8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Амарбаясгалан: Би ийм худал хуурмаг зүйлийг хаагаад халхавчлаад суухгүй

2017-08-18 15:17:00

МАН-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр АТГ-т мэдүүлэг өглөө. Төрийн албыг наймаалцах 60 тэрбумын бичлэгт оролцсон гэгдэж буй Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйн зөвлөх А.Ганбаатар өчигдөр мэдээлэл хийхдээ МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг тус уулзалтанд байсан гэсэн мэдээллийг өгсөн.Энэ талаар мэдүүлэг авахаар  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг АТГ-дуудсан байна. Энэ үеэр цөөн хэдэн асуултанд хариулт авлаа.

-А.Ганбаатар таныг 60 тэрбумын бичлэг дээр байсан гэсэн мэдээлэл өгсөн. Энэ талаар таниас АТГ мэдүүлэг авахаар дуудсан байна. Та тус уулзалт байсан уу?

-Сүүлийн жил гаруй хугацаанд 60 тэрбумын бичлэг гарч ирж, нийгмийг маш их бухимдуулж байна. Энэ бичлэгийн  хамгийн том хохирогч нь МАН болж байна. Намын 200 гаруй мянган гишүүд, манай дэмжигчид хохирч байна. Зарим хүмүүс ичиж, айж байна, маш олон зүйл болж байна. Өчигдөр А.Ганбаатар гарч ирж мэдээлэл хийж, тухайн бичлэгт  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан гэсэн мэдээлэл өгч олон нийтийг төөрөгдөлд орууллаа. Маш их харамсаж байна. Цайрна гэж байдаг шүү дээ, тийм  байдал руу орж байгаа юм болов уу гэж харж байна. Би 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг гэж бодож саяханыг хүртэл явж ирсэн. 2016 онд анх бичлэг цацагдах үед нэр холбогдсон хүмүүс эвлүүлэг гэж хэлж байсан учраас итгэсэн. Мөн Сүхбаатар дүүргийн цагдаагаас эвлүүлэг гэсэн албан тоотыг манай намд ирүүлж байсан. Харамсалтай нь саяхан болсон намын УЗ-ийн хурал дээр Ц.Сандуй ийм яриа болсон нь үнэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Миний хувьд тус бичлэгийг эвлүүлэг гэж 2-3 удаа мэдээлэл хийж байсан. Үүндээ маш их харамсаж байна.

-Та тэр бичлэг хийгдэх үед байсан уу?

-Байгаагүй. 60 тэрбумын  бичлэг хийгдсэн 2014 онд би гадаадад сурч байсан. Намайг гадаад сурч байсныг намын нөхөд бүгд мэдэж байгаа. 2014 онд намайг ямар албан тушаалд байсан гэдгийг та бүхэн бодох хэрэгтэй. Тухайн үед би энэ хэмжээний яриа хэлэлцээрт оролцох хэмжээний албан тушаалд байгаагүй.

-А.Ганбаатар таныг тухайн үед байсан гэсэн зураг үзүүлсэн. Тэр ямар учиртай  зураг юм бэ?

-2015 оны зургадугаар сард сурч дуусаад эх орондоо ирсэн.Тэр зураг 2015 оны 9, 10 дугаар сарын үеийн зураг. 2014 оны зураг биш. Нийслэлийн намын хороон дээр дотооддоо тодорхой хэмжээний үл ойлголцолтой болсон байсан цаг үед Ц.Сандуй, А.Ганбаатар гэгч нөхдүүд намайг болон хэсэг нөхдүүдийг өөрийхөө ажил дээр урьж, хоол идэж намынхаа ажилд хамтарч зүтгэхээ илэрхийлж уулзаж байсан. Тэр үеийн зураг байсан. Иргэн А.Ганбаатарыг өөрийн нэр төрд халдсан гэж үзэж шүүхэд хандаж байгаа.

-Ц.Сандуй намын их хурал дээр эвлүүлэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм бол яагаад Намын удирдах зөвлөлөөс энэ бичлэгийг шүүхээс эвлүүлэг гэж үзсэн учраас Ц.Сандуйг огцруулах шаардлагагүй гэж үзсэн юм бэ?

-Намын удирдах зөвлөлөөс Ц.Сандуйг огцруулах шаардлагатай, шаардлагагүй гэсэн шийдвэр гараагүй шүү дээ. Хариуцлага тооцож, асуудлыг шийдвэрлэх нь зөв юм гэсэн бухимдлаа удирдах зөвлөлийн гишүүд илэрхийлсэн.

-Та намын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд энэ асуудалд төвийг сахисан байр суурьтай байх байтал нэг талд орж, Ц.Сандуй нарыг буруутгаад эхэлж байгаагаа юу гэж тайлбарлах вэ?

-Би Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч. Одоо гурав дахь удаагаа сонгогдоод байна. МАН-д итгээд, нийслэлийг удирдаад авч яваач гэж надад итгэсэн олон зуун мянган сонгогчийн эрх ашгийн асуудал. Би ийм худал хуурмаг зүйлийг хаагаад халхавчлаад  сууж байх ёс зүй байхгүй. Тийм учраас би Ц.Сандуйг огцрох ёстой гэж үзэж байгаа. Огцроод өөрөө иргэн Ц.Сандуйгийн хувиар шүүх цагдаа, хууль хяналтын байгууллагаараа яваад нэр төрөө сэргээлгэж, давхар МАН-ын олон мянган гишүүдийн нэр төрийг сэргээлгэх ёстой гэж үзэж байгаа учраас би огцруулах бичигт гарын үсэг зурсан. Намынхаа ерөнхий нарийн бичгийн даргын хувьд эв нэгдлийг хангаж, төвийг сахиж байх ёстой хүн гэдгээ би ухамсарлаж байгаа.

-Та ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намынхаа эсрэг  ажилласан уу?

-МАН-ын 220 мянган гишүүн  гишүүд хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж энэ сонгуулийн ялалтын төлөө зүтгэсэн. Ажил дээрээ хонон өнжин, хоол нойроо мартан ажилласан. МАН-ын гишүүдийг нэр бүхий нөхдүүдийг намын эсрэг ажилласан гэж ярих ёсзүй байх ёсгүй гэж бодож байна. Энэ намд итгэл үнэмшлээ өгч, анх элссэн цагаас хойш энэ намын эсрэг нэг ч буруу зүйл бодож яваагүй. Магадгүй зарим нэг хүмүүстэй үзэл бодол, эрх ашиг таардаггүй байхыг үгүйсгэхгүй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Ganbaa nuhiig ni avah geed nudiig ni soholchihloo doo.sandui saihan uuchlal guigaad ajlaa ugvul yadaj ner tsever yum daa.ganbaagaa zailuul.
2017/08/18 104.13.211.92
Zochin
Harin ch itgej boloh hun bishu zub l dugnej shidber gargasan bn
2017/08/18 122.201.24.184
Ene hund buu itgeerei
Ene hun toriin alba naimaaltsaahaas butsahgui hun shuu. Ene hund hezee ch itgej bolohgui.
2017/08/18 109.88.133.104