Монгол төрийн түүхэнд анх удаа төрийн албыг 60 тэрбумаар наймаалцаж буй бичлэг цацагдаад хоёр жил гаруй боллоо. Хугацаа өнгөрөх тусам шинэ баримт дэлгэгдэж, эвлүүлэг биш гэдгийг нотолж байна. Анхны 90 минутын бичлэг цацагдсаны дараагаар АНУ-ын Нью-Йорк хотоос хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр эвлүүлэг биш бодит гэдгийг нотолсон. Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр ямар нэгэн хасалт хийгдээгүй, эвлүүлэг хийгдээгүй, нэг цагт, нэг орчинд хийгдсэн, бичлэг хийсэн төхөөрөмжөө хөдөлгөөгүй байна гэсэн албан ёсны дүгнэлт гарсан билээ.Гэвч харамсалтай нь тус бичлэгт оролцсон МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, Ц.Сандуйн зөвлөх А.Ганбаатар нар өнөөдрийг хүртэл эвлүүлэг гэсэн тайлбарыг өгөөд байна. Өчигдөр , Ц.Сандуйн зөвлөх А.Ганбаатар мэдээлэл хийсэн.
Тэрбээр мэдээллийнхээ үеэр “Тийм уулзалт болсон нь үнэн. Гэхдээ 60 тэрбумын бичлэг бол эвлүүлэг. Тус уулзалтад Шадар сайд У.Хүрэлсүх, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, иргэн Г.Доржзодов нар байсан. Г.Доржзодовын хийж ирсэн төлөвлөгөө санхүүгийн схемийг үзсэн сонссон хүмүүс бурууддаг юм бол, тэд нар адилхан буруудах ёстой. Энэ асуудлаар тайлбар өгөхгүй байгаа учраас маш их харамсаж байна” хэмээн хэлсэн.
Мөн саяхан болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурал лээр “НИТХ-ын дарга, Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуйг нэлээд зэмлэж, намаас хөөх тухай хэлэлцсэн боловч МАН-ын дарга М.Энхболд хөөх ямар ч үндэслэл байхгүй. 60 тэрбумын бичлэг эвлүүлэг” хэмээн хэлсэн. Үндсэндээ 60 тэрбумын бичлэгт оролцсон хүмүүсээс бусад нь 60 тэрбумын бичлэгийг үнэн бодит гэдгийг мэдчихээд байхад ингэж улайрах хэрэг байна уу.
Тэгвэл дээр нэр дурьдагдсан 60 тэрбумын бичлэгт оролцсон зарим хүмүүс болон намын УЗ-ийн гишүүд байр сууриа илэрхийлж эхэлсэн байна. Тодруулбал,
Д.Амарбаясгалан: 60 тэр бумынхан арчаагаа ч нэг алдаж байна даа
МАН-ын генсек Д.Амарбаясгалан энэ мэдэгдлийн талаар өөрийн байр сууриа цахим хаягаараа дамжуулан илэрхийлжээ. Тэрбээр "60 тэр бумынхан арчаагаа ч нэг алдаж байна даа. МАНай нам эднээр хангалттай тоглууллаа. Одоо хангалттай!!! Тоглоом тоотой нь дээр!!!" хэмээн цахим хуудаснаа бичсэн байна.
Л.Оюун-Эрдэнэ: Ийм уулзалт болоогүй, болохгүй
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ энэ талаар цахим хуудаснаа “60 тэрбумын ялзарсан тогтолцоо, ядарсан арга одоо хэрэгжихгүй дээ. Ийм уулзалт болоогүй, болохгүй” хэмээн бичсэн.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж: Ертөнцийн түүхэнд ийм юм болж байгаагүй
Ертөнцийн түүхэнд ийм юм болж байгаагүй. 60 тэрбумын бичлэг анх цацагдахад манайхан “ком”-д орсон. Гурав хоног хэн ч юу ч ярьж чадаагүй. Тэр үед би М.Энхболдод Ц.Сандуйг явуул гэж хэлж байсан. Удирдах зөвлөлийн хурал дээр зарим хүмүүс 60 тэрбумын бичлэг эвлүүлэг гэж хэлж байна лээ. Наадах чинь эвлүүлэг биш, одоо би шударга байя. Эвлүүлэг гэдэг чинь Ц.Нямдоржийг Чапи дуурайхыг эвлүүлэг гэж хэлдэг. М.Энхболд, Ц.Сандуй хоёр ярьчихсан юмыг эвлүүлэг гэж яаж үздэг юм? Ийм юм ярьсаныхаа төлөө улс төрөөс зайлах хэрэгтэй гэсэн байна.