Одоогоос хоёр хоногийн өмнө МАН-ын Удирдах зөвлөлийн хурал болсон билээ. Тус хурлаар төрийн албыг 60 тэрбумаар наймаалцаж буй бичлэг болон Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан асуудлын талаар гишүүд ярилцсан талаар мэдээллийг өмнө нь хүргэж байсан билээ. 6 цагийн турш нэлээд ширүүхэн болсон УЗ-ийн хурал дээр Шадар сайд У.Хүрэлсүх ийнхүү хэлсэн байна. У.Хүрэлсүхийн хэлсэн үг бүрэн эхээрээ.
МУ-ын Шадар сайд У.Хүрэлсүх
Өнөөдрийг хүртэл би дуугүй явлаа. Улс төрийн сонгууль явж байсан болохоор шүд зуугаад тэсээд явсан юм шүү. Намайг өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш дагасан. Солонгост явж байхад хүртэл араас хүн явуулаад тэр чинь баригдсан. Энэ асуудлыг илчилсан залуусыг барьж хориод У.Хүрэлсүхийн эсрэг мэдүүлэг өг гэж тарчлааж байгаа дуулдаж байгаа шүү. Тэгтлээ бяр чинь амтагдаад байгаа бол Ж.Эрдэнэбатаа намайг бариад хориорой.
Шадар сайдын чинь амь нас, аюулгүй байдалд аюул учраад байна гэж М.Энхболд, Ж.Эрдэнэбат хоёрт хэлсэн. Гэтэл хөдлөхгүй байсан хүчний байгууллагынхан чинь тэр залууд бяраа гаргасан. Намайг аалз болгоод хөл гарыг нь тасдана гэсэн. Одоо болохоор намынхнаа халиарууд гэж байгаа чинь ил болсон биз дээ. Ер нь намайг тэр цагаас хойш тагнаж, чагнаж байжээ гэж үзэж байгаа.
Одоо харин та нарын бүрдүүлсэн 60 тэрбумын авлигын гав гинжийг таслах цаг болжээ. Хууль хяналтын байгууллагыг ийм байдлаар улстөржүүлэхээ боль. Одоо бүр өөрийгөө тагнасан, чагнасан хэрэг рүү явуулна гээд ярьж байгаа чинь ил байгаа шүү.
Би 2012 оны сонгуулийн дараа УИХ-ын гишүүнээсээ татгалзаад явж л байсан. Тэр үед яривал ярих юм их байсан шүү. М.Энхболдоо, чи одоо ажлаа өг. Чамд УИХ-ын дарга, МАН-ын дарга байх ёс суртахууны эрх байхгүй. Чи ард түмний үзэн ядаад байгаа төрийн албыг наймаалцах 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Чамайг ингэ гэж МАН-ын даргаар тавиагүй. Чи бүх томилгоогоо эргээд хар. Ж.Эрдэнэбат Засгийн газраа удирдаж чадахгүй, намаа сонгуульд унагасан. Чи ч бас ажлаа өг. Таны удирдсан Засгийн газрын өнгөрсөн нэг жилийн ажилд өгсөн үнэлгээ гэж ойлго. Чи Мэргэжлийн Засгийн газар биш, сайдууддаа концессын гэрээ хуваарилж, нийгмийн баялгийг завшсан, ах дүү, хамаатан садан, авлигын Засгийн газар бүрдүүлсний шан. 65 суудалтай байж чам шиг арчаагүй Ерөнхий сайд байдаггүй юм. Харин би Шадар сайдын хувьд түшиж, тулж явсан байх шүү.
Энэ мөчид би ч гэсэн Шадар сайдын ажлаа өгөх гэж байгаагаа үүгээр мэдэгдэж байна. Надад итгэл хүлээлгэсэн Удирдах зөвлөлийн гишүүд Та бүхэндээ баярлалаа.
Авлига үнэртсэн энэ танхимд амаа үдүүлээд суумааргүй байна. Жирийн иргэн болж байгаад үзэлцье, за юу.
Өчигдрөөс Ерөнхийлөгчтэй холбоотой гэх утасны яриаг зохион байгуулалттай тарааж байна. Би 1990 оноос хойш энэ намд зүтгэхдээ нэг ч удаа намынхаа эсрэг ажиллаагүй. Та нар битгий өөрсөдтэйгөө адил бод. Намынхаа тугаар толгойгоо боогоод сөрөг өлсгөлөнд хүртэл оролцож явсан.
Энэ яриа Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болсон. Тэгж яривал эрлийз адууны талаарх шийдвэрийг гарга гэж таны хүү Анар надад бичиж өгсөн. М.Энхболд дарга та үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан чи ч мэдэж байгаа биз дээ?
Д.Амарбаясгалан:
-Тиймээ, Анар санаачилсан.
У.Хүрэлсүх:
-Үүнийг чинь л АН өлгөж аваад явуулсан. Буруугаа өөрсдөөсөө л хай. Түймэр унтраах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсан нь үнэн. Улсын онцгой байдал хариуцсан Шадар сайдын хувьд Төрийн тэргүүнтэй уулзахгүй яах юм бэ.
Удирдах зөвлөлийн гишүүдээ, одоо намаа шинэчлэх цаг болсон. 60 тэрбумаас салах цаг болсон. Авлига, хээл хахуулийн энэ системийг эвдэх цаг болсон. Сайд нар концесс авдгаа больё. Цагаан суварга зэрэг уул уурхайн баялгаа цөөхөн хэдэн эрх мэдэлтэнд завшуулдгаа больё.
М.Энхболдоо, чи энэ намын буянаар Хотын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга байж үзлээ. Ерөнхийлөгчид ч нэр дэвшиж үзлээ. Улс орныхоо төлөө улс төрийг орхиод явж үз.
Та нар намайг алдаггүй юм бол, хилс хэргээр шоронд суулгадаггүй юм бол өвөг дээдсийнхээ намын төлөө ясаа цайтал явна.
У.Хүрэлсүх үгээ дуусгаад хурлыг орхин гарсан байна. Түүний дараа хэд хэдэн гишүүн хурлаас гарчээ.