Өнөөдөр 13.00 цагаас эхлэн хуралдаж эхэлсэн МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дөнгөж сая өндөрлөлөө. Тус хурлаар нэлээд хэдэн асуудлыг хэлэлцэж, ямар нэгэн зөвшилцөлд хүрэлгүй хурал тарсан байна. Тодруулбал,
- Хуралдааны эхэнд Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнасан асуудлын талаар гишүүд хэлэлцэж, маргаан нэлээд ширүүн үргэлжилсэн байна. Энэ үеэр Шадар сайд У.Хүрэлсүх “Би өмнө нь сонгуульд унах үедээ шууд л ажлаа өгсөн.М.Энхболд оо, чи 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Наад ажлаа өг.Ж.Эрдэнэбат аа, чи засгаа муу удирдаж, сонгуульд унагасан. Чи ажлаа өг. Би Шадар сайдаа өгч байна. Би зөвхөн хоёр гурван даргын тухай ярьж байна. Кабинетын гишүүдийн тухай яриагүй шүү. Албан тушаалгүй, иргэн болж байгаад үзэлцье, за юу. Та нар харин наад шоронд хийсэн гэмгүй гэрчүүдийг гаргаарай. Та нар намайг алчихдаггүй юм бол, хилс хэргээд суулгачихдаггүй л юм бол энэ намын төлөө би ясаа цайтал явна” хэмээн хэлчихээд хуралдыг орхин гарч явсан аж.
- Үүний дараа МАН-ын дунд хэрүүлийн алим болоод байгаа 60 тэрбумын бичлэгний талаар гишүүд ярилцаж, хэрүүл маргаан гарах шахсан байна. Энэ асуудлыг хэлэлцэх үеэр нэлээд хэдэн гишүүд НИТХ-ын дарга, Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуйг нэлээд зэмлэж баалсан сурагтай. Намын ихэнхи гишүүд Ц. Сандуйг огцруулах асуудлыг ч мөн хөндсөн байна. Гэвч "НИТХ-ын дарга, Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах ямар ч үндэслэлгүй, 60 тэрбумын бичлэг эвлүүлэг" хэмээн МАН-ын дарга М.Энхболд намын гишүүдэд хандан хэлсэн байна. Ингээд хурлын төгсгөлд Ц.Сандуйг огцруулах талаар санал хураалт явуулж, олон нийтийн саналаар албан тушаалдаа хэвээр үлджээ. Уг нь өмнө нь НИТХ-ын дарга, Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй өмнө 60 тэрбумын бичлэгийг хүлээн зөвшөөрч, тийм яриа болсон нь үнэн гэж хэлсэн байдаг. Харамсалтай нь намын дарга М.Энхболд эцсээ хүртэл эвлүүлэг хэмээн гүрийхээр шийдсэн бололтой.