Монголын төрийг 60 тэрбум төгрөгөөр наймаалцах талаар ярилцаж буй бичлэг өнгөрсөн жилээс эхлэн гарч эхэлсэн. Хамгийн сүүлд гэхэд одоогоос хэдхэн хоногийн өмнө дахин шинэ баримт буюу 40 минутын бичлэг цацагдсан. Тус 60 тэрбум төгрөгний стратеги төлөвлөгөөг хийсэн, 60 тэрбумын хэрэгт холбогдоод байгаа А.Ганбаатар анх удаа мэдээлэл хийлээ. Ингээд хэвлэлийн бага хурлын үеэр А.Ганбаатарын хэлсэн яриаг бүрэн эхнээр нь хүргэж байна.
“Миний бие Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйн зөвлөхийн ажилтай. Би Монголын төрийг 60 тэрбум төгрөгөөр наймаалцах асуудалд нэр холбогдоод байгаа. Би энэ асуудлаар жил гаруй хугацаанд цагдаа тагнуулаар явж, АТГ-т тайлбар мэдүүлэг өгсөөр өнөөг хүрсэн. Хуулийн байгууллагынхан сануулсан учраас өнөөдрийг хүртэл бодит мэдээлэл өгөх боломжгүй байгаа. Харин одоо тухай үед ямар ямар асуудал ярилцсан тухай хуулийн хүрээнд тайлбарлах нь зөв гэж үзсэний үндсэн дээр хэвлэлийн бага хурал хийж байна. Би хоёрхон асуудлын талаар үнэн бодит зүйлийг хэлнэ.
- Иргэн Г.Доржзодовын өөрийнх нь хийсэн төлөвлөгөө схем нийслэлийн МАН-ын хорооны үйл ажиллагааны төлөвлөгөө байсан. Гэтэл үүнийг Г.Доржзодов стратеги төлөвлөгөө схем гэж нэрлээд байгаа юм. Уг үйл ажиллагааны төлөвлөгөөний уулзалт манай Шинэ Монгол Хаадууд группын байрны 4 давхарт болсон. Уулзалтын гол зорилго нь нийслэлийн МАН хорооны 2016 оны УИХ-ын сонгуулиар хэрхэн ажиллах вэ гэдэг талаар ярилцсан. Олон нийтийн дунд ямар арга хэмжээ зохион байгуулах талаар ярилцсан уулзалт болсон. Уг уулзалтанд Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, Шадар сайд У.Хүрэлсүх, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ иргэн Г.Доржзодов нар байсан. Тэнд үйл ажиллагааны төлөвлөгөө л ярьсан болохоос биш Г.Доржзодовын яриад байгаа шиг мөнгө босгох төрийн албан тушаалыг хэрхэн наймаалцах тухай яригдаагүй. Тус уулзалтанд оролцсон Шадар сайд У.Хүрэлсүх, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар яагаад чимээгүй байна вэ. Өөрөөр хэлбэл Г.Доржзодовын хийж ирсэн төлөвлөгөө санхүүгийн схемийг үзсэн сонссон хүмүүс бурууддаг юм бол, тэд нар адилхан буруудах ёстой. Энэ асуудлаар тайлбар өгөхгүй байгаа учраас маш их харамсаж байна.
- Санхүүгийн схем: Дээрх уулзалт болсоноос хойш 10 гаруй хоногийн дараа Г.Доржзодов өөрийн бэлтгэсэн санхүүгийн схемээ надад танилцуулсан. Би улс төрийн албанд ажиллаж үзээгүй учраас төрийн албаны бүтэц бүрэлдэхүүний талаар мэдлэг хомс. Тийм учраас ач холбогдол өгөөгүй. Г.Доржзодов надад схемээ удаа дараа танилцуулж байсан. Уг асуудлыг би сонирхож, тус схем буюу одоо гаргаж тавиад байгаа санхүүгийн схемийг би үзсэн. Энэ схемийн талаар бид хоёр олон удаа ярилцлаж, санал бодлоо солилцож байсан. Уг асуудлыг ярьж байх үед Г.Доржзодов бид хоёр л байсан. Түүний яриад байгаа шиг Ц.Сандуй болон намын удирдлагууд байгаагүй. Хуулийн байгууллага шалгаж байгаа учраас хэн нь үнэн яриад байгаа нь ил болох байхаа” хэмээн хэвлэлийн бага хурал хийлээ. А.Ганбаатар хэвлэлийн бага хурал хийсэний дараа сэтгүүлчдийн асуултанд хариулахаас татгалзаж, зугтаах шахуу гарч явсан юм.
Ингээд А.Ганбаатарын хэвлэлийн бага хурлаар ярьсан яриа олон нийтийн эргэлзээг төрүүлж байна. Тодруулбал,
А.Ганбаатар "иргэн Г.Доржзодовыг өөрөө ийм санхүүгийн схем хийж, ирж танилцуулсан. Би анх ерөөсөө ач холбогдол өгөөгүй" хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн.
- Тэгвэл тус стратеги төлөвлөгөөнд А.Ганбаатар ач холбогдол өгөөгүй юм бол яагаад намынхаа хүмүүст үзүүлэв. Анх 60 тэрбумын 90 минутын бичлэг цацагдахад МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, Ц.Сандуйн туслах А.Ганбаатар нарын дуу хоолой бичигдэх болов.
- А.Ганбаатар анхнаасаа стратеги төлөвлөгөө, санхүүгийн схем гаргуулахаар иргэн Г.Доржзодовыг ажилд авсан талаар хэргийн гэрч өөрөө хэлсэн байдаг.
- Г.Доржзодовыг мэдлэгтэй, толгойтой хүн гэдгийг хэвлэлийн бага хурлын үеэр тодотгож хэлсэн.
Тус уулзалтад Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, Шадар сайд У.Хүрэлсүх, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Г.Доржзодов нар байсан талаар хэлсэн
- Хэрвээ эдгээр хүмүүс байсан бол ил болсон бичлэгүүд дээр тэдгээр хүмүүсийн дуу хоолой яагаад байхгүй байна вэ?.
- Хамгийн сүүлд ил болсон 40 минутын бичлэг дээр “Шадар сайд У.Хүрэлсүхийг "халиар", "аалзны тор шиг хөлийг нь тасдаж хаяна” гэх мэтээр ярьсан дуу хоолой нь бичигдсэн байсан. У.Хүрэлсүх өөрөө тус уулзалтанд очсон юм бол, яагаад ингэж хэлэх болов?
- Мөн А.Ганбаатар тухайн үед Ц.Сандуй байхгүй байсан гэж хэлсэн. Гэтэл яагаад Ц.Сандуйн дуу хоолой бичигдэв. Анх 90 минутын бичлэг цацагдах үед Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй ийм яриа болсон нь үнэн. Гэхдээ хэн бичлэг хийсэн, задруулсаныг хуулийн байгууллагаар шалгуулна гэж хэлж байсан. Үндсэндээ Ц.Сандуй энэ бичлэг үнэн гэдгийг аль дээр баталж хэлсэн.
Эцэст нь А.Ганбаатар тус бичлэгнүүдийг эвлүүлэг хэмээн хэллээ.
- Эвлүүлэг байсан юм бол өнөөдрийг хүртэл яагаад чимээгүй байв. Бүтэн хоёр жил дамнан яригдаж 60 тэрбум бичлэгний талаар яагаад МАН-ын удирдах зөвлөлийн хурал болсоны маргааш хэвлэлийн бага хурал хийх болов.
- Хэрвээ эвлүүлэг байсан бол АНУ-ын Нью-Йорк хотоос хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр яагаад эвлүүлэг биш гэсэн дүгнэлт гарав. Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр ямар нэгэн хасалт хийгдээгүй, эвлүүлэг хийгдээгүй, нэг цагт, нэг орчинд хийгдсэн, бичлэг хийсэн төхөөрөмжөө хөдөлгөөгүй байна гэсэн албан ёсны дүгнэлт гарсан билээ.
- Хэрвээ бичлэг худал байсан бол яагаад иргэн, гэрч Г.Доржзодовт 1 сая ам.доллар амлах болов?. ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат иргэн Г.Доржзодовтой уулзаад "Бичлэгийг эвлүүлэг байсан гээд гарын үсэг зурчихвал 1 сая ам доллар өгье" хэмээн хэлсэн байдаг.