8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: МАН-ын УЗ хаалттай хуралдаж, Өмнөговьд малын шилжилт хөдөлгөөнийг зогсоосон өдөр

2017-08-16 18:45:00

“Урьдаар зөв хүмүүжлийг ол. Дараа нь мэргэн ухаанд суралц. Эхнийх нь үгүй бол сүүлчийнхэнд хүрэх хэцүү” гэсэн сайхан үгийн хамт эрхэм уншигч таныг энэ өдрийн амрыг эрье. Үдэш бүрийн энэ цаг үед эрхэм уншигч тантай учран золгодог  “Монголын нэг өдөр”  тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Монголын төрийн түүхэн дэх “хар толбо" 

Өнгө, мөнгөний төлөө нүдээ ч ухаад өгөхөд бэлэн болсон нийгэмд бид амьдарч иржээ. Төрийн эсрэг онц их хэмжээний хохирол учруулахуй хэмжээний хэрэг өнгөрсөн жилээс хойш олны анхаарлын төвд байсаар ирлээ. Энэ бол МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, түүнийг зөвлөх А.Ганбаатар нар төрийн албыг зарж, хэрхэн наймаалцах талаарх алдарт 60 тэрбумын бичлэг юм. Эл хэргийн уг гарвал нь 2014 оноос эхлэлтэй аж. Харин ил болсон нь 2016 он. Тодруулбал,  2014 оны наймдугаар сарын 28-ний өдөр оройны 21:00 цагийн үед Ц.Сандуй, А.Ганбаатар, хэргийн гэрч гэгдэж буй Г.Доржзодов нар Шинэ Монгол Хаад группын зургаан давхарт намын санжүүжилт босгох, стратеги төлөвлөгөөг боловсруулах нэрийн дор төрийн албыг ангилж, наймаалцаж хэрхэн мөнгө босгох талаар ярилцсан байна. Товчхондоо 60 тэрбумын бичлэгийг батлах 40 минутын шинэ бичлэг уржигдар буюу энэ сарын 14-ний өдөр С1 телевизийн “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлэгээр ил болсон юм.

Төрийн албан хаагчдыг шалгаж эхэлсэн үү

Энэхүү бичлэгт төрийн албыг ахлах мэргэжилтэн, дарга, Төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд, сайд гэсэн ангиллаар хувааж тус бүрт нь үнэлж “худалдах” талаар яригджээ.  “Муу үйл  модон улаатай” гэгчийн үлгэрээр төрийн албанд мэргэжил мэдлэг, туршлагаараа шалгаран орж ажиллаж байгаа төрийн захиргааны 3000 гаруй олон арван албан хаагчид, хэлтэс, албадын дарга нар  АТГ толгой дарааллан шалгаж, мэдүүлэг авч эхэлсэн талаарх ч яриа гарч эхэлсэн юм. Тэр ч бүү хэл төрийн албан хаагчдын  гэр бүлийн гишүүд, эхнэр хүүхэд, аав ээжийн дансыг нь шалгаж эхлэсэн гэсэн мэдээлэл чих дэлсэлж эхэлсэн талаар эх сурвалж ч мэдээллээ. Гэхдээ одоогоор төрийн албан тушаалд очсоныхоо хар гайгаар эрх баригч намд мөнгө төлтлөө дарамтанд орсон хэн нэгэн гарч ирээгүй байгаа аж.  Үүнээс үзэхэд төрийн эсрэг эргэсэн 60 тэрбумын хэрэгт холбогдож мөнгө өгч төрийн албанд очсон гэдгээ хэлэх хэн нэгэн гарч ирэхгүй л болов уу.

Яг үнэндээ албан тушаалын наймаа, авлигын тухай яриа, шуугиан аль ч Засгийн үед байсан.  Ил гарсан нь 60 тэрбум. Тэглээ гээд энэ хэргийг ингэс, тэгсхийгээд өнгөрөх асуудал биш.

2016 оны сонгуулиас хойш төрийн албанд мөнгө өгч орсон хүн байгаа бол бодит баримтыг нь гаргаж ирэх хэрэгтэй. Тэгээд ч яг энэ хэргийн эд мөрийн баримт байхгүй, зүгээр 60 тэрбумыг бид босгох бололцоотой, өмнө нь ардчилсан нам яг ингэж босгож байсан л гэж ярьсан байна. Яг үнэндээ албан тушаалын наймаа, авлигын тухай яриа, шуугиан аль ч Засгийн үед байсан.  Ил гарсан нь 60 тэрбум. Тэглээ гээд энэ хэргийг ингэс, тэгсхийгээд өнгөрөх асуудал биш. Энэ асуудалд холбогдсон 3 хүнд хатуу хариуцлага тооцож, дараа дараагийн төр гарч ирэх шинэ үед “сургамж” болох хэрэгтэй.

Ц.Сандуй нийслэл гэх “их айл”-ыг цаашид удирдах уу “хэцүү нэртийн хаалга” татах уу

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйгийн удирдаж орсон  нийслэлийн 9 дүүргийн 2-оос бусад нь бүгд ялагдсан. Энэ нь түүнд хариуцлага тооцох нэг асуудал. Угтаа бол зүй ёсоор сонгуулийн дүнгээс шалтгаалан Ц.Сандуй ажлаа өгч, огцрох учиртай. Мөн 2016 оны сонгуулийн өмнө төрийн албыг “наймаалцаж” 60 тэрбум төгрөг намдаа босгох тухай асуудалд оролцсон нь түүнийг гэмт хэргийн сэжигтэн болгоход хүргэсэн юм. Гэвч тэрээр албан тушаал, сандал суудалтайгаа зууралдан өдийг хүрч байгаа нь МАН-ын  олон мянган гишүүдийн  уур бухимдлыг төрүүлээд байна. Ц.Сандуй нийслэл гэх энэ “их айл”-ыг цаашид удирдах уу. Төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нөхдүүдийг өөгшүүлдэг улс манайхаас өөр хаана ч байхгүй.  Манайхаас өөр улс оронд  Ц.Сандуй шиг ийм  хэмжээний хэрэгт орооцолдсон албан тушаалтанг огцруулах хүртэл арга хэмжээ авдаг жишигтэй аж. Түүгээр ч зогсохгүй “хэцүү нэртийн хаалга” татах хүртэл хэмжээнд шийдэж хариулцлага тооцдог байна.  

Монголын төрийн түүхэн дэх “хар толбо" 

“Өчигдөр газруудыг бүгдийг нь зарсан. Өнөөдөр төрийн албыг наймаалцаж зарж сууна. Маргааш Туурга тусгаар монгол улсын төрийг зарна. Үүний дараа улсаа, хамгийн сүүлд иргэдээ зарах нь дээ” гэсэн хатуу болов ч үнэн үг олны дунд яригдаж байна. Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад энэ бол өрт өвтгөм ч гашуун үнэн болжээ. Учир нь монгол төрийн тогтолцоо, дархлаа гэдэг зүйл толгой дарам хэдхэн хүний бизнесийн “орон зай” болж хувирсан байна.

Учир нь монгол төрийн тогтолцоо, дархлаа гэдэг зүйл толгой дарам хэдхэн хүний бизнесийн “орон зай” болж хувирсан байна.

Сандал суудал, ашиг хонжооны төлөө нэгнийгээ алахаас буцах болтлоо тагнаж, чагнаж шуналдаа “идэгдэж”. Төрийн албыг наймаалцах тухай яригдсан энэхүү 60 тэрбумын бичлэг Монголын төрийн түүхэн дэх “хар толбо” болж үлдэх нь. Учир нь Манжийн дарлалд 200 гаруй жил байхдаа мөхөөгүй, хагаралдаагүй тэр ард түмэн, үндэстэн өнөөдөр ямар байдалтай байна вэ. Түүхээс харахад өнөөдрийнх шиг хагаралдаж, бутарч байсан үе нэг удаа ч байгаагүй гэвэл хол зөрөхгүй болов уу.

МАН-ын дараагийн Засгийн Газрын сайдуудын нэрс ил болсон уу

Өнөөдөр МАН-ын Удирдах Зөвлөл хуралдана. Энэ хурлаараа намын төдийгүй улс орон даяар үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлаа дүгнэж намын бага хурлаа яаралтай хуралдуулах байх гэж олон гишүүд хүлээж байна.  Өнөөдрийн байдлаар МАН-ын нэлээд хэдэн гишүүд Засгийн газраа огцруулах саналд гарын үсэг зурж байгаа аж. Энэ мэдээлэлтэй давхацаад дараагийн байгуулах Засгийн газрын сайдуудын нэр тодорсон талаар мэдээлэл гарч эхэллээ. Тодруулбал, 

Монгол Улсын Ерөнхий сайдад У.Хүрэлсүх, 
 

Шадар сайдад Ө.Энхтүвшин
 

ЗГХЭГ-ын даргад С.Бямбацогт, 
 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Д.Тогтохсүрэн, 

Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар, 

Гадаад харилцааны сайдад Ц.Нямдорж,

Барилга, хот байгуулалтын сайдад Б.Батзориг,

 Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдад Л.Энх-Амгалан, 

Зам, тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ

Уул уурхай, хүнд үйдвэрийн сайдад Г.Тэмүүлэн,

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар нарын нэр дуулдаж байгаа талаар мэдээлэл гарч эхэллээ. 

Д.Эрдэнэбат: Хүүхдийн мөнгийг ес, аравдугаар сард олгогдохгүй байх эрсдэл үүссэн

УИХ дахь Ардчилсан намын бүлэг  өчигдөр /2017.08.15/  ээлжит бусаар хуралдаж, Засгийн газрын зарим сайд нараас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа тухай болон бусад асуудлаар мэдээлэл сонссон юм. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга Ж.Батзандан, Ажлын албаны дарга Д.Золжаргал нар мэдээлэл хийлээ.

Багшийн хөгжлийн тухай хуулийг судлах ажлын хэсэг байгуулах шаардлагатай

БСШУС-ын сайд Г.Чулуунбаатарын мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн асуудлыг хөндлөө. Тэрбээр Багшийн хөгжлийн тухай хууль бол багшийн хөгжлийн эсрэг хууль болсон бөгөөд Боловсролын хуулиар хүрсэн төвшингөөс буусан олон заалт байгааг дуулгав. Тиймээс УИХ-ын гишүүн Н.Учрал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийг төлөөлж УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж болон салбар яамны холбогдох хүмүүсийг оруулан ажлын хэсэг байгуулж ажиллахыг хүслээ. Харин Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Төрийн нэгдсэн бодлого дутагдаж байгаагаас болоод энэ салбарын өдөр тутмын үйл ажиллагаа хүндэрсэн. Бид зүгээр л боловсролын материал техникийг хангадаг яамтай болчихоод байна. Цаашид боловсролын эрх зүйн орчинг сайжруулах хэрэгтэй. Боловсролын, Дээд боловсролын, Технологийн, Инновацийн тухай хуулийг өөрчилж, дипломны хүмүүсийг л бэлтгэдэг байдлаасаа татгалзаж боловсон хүчний бодлоготой болох эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх шаардлагатай байна. Мөн Боловсролын салбарын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор хэд хэдэн асуудал байна. Тухайлбал, хөдөө орон нутгаас ирж байгаа оюутны дотуур байрны асуудал, харьяалал харгалзахгүй оюутны эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг болох, дутагдалтай байгаа сургууль, цэцэрлэгийн асуудлуудыг анхаарах хэрэгтэй” гэв.

Ж.БАТЗАНДАН: ХУВИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ТӨЛБӨРИЙГ ХУУЛИАР ЗОХИЦУУЛАХ ЁСТОЙ

                         -Монголд 40-50 сая төгрөгийн төлбөртэй сургууль байна-

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Батзандан "Бид боловсролын сайд хэд хэдэн асуудлаар чиглэл өгсөн. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө оюутны төлбөрийг нэмэхгүй байх шийдвэр гаргасан. Энэ шийдвэртээ хатуу зогсоорой гэдэг шаардлага тавьсан. Хоёрдугаарт, цэцэрлэгийн асуудлыг анхааралдаа онцгойлон авч шийдвэрлэх чиглэл өглөө. Монгол Улсын нийт хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахын тулд өмнөх Засгийн газар хүүхэд харах үйлчилгээг гаргасан. Гэвч энэ ажлыг хүчингүй болгочихсон. Үүний оронд шинэ цаг үетэйгээ нийцсэн шийдэл гаргаж ирэхгүй байна. Гуравдугаарт, хувийн дунд  сургууль, цэцэрлэгүүдийн төлбөрийн асуудал хяналтаас гарлаа. Монгол 40-50 сая төгрөгийн төлбөртэй сургууль байна. Тиймээс Ардчилсан намын бүлгээс хувийн сургууль, цэцэрлэгүүдийн төлбөрийг хуулиар зохицуулах ёстой гэдэг байр суурийг гаргаж байгаа. Үүнтэй холбоотойгоор энэ чиглэлийн хуулийг оруулж ир гэдэг шийдвэрийг салбарын сайдад нь хүргүүлсэн" гэлээ.

Эрчим хүчний дутагдал, дулааны эх үүсвэрийг шийдэх хэрэгтэй гэв

Эрчим хүчний цаашдын салбарын бодлогыг зөв болгож, УИХ-ын гишүүдэд, олон нийтэд ойлгомжтой болгож өг гэдэг шаардлагыг Эрчим хүчний сайд П.Ганхүүд тавьлаа. Мөн эрчим хүчний дутагдлыг хэрхэн нөхөх, цаашдаа дулаан цахилгааны эрчим хүчний ямар шинэ байгуулаж барих гэж байтаа тухай нэгдсэн мэдээлэл өгөх шаардлагатай байна. Тухайлбал, Шивээ овоо дээр  БНХАУ-тай 6000 МВт-ын станц барих, Английн компаниар 600 МВт-ын станц бариулахаар болж байгаа гэх зэргээр ойлгомжгүй зүйлс олон байна. Түүнчлэн бүлгийн гишүүдийн зүгээс зүүн бүсийн дулаан цахилгааны эрчим хүчний асуудал дээр Чойбалсангийн ДЦС-ын 50 МВт-ын өргөтгөлийг маш яаралтай шийдэх тухай асуудал бүрхэг байна. Үүнийг маш яаралтай шийдэх хэрэгтэй байна гэдгийг сайдад нь дуулгасан. Орон даяар өвөлжилтийн бэлтгэл ажил хэвийн үргэлжилж  байгаа энэ үед  эрчим хүчний дутагдал, дулаан цахилгааны эх үүсвэрийг хэрхэн шийдэх хэрэгтэй. Түүнчлэн өмнөх Засгийн газрын үед Баян-өлгий аймагт усан цахилгаан станц барих тухай бүх бичиг баримт, ТЭЗҮ нь хийгдчихсэн байсан. Үүнийг цаашид явуулах шаардлагатай байна. Түүнчлэн өмнөх Засгийнгазрын үед эхэлсэн Багануурын ДЦС-ын асуудал, 10 аймгийг дулаанаар хангахаар хувийн хэвшлүүдтэй гэрээ хийсэн байсан ажил гацаанд орчихлоо. Энэ ажлыг үргэлжлүүлэн явуулах хэрэгтэй болохыг бүлгийн гишүүд сануулсан. Ер нь энэ мэт цаашид эрчим хүчний салбарыг хэрхэн авч явах талаар бодлого боловсруулж Ардчилсан намын бүлэгт мэдээлэл бэлтгэж өгөхийг хүслээ.

                            Хадлан тэжээлийн нөөц бэлтгэтгэд онцгой анхаар гэв

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг ХХААХҮ яамны дэд сайд Ж.Саулегээр ахлуулан ажиллаж байна. Харамсалтай нь салбарын дэд сайдын өгч буй мэдээллээр "иргэд өөрсдийнхөө хөдлөн тэжээлийг хувиараа бэлдчихнэ" гэсэн зүйлийг хэлж байгаа. Гэтэл өнөөдөр иргэд хувиараа хадлан хадахыг хүссэн ч хадлангийн нөөц бэлчээр хомс болчихсон. Тиймээс бодит амьдрал ямар байгаа вэ гэдгийг дахин эргэж хараарай гэдгийг ХХААХҮЯ-нд бид анхааруулага өгсөн. Хөдөө аж ахуйн яаманд ойрын хугацаанд хөрөнгө мөнгө шаардлагатай. Мэдээж Засгийн газрын нөөц сангаас үүнийг нөхөх болож байхгүй. Хөдөө аж ахуйн яамнынхны хэлж буйгаар  66 сая толгой мал бол  17 их наяд төгрөг  юм байна.  Тиймээс энэ жил зуншлага оройтсон. Онцгой эрсдэлтэй өвөл болно. Анхны цаснаар зуд болох магадлалтай тул бэлтгэлээ  хангаж, хадлан тэжээлийн нөөц бэлтгэх ажилд онцгой анхаарах хэрэгтэй. Хэрвээ Монголд хадлан өвс дутуу байгаа бол хөрш орнуудаасаа авах асуудлыг судлах цаг хугацаа бага болчихсон. Тиймээс хөрөнгө санхүүгийн асуудлыг хийхийн тулд яаралтай УИХ-ыг ээлжит бусаар хуралдуулж төсвийн тодотголоо хийх хэрэгтэй  бүлгийн дарга Д.Эрдэнэбат анхааруулсан юм.

- 110 тэрбум төгрөгөөр хүүхдийн мөнгөний эх үүсвэр дутагдалд орж, ес, аравдугаар сард олгогдохгүй байх эрсдэл үүссэн-

Сангийн яамны мэдээлэлд Ардчилсан намын бүлэг гурван зүйлийг онцолж ярив. Нэгдүгээр, өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой Сангийн яамны хөрөнгийн санхүүгийн нөөц ямар байгаа талаар мэдээлэл авлаа. Сангийн яамны дэд сайд "хөрөнгийн боломж байгаа. Харин үүнийг төсвийн тодотгол суулгахгүйгээр шийдэж болохгүй байна" гэдэг мэдээллийг өгсөн. Тиймээс ч бид УИХ-ын ээлжит бусаар хуралдуулахыг УИХ-ын даргаас шаардсан. Гэвч өнөөдрийг болтол хариу өгөөгүй байгаа учраас дахин шаардах болно гэдгийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ. Мөн ес, аравдугаар сард 110 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөний дутагдалд орж, хүүхдийн мөнгө олгогдохгүй байх эрсдэл үүсч байгаа. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажил хийх хэрэгтэй байна. Тиймээс ч ээлжит бус чуулганы яаралтай хуралдуулах хэрэгтэй байна. Сангийн яамтай холбоотой дараагийн асуудал бол валютын ханшийн асуудал. Сангийн яамны мэдээллээр өнгөрсөн хугацаанд төсвийн орлого нэмэгдсэн. Гол үндсэн шалтгаан нь нүүрсний үнэ нэмэгдсэн, борлуулалт хоёр дахин өссөнтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа. Нүүрсний үнэ болоод борлуулалт нэмэгдэхэд валютын ханш савлаад байгаа нь ойлгомжгүй байна. Өнөөдөр валютын ханш 2450 болж, гурван сарын дотор 300 төгрөгөөр савлаж байгаа. Энэ нь эдийн засагт олон хүндрэлийг үүсгэж байна. Гэтэл валютын ханш яагаад өссөн талаар судалгааг Сангийн яам дүгнэлт гаргаагүй байгаа гэнэ. Валютын ханш нэмэгдэх хэдхэн шалтгаан байгаа. Эдгээр шалтгааны аль нь вэ гэдгийг Монголбанк, Сангийн яам хоёр зайлшгүй дүгнэлт гаргаж Ардчилсан намын бүлэгт танилцуулах үүргийг өглөө.

Түүнчлэн ОУВС-ын асуудалтай холбоотойгоор банканд магадлан үнэлгээ хийх ажлын хэсэг дээр банкны барьцаанд мал болон хайгуулын лиценз авахыг буруу гэж үзсэн гэсэн дүгнэлт гарсан байсан. Энэ нь манай улсын онцлог нөхцөлд тохиромжгүй.Мөн банкны барьцаанд юуг авах үгүйгээ манай улс өөрийн хуулиар шийдэж байгаа. Үүнийг гадны байгууллагын шахалтаар үгүйсгэх юм бол монголын бүх банк дампуурах эрсдэл хүлээх болно. Тиймээс энэ асуудалд Сангийн яамныг онцгойлон анхаарахыг санууллаа.

У.Хүрэлсүх: Та нар намайг алчихдаггүй юм бол би энэ намын төлөө би ясаа цайтал явна

Яг одоо МАН-ын Удирдах зөвлөлийн хурал болж байна. Удирдах зөвлөлийн хурал нэлээд ширүүхэн, хэрүүл маргаантай өрнөж байгаа сурагтай.  Тус хурлаар алдарт 60 тэрбум болон Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан асуудлыг хүртэл ярилцлаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тус хурлын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх “Би өмнө нь сонгуульд унах үедээ шууд л ажлаа өгсөн. М.Энхболд оо, чи 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Наад ажлаа өг. Ж.Эрдэнэбат аа, чи засгаа муу удирдаж, сонгуульд унагасан. Чи ажлаа өг. Би Шадар сайдаа өгч байна. Би зөвхөн хоёр гурван даргын тухай ярьж байна. Кабинетын гишүүдийн тухай яриагүй шүү. Албан тушаалгүй, иргэн болж байгаад үзэлцье, за юу. Та нар харин наад шоронд хийсэн гэмгүй гэрчүүдийг гаргаарай. Та нар намайг алчихдаггүй юм бол, хилс хэргээд суулгачихдаггүй л юм бол энэ намын төлөө би ясаа цайтал явна” хэмээн хэлсэн байна.

Шинэ орон сууцны үнэ 1,07 хувиар буурчээ

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2017 оны 7-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.

Тус судалгаагаар өнгөрсөн 7-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.00 болж суурь үе буюу 2013 оны 1-р сараас 0,28%-иар өслөө. Энэ нь өмнөх сараас 0,74 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2016 оны 7-р сарын үр дүнтэй харьцуулахад 1,16 хувиар буурсан байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 1,14 гарсан. Энэ нь өмнөх сараас 1,48 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1,07 хувиар буурсан хэвээр байна.

Хуучин орон сууцны үнийн индекс 0,92. Суурь үеэс 8,23%-ийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 0,23 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1,30 хувиар буурсан үзүүлэлт юм.

Үзүүлэлт

Ерөнхий

Шинэ о/с

Хуучин о/с

Индекс

1,00

1,14

0,92

Индексийн өөрчлөлт /суурь үе-2013.01/

0,28%

13,67%

-8,23%

Өмнөх сартай харьцуулахад

-0,74%

-1,48%

-0,23%

Оны эхэнтэй харьцуулахад

-0,65%

-1,60%

-0,54%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-1,16%

-1,07%

-1,30%

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4918 орон сууцны мэдээллийг хамрууллаа.

Есөн давхараас үсэрсэн охид нас бараагүй, эмнэлэгт хүргэгджээ

Эрдэнэт хотод өсвөр насны хоёр хүүхэд 9 давхараас үсэрсэн талаар мэдээлэл хүргэсэн билээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр 9 давхараас үсэрсэн охид газар дээрээ нас барсан талаар мэдээлэл цацагдсан. Харин бид Орхон аймгийн нэгэн иргэнтэй холбогдож мэдээлэл авахад “охид нас бараагүй, ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн. Биеийн байдал маш муу байна” хэмээн хэллээ. Бид энэ талаар тодруулахаар Орхон аймгийн цагдаагийн газартай холбогдоход утсаар ямар нэгэн мэдээлэл өгөхгүй гэв.

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын ирц хүрэхгүй байна

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр 12:00 цагт товлогдсон. Гэвч 13 цагийн байдлаар 20 гаруй гишүүн ирсэн байна. Энэ удаагийн удирдах зөвлөлийн хурлаараа намын төдийгүй улс орон даяар үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлаа дүгнэж намын бага хурлаа яаралтай хуралдуулах байх гэж олон гишүүд хүлээж байна. 

Эрдэнэтэд хүчтэй мөндөр, аадар борооны үеэр нэг хүн амиа алджээ

Өчигдөр 16 цаг 30 минутаас эхлэн Эрдэнэт хотод орсон түр зуурын хүчтэй мөндөр, аадар борооны улмаас явган хүний зам урсаж, автозамууд дээр лаг шавар, шороо чулуу хуралдсан байна.

Мөн гэр хорооллын зарим айлууд, гудамжууд усанд автаж, үерийн ус зайлуулах суваг шуудуу, нүхэн гарцууд зарим хэсэгтээ ачааллаа даалгүй эвдэрч сүйджээ. Үерийн улмаас Цагаанчулуут багт нэг хүний амь нас эндсэн бөгөөд Шанд багт нэг хүүхдийг үерийн усанд живж байхад нь олж аварчээ. Хүний амь нас эрсэдсэн хэргийн газарт аймгийн Цагдаагийн байгууллага, Шүүхийн шинжилгээний алба хаагчид, Онцгой байдлынхан очиж ажилласан байна.

Өмнөговьд малын шилжилт хөдөлгөөнийг зогсоов

Өмнөговь аймагт малын шилжилт хөдөлгөөнийг гурван жилийн хугацаатай хориглов.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 -ын "А" дахь заалт, малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.4 дэх заалтыг үндэслэн аймгийн Онцгой комиссын хуралдаанаар малын шилжилт хөдөлгөөнийг хориглосон байна.
Мал амьтны гоц халдварт өвчин буюу шүлхий, хонины цэцэг өвчний дэгдэлт улсын хэмжээнд зүүн болон төвийн бүсийн ихэнх аймгуудад гарч дэгдэлт буурахгүй байгаа учир дээрх шийдвэрийг гаргасан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл