсон нийслэлийн 9 дүүргийн 2-оос бусад нь бүгд ялагдсан. Энэ нь түүнд хариуцлага тооцох нэг асуудал. Угтаа бол зүй ёсоор сонгуулийн дүнгээс шалтгаалан Ц.Сандуй ажлаа өгч, огцрох учиртай. Мөн 2016 оны сонгуулийн өмнө төрийн албыг “наймаалцаж” 60 тэрбум төгрөг намдаа босгох тухай асуудалд оролцсон нь түүнийг гэмт хэргийн сэжигтэн болгоход хүргэсэн юм. Гэвч тэрээр албан тушаал, сандал суудалтайгаа зууралдан өдийг хүрч байгаа нь МАН-ын олон мянган гишүүдийн уур бухимдлыг төрүүлээд байна. Ц.Сандуй нийслэл гэх энэ “их айл”-ыг цаашид удирдах уу. Төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нөхдүүдийг өөгшүүлдэг улс манайхаас өөр хаана ч байхгүй. Манайхаас өөр улс оронд Ц.Сандуй шиг ийм хэмжээний хэрэгт орооцолдсон албан тушаалтанг огцруулах хүртэл арга хэмжээ авдаг жишигтэй аж. Түүгээр ч зогсохгүй “хэцүү нэртийн хаалга” татах хүртэл хэмжээнд шийдэж хариулцлага тооцдог байна.
Монголын төрийн түүхэн дэх “хар толбо"
“Өчигдөр газруудыг бүгдийг нь зарсан. Өнөөдөр төрийн албыг наймаалцаж зарж сууна. Маргааш Туурга тусгаар монгол улсын төрийг зарна. Үүний дараа улсаа, хамгийн сүүлд иргэдээ зарах нь дээ” гэсэн хатуу болов ч үнэн үг олны дунд яригдаж байна. Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад энэ бол өрт өвтгөм ч гашуун үнэн болжээ. Учир нь монгол төрийн тогтолцоо, дархлаа гэдэг зүйл толгой дарам хэдхэн хүний бизнесийн “орон зай” болж хувирсан байна.
Сандал суудал, ашиг хонжооны төлөө нэгнийгээ алахаас буцах болтлоо тагнаж, чагнаж шуналдаа “идэгдэж”. Төрийн албыг наймаалцах тухай яригдсан энэхүү 60 тэрбумын бичлэг Монголын төрийн түүхэн дэх “хар толбо” болж үлдэх нь. Учир нь Манжийн дарлалд 200 гаруй жил байхдаа мөхөөгүй, хагаралдаагүй тэр ард түмэн, үндэстэн өнөөдөр ямар байдалтай байна вэ. Түүхээс харахад өнөөдрийнх шиг хагаралдаж, бутарч байсан үе нэг удаа ч байгаагүй гэвэл хол зөрөхгүй болов уу.
Д.Болор