MEC судалгааны байгууллага долоодугаар сарын 28-30-ны хооронд квотчилсон санамсаргүй түүврийн аргаар авсан судалгааны дүн гарчээ. Тус судалгаанд нийтдээ сонгуулийн насны 990 иргэнээс квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэж цуглуулсан байна. Судалгаанд санамсаргүй аргачлалаар саналаа өгсөн хүмүүс улс төрийн орчинд үүсээд байгаа асуудал, нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгсөн байна. Ингээд тус судалгаатай танилцгаая.
Судалгааны эхэнд МАН-ын дараагийн даргаар хэн сонгогдох нь зөв бэ гэсэн асуултыг 990 хүнээс асуусан байна. Судалгаанд оролцогчидын 41 хувь Шадар сайд У.Хүрэлсүхэд саналаа өгчээ. Мөн судалгаанд оролцогчдын 43 хувь нь УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржид саналаа өгсөн бол 16 хувь нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад саналаа өгчээ. Тус судалгаатай давхцаад МАН-ын гишүүд Засгийн газраа огцруулах гарын үсэг цуглуулж эхлээд байгаа билээ. МАН-ын дараагийн байгуулах Засгийн газрын сайдуудын нэрс тодорсон талаар мэдээлэл гарч эхэлсэн. Тодруулбал, тус мэдээллээр Монгол Улсын Ерөнхий сайдад У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайдад Ц.Нямдорж нарын нэр яригдаж байгаа билээ.
Харин "та одоо ямар намыг дэмжиж байна вэ" гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын 22 % Ардчилсан нам гэж хариулсан байна. Харин 15% нь МАН-ыг дэмжиж байгаа гэсэн бол 12% МАХН, 5% бусад, 46% аль нэг намыг дэмжихгүй байна хэмээн хариулсан. Тус үзүүлэлтийг харахад судалгаанд оролцогчид төдийгүй, монголын ард түмэн аль нэг намд итгэх итгэлгүй болсон байна.
Мөн үйл ажиллагаа таалагдадгүй улс төрчдийг МАН-ын дарга М.Энхболд тэргүүлсэн байна. Ерөнхийлөгчийн сонгуултийн өмнө МАН-ын дарга М.Энхболд болон намын нөхөдтэй нь холбоотой 60 тэрбумын бичлэг цацагдсан. Тус бичлэгнээс үүдэж М.Энхболдын нэр хүнд огцом буурсан үзүүлэлттэй байна. Удаагаар нь УИХ-ын гишүүн Д.Гантулга орсон байна. Д.Гантулгын хувьд сонгуулийн үеэр хүүхэн хүчиндсэн хэрэгт орооцолдсон. Тус хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна.
Харин үйл ажиллагаа нь таалагддаг улс төрчдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүлсэн байна. Мөн хоёрдугаарт нь УИХ-ын гишүүн С.Жавхлан, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, Шадар сайд У.Хүрэлсүх нар удаалсан байна.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад цаг болсон эсэх талаар иргэд мөн дүгнэлт өгсөн байна. Судалгаанд оролцогчдын 64% нь өөрчлөлт оруулах цаг нь болсон гэсэн бол мэдэхгүй гэж 10%, өөрчлөлт оруулах цаг болоогүй гэж 9 % нь хариулт өгчээ. Яг одоо улс орон даяар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх талаар иргэдийн санал бодлыг сонсож байгаа билээ.