8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: МАН-ын Генсек Д.Амарбаясгалан 60 тэрбумын бичлэгийн талаар байр сууриа илэрхийлж, Айлын гэрээс галт зэвсэг хулгайлсан этгээдийг саатуулсан өдөр

2017-08-18 18:45:00

“Юуг ч маргааш гэж бүү хойшлуул. Энэ нь цаг хугацааны үнэ цэнийг мэддэг хүний давуу тал” гэсэн сайхан үгийн хамт эрхэм уншигч танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ таны хувьд цаг хугацааны хувь үнэ цэнэтэй нэг өдөр байсан гэдэгт найдаж байна. Өнөөдөр улс эх оронд болсон үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

“Урвагч” У.Хүрэлсүх

-У.Хүрэлсүх урвагч бол 60 тэрбумаас урвасан урвагч-

МАН-ынхан биесээ “урвагч, шарвагч”-аар дуудаж, чичилсээр л. МАН-ын зарим удирдлагуудын хэлж байгаагаар бол Шадар сайд У.Хүрэлсүх урвагч бололтой. Товчхондоо “Урвагч” У.Хүрэлсүх. Тиймээ тэрбээр “урвагч”. Тэр юунаас урвасан вэ, чухам яагаад урвагч болчихов. Үүнийг хэлэхийг өмнө түүний улс төрийн түүхэн замналаас багахан хэсгийг нь энд дурдая. Тэрбээр 1989 оноос эхлэн улс төрд хөл тавьж намын анхан шатны байгууллагаас нь эхлэн өнөөдөр  Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж ирлээ. Улс төрийн хүрээнийхэн түүнийг 22-хон насандаа улс төрд орсон гэдгийг ч хэлдэг. Мөн одоогийн НАМЗХ-г үүсгэн байгуулж хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганад хүргэсэн.

2016 оноос хойш Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байгаа. Улс төрийн хүрээнийхэн түүнийг 22-хон насандаа улс төрд орсон гэдгийг ч хэлдэг. Мөн одоогийн НАМЗХ-г үүсгэн байгуулж хөлийг нь дөрөөнд, гарын ганзганад хүргэсэн.

2009-2010 онд МАН “х” үсгээсээ ангижирч, шинэчлэгдэх цаг болсныг ил тодоор зарлаж тухайн үед намын дарга хийж “хаан” байсан Н.Энхбаярын өмнөөс дорвитой дугарч явсан түүхтэй. Ингэснийхээ хариуд намаасаа хөөгдөх дээрээ тулж явсан удаатай. Мөн 2012 оны сонгуульд намын штабаа удирдаж оролцоод нам нь ялагдахад улс төрийн хариуцлага хүлээж шууд ажлаа өгч байсан үе ч түүнд бий.  Үүнийхээ төлөө өөрөө өөртөө хариуцлага тооцон УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийгээс  татгалзаж чадсан цорын ганц  хүн. Улстөрчийн ийм эр зоригийг чухамхүү тэр л гаргаж чадсан. Энэ нь улстөрч хүний хувьд ховор шинж чанар. Хүнийхээ хувьд залуу насаа МАН-д зориулсан түүний хувьд онож, алдсан зүйл олон бий. Товчхондоо түүнд аатай үе байсан, алдсан үе ч байсан. Түүний үр шимийг өнөөдөр МАН төдийгүй гишүүд ч нэлээд хүртсэн. Зарим нь үүний ачаар насаараа идэх хоолтойгоо залгасан гэхэд буруудахгүй. Энэ мэтчилэн олон зүйлээс У.Хүрэлсүх Монголын төрд хэн болохоо харуулсан, байх ёстой хүн гэдгээ мэдрүүлж ирсэн. Тэр өнөөдөр ч харуулж чадсаар байна. Тулаанд зөвхөн шонхрууд нисдгийн адилаар У.Хүрэлсүх МАН-ын тэргүүнд эгнээнд олонтоо зогсож алдаа, оноог нь дэнсэлсээр ирсэн.  Гэтэл өнөөдөр түүнийг зарим нь “урвагч, шарвагч” хэмээн цоллох учир юу вэ.  

Тулаанд зөвхөн шонхрууд нисдгийн адилаар У.Хүрэлсүх МАН-ын тэргүүнд эгнээнд олонтоо зогсож алдаа, оноог нь дэнсэлсээр ирсэн.  Гэтэл өнөөдөр түүнийг зарим нь “урвагч, шарвагч” хэмээн цоллох учир юу вэ.  

У.Хүрэлсүх үнэхээр урвагч уу. Хэрвээ У.Хүрэлсүх урвагч бол 60 тэрбумаас урвасан урвагч. Харин тэр эх орон, ард түмэн, бодит үнэнээс урваагүй. МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, түүний зөвлөх гэгдэх А.Ганбаатар нар төрийн албыг хэрхэн наймаалцах тухай 90 минутын бичлэг өнгөрсөн онд цацагдаж олны дунд шуугиан тарьсан. Тэгвэл энэ сарын 14-ний өдөр тус хэрэгтэй холбоотой 2 дахь 40 минутын бичлэг дахин цацагдаж эхэлсэн юм. Энэ бүхэнд У.Хүрэлсүхийг холбож гүтгэж урвагч, шарвагчаар нь дуудаж байгаа нь учиртай. Учир юу гэхээр МАН авлига өгөхгүй, үгэнд нь орохгүй байгаа хүмүүсийг “халиарчид” гэх нэр томъёо зүүлгэж, тасдаж хаях тухай ч ярьж байгаа талаар бичлэгт буусан.  МАН-ын зарим нөхдүүдийн хэлж буйгаар эдгээр “халиарчдын” нэг нь У.Хүрэлсүх. Учир нь тэр 60 тэрбумын хэрэгт оролцоогүй. Тэгэхээр У.Хүрэлсүх урвагч болох нь тодорхой. Тэр намаасаа, чин шударга зарчмаасаа, эх орноосоо, ард түмнээсээ, бодит үнэнээс урваагүй. Харин МАН-ын хэсэг нөхөд, тэдний хийж буй хууль бус бусармаг, ичгэвтэр үйл хэргээс “урвасан урвагч”. Ингэж урвасныхан нь төлөө түүнийг дагаж, мөрдөж, тагнаж, чагнаж,  эхэлсэн.  

Тэр намаасаа, чин шударга зарчмаасаа, эх орноосоо, ард түмнээсээ, бодит үнэнээс урваагүй. Харин МАН-ын хэсэг нөхөд, тэдний хийж буй хууль бус бусармаг, ичгэвтэр үйл хэргээс “урвасан урвагч”.

Энэмэтчилэн өнөөдрийн болж буй бүхнээс харахад жинхэнэ “урвагч” нь хэн бэ. Төр, ар түмнээсээ урваж төрийн албыг өөрсдийнхөө дураар тооцоолж, наймаалцаж байгаа НӨХӨД урвагч уу. Эсвэл тэдний эсрэг үнэн мөнийг илчилж үг дугарсан нь урвагч уу. Үүнийг мэргэн ард түмэн оюундаа шүүнэ тунгаах бизээ.

60 тэрбумын гэрч,  иргэн Г.Доржзодовын талаарх онцлох  баримтууд

Өнгөрсөн 2016 оны зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр МАН-ын удирдлагууд төрийн албан тушаалыг үнэлэн 60 тэрбум төгрөг босгох тухай ярилцаж байгаа бичлэг анх цацагдаж байсан. Түүнээс хойш хоёр сонгууль дамнан тус хэрэг шалгагдаж байгаа ч хэн нэгэнд ямар нэгэн хариуцлага хүлээлгээгүй байна. Харин хэргийг  ил болгосон гэрч Г.Доржзодовыг хуулийн байгууллага удаа дараа шалгаж, баривчлахыг хүртэл завдсан. Хэргийн гол гэрч гэгдэж байгаа Г.Доржзодовын ил болгосон бичлэгнээс үүдэж, Монголын төрийн ялзрал, албан тушаал хэрхэн наймаалцдаг, хэдэн төгрөгөөр үнэлдэг нь ил болоод байна. Энэ бичлэгийг ил болгосоноороо Г.Доржзодов өнөөдөр ард түмний баатар болсон гэхэд хилсдэхгүй. Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуулийн сурталчилгааны үеэр “60 тэрбумын хэрэгтэй хатуу тэмцэхээ хэлж, Ерөнхийлөгч болбол эх оронч зориг гаргасан Г.Доржзодов залууд Монгол Улсын баатар цол олгоно” хэмээн хэлж байсан удаатай. 90 жилийн түүхтэй, монголын төрд дархлагдсан МАН-ыг лидерүүдийг ганхуулж чадсан иргэн Г.Доржзодовын боловсрол, ажлын туршлагын талаар онцлох  баримтуудыг хүргэж байна. 

ИРГЭН Г.ДОРЖЗОДОВ ГЭЖ ХЭН БЭ


•    Ганболдын Доржзодов 1986 он тавдугаар сарын 13-нд Дархан-Уул аймагт төрсөн.  •    Эхнэр хүүхэдийн хамт амьдардаг. Өөрийг нь шалгаж, тагнаж буй асуудлаас болж гэр бүлээ Улаанбаатараас явуулсан.
•    Англи,Орос хэлтэй.  •    1983-1993 онд Дархан-Уул аймгийн 16 дугаар дунд сургууль төгсчээ.
•    2001-2005 онд ОХУ-ын Улс түмний найрамдлын их сургуульд Сонгуулийн технологи, сонгуулийн стратеги төлөвлөлт сэдвээр бакалаврын зэрэг хамгаалсан.
•    2005-2007 онд ОХУ-ын Улс түмний найрамдлын их сургуулийг Бодлогын стратегийн анализ сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.
•    2007 онд ОХУ-ын Улс түмний найрамдлын их сургуулийг бодлогын стратегийн анализ сэдвээр аспирантурт суралцаж байсан.

Ажлын туршлага: 


•    2012 оноос Competitive intelligence solution ХХК, Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал •    2012 оны 7 сараас internatiol services group ХХК, Гүйцэтгэх захирал •    2010 оныг нэг дүгээр сараас 2012 оны 7 дугаар сар хүртэл ҮАБЗ, Стратегийн судалгааны хүрээлэн, ОУ-ын судлалын төв, ахлах шинжээч, төвийн эрхлэгч 
•    2008 оняы 10 сараас 2009 оны 11 сар хүртэл МУ-ын Засгийн Газар, Сангийн яам, Татварын Ерөнхий газар, хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга 
•    2008 оны 1 сараас МУ-ын УИХ-ын 2008 оны сонгуульд нэр дэвшигчийн сонгуулийн компанийн ерөнхий менежер. 
•    2007 оны 06 сараас 11 дүгээр сар хүртэл Perfect  Solution ХХК, ахлах шинжээч. 
•    2012 арванхоёрдугаар сараас “Competitive Intelligens Solution” ХХК үүгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажилласан.  Энэхүү компани нь Монголд анх удаа компанийн өрсөлдөөний тагнуулын зөвлөх үйлчилгээ болон гадаад худалдааны үйл ажиллагаа эрхлэлдэг.
•    2014 оноос “Шинэ Монгол хаадууд” ХХК-д ажиллаж байсан

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж МАН-ын удирдлагуудад шаардлага хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж  УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Хууль зүйн сайд С.Бямбацогт нарт хаяглан шаардлага хүргүүлсэн байна. Энэхүү шаардлагад  60 тэрбумын бичлэгийн төлөө М.Энхболд хариуцлага хүлээх ёстой. Мөн Ерөнхий сайд Ж..Эрдэнэбатыг ажилдаа анхаарал хандуулахыг шаардсан байна.  Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэе.

У.Хүрэлсүх: Авлига үнэртсэн энэ танхимд амаа үдүүлээд суумааргүй байна

Одоогоос хоёр хоногийн өмнө  МАН-ын Удирдах зөвлөлийн хурал болсон билээ. Тус хурлаар төрийн албыг 60 тэрбумаар наймаалцаж буй бичлэг болон Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан асуудлын талаар гишүүд ярилцсан талаар мэдээллийг өмнө нь хүргэж байсан билээ. 6 цагийн турш нэлээд ширүүхэн болсон УЗ-ийн хурал дээр Шадар сайд У.Хүрэлсүх ийнхүү хэлсэн байна. У.Хүрэлсүхийн хэлсэн үг бүрэн эхээрээ.

МУ-ЫН ШАДАР САЙД У.ХҮРЭЛСҮХ

Өнөөдрийг хүртэл би дуугүй явлаа. Улс төрийн сонгууль явж байсан болохоор шүд зуугаад тэсээд явсан юм шүү. Намайг өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш дагасан. Солонгост явж байхад хүртэл араас хүн явуулаад тэр чинь баригдсан. Энэ асуудлыг илчилсан залуусыг барьж хориод У.Хүрэлсүхийн эсрэг мэдүүлэг өг гэж тарчлааж байгаа дуулдаж байгаа шүү. Тэгтлээ бяр чинь амтагдаад байгаа бол Ж.Эрдэнэбатаа намайг бариад хориорой.

Шадар сайдын чинь амь нас, аюулгүй байдалд аюул учраад байна гэж М.Энхболд, Ж.Эрдэнэбат хоёрт хэлсэн. Гэтэл хөдлөхгүй байсан хүчний байгууллагынхан чинь тэр залууд бяраа гаргасан. Намайг аалз болгоод хөл гарыг нь тасдана гэсэн. Одоо болохоор намынхнаа халиарууд гэж байгаа чинь ил болсон биз дээ. Ер нь намайг тэр цагаас хойш тагнаж, чагнаж байжээ гэж үзэж байгаа.

Одоо харин та нарын бүрдүүлсэн 60 тэрбумын авлигын гав гинжийг таслах цаг болжээ. Хууль хяналтын байгууллагыг ийм байдлаар улстөржүүлэхээ боль. Одоо бүр өөрийгөө тагнасан, чагнасан хэрэг рүү явуулна гээд ярьж байгаа чинь ил байгаа шүү.

Би 2012 оны сонгуулийн дараа УИХ-ын гишүүнээсээ татгалзаад явж л байсан. Тэр үед яривал ярих юм их байсан шүү. М.Энхболдоо, чи одоо ажлаа өг. Чамд УИХ-ын дарга, МАН-ын дарга байх ёс суртахууны эрх байхгүй. Чи ард түмний үзэн ядаад байгаа төрийн албыг наймаалцах 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Чамайг ингэ гэж МАН-ын даргаар тавиагүй. Чи бүх томилгоогоо эргээд хар. Ж.Эрдэнэбат Засгийн газраа удирдаж чадахгүй, намаа сонгуульд унагасан. Чи ч бас ажлаа өг. Таны удирдсан Засгийн газрын өнгөрсөн нэг жилийн ажилд өгсөн үнэлгээ гэж ойлго. Чи Мэргэжлийн Засгийн газар биш, сайдууддаа концессын гэрээ хуваарилж, нийгмийн баялгийг завшсан, ах дүү, хамаатан садан, авлигын Засгийн газар бүрдүүлсний шан. 65 суудалтай байж чам шиг арчаагүй Ерөнхий сайд байдаггүй юм. Харин би Шадар сайдын хувьд түшиж, тулж явсан байх шүү.

Энэ мөчид би ч гэсэн Шадар сайдын ажлаа өгөх гэж байгаагаа үүгээр мэдэгдэж байна. Надад итгэл хүлээлгэсэн Удирдах зөвлөлийн гишүүд Та бүхэндээ баярлалаа.

Авлига үнэртсэн энэ танхимд амаа үдүүлээд суумааргүй байна. Жирийн иргэн болж байгаад үзэлцье, за юу.

Өчигдрөөс Ерөнхийлөгчтэй холбоотой гэх утасны яриаг зохион байгуулалттай тарааж байна. Би 1990 оноос хойш энэ намд зүтгэхдээ нэг ч удаа намынхаа эсрэг ажиллаагүй. Та нар битгий өөрсөдтэйгөө адил бод. Намынхаа тугаар толгойгоо боогоод сөрөг өлсгөлөнд хүртэл оролцож явсан.

Энэ яриа Ерөнхий­лөгчийн сонгуулийн дараа болсон. Тэгж яривал эрлийз адууны талаарх шийдвэрийг гарга гэж таны хүү Анар надад бичиж өгсөн. М.Энхболд дарга та үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан чи ч мэдэж байгаа биз дээ?

Д.Амарбаясгалан:

-Тиймээ, Анар санаачилсан.

У.Хүрэлсүх:

-Үүнийг чинь л АН өлгөж аваад явуулсан. Буруугаа өөрсдөөсөө л хай. Түймэр унтраах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсан нь үнэн. Улсын онцгой байдал хариуцсан Шадар сайдын хувьд Төрийн тэргүүнтэй уулзахгүй яах юм бэ.

Удирдах зөвлөлийн гишүүдээ, одоо намаа шинэчлэх цаг болсон. 60 тэрбумаас салах цаг болсон. Авлига, хээл хахуулийн энэ системийг эвдэх цаг болсон. Сайд нар концесс авдгаа больё. Цагаан суварга зэрэг уул уурхайн баялгаа цөөхөн хэдэн эрх мэдэлтэнд завшуулдгаа больё.

М.Энхболдоо, чи энэ намын буянаар Хотын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга байж үзлээ. Ерөнхийлөгчид ч нэр дэвшиж үзлээ. Улс орныхоо төлөө улс төрийг орхиод явж үз.

Та нар намайг алдаггүй юм бол, хилс хэргээр шоронд суулгадаггүй юм бол өвөг дээдсийнхээ намын төлөө ясаа цайтал явна.

У.Хүрэлсүх үгээ дуусгаад хурлыг орхин гарсан байна. Түүний дараа хэд хэдэн гишүүн хурлаас гарчээ.

Ирэх даваа гаригт ЗГ огцрох уу

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газрыг огцруулахад гарын үсэг цуглуулж байгаа мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд гараад байгаа билээ. Тэгвэл ирэх даваа гаригт буюу  энэ сарын 21-нд өдөр Засгийн газрыг огцруулах бичгийг  УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа гэдгийг баттай эх сурвалж онцолж байна. Засгийн газрыг огцруулах асуудал нэлээд эртнээс эхэлсэн бөгөөд шалтгаан нь 60 тэрбумын асуудал юм. 

Д.Амарбаясгалан: Би ийм худал хуурмаг зүйлийг хаагаад халхавчлаад суухгүй

МАН-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр АТГ-т мэдүүлэг өглөө. Төрийн албыг наймаалцах 60 тэрбумын бичлэгт оролцсон гэгдэж буй Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйн зөвлөх А.Ганбаатар өчигдөр мэдээлэл хийхдээ МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг тус уулзалтанд байсан гэсэн мэдээллийг өгсөн.Энэ талаар мэдүүлэг авахаар  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг АТГ-дуудсан байна. Энэ үеэр цөөн хэдэн асуултанд хариулт авлаа.

-А.Ганбаатар таныг 60 тэрбумын бичлэг дээр байсан гэсэн мэдээлэл өгсөн. Энэ талаар таниас АТГ мэдүүлэг авахаар дуудсан байна. Та тус уулзалт байсан уу?

-Сүүлийн жил гаруй хугацаанд 60 тэрбумын бичлэг гарч ирж, нийгмийг маш их бухимдуулж байна. Энэ бичлэгийн  хамгийн том хохирогч нь МАН болж байна. Намын 200 гаруй мянган гишүүд, манай дэмжигчид хохирч байна. Зарим хүмүүс ичиж, айж байна, маш олон зүйл болж байна. Өчигдөр А.Ганбаатар гарч ирж мэдээлэл хийж, тухайн бичлэгт  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан гэсэн мэдээлэл өгч олон нийтийг төөрөгдөлд орууллаа. Маш их харамсаж байна. Цайрна гэж байдаг шүү дээ, тийм  байдал руу орж байгаа юм болов уу гэж харж байна. Би 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг гэж бодож саяханыг хүртэл явж ирсэн. 2016 онд анх бичлэг цацагдах үед нэр холбогдсон хүмүүс эвлүүлэг гэж хэлж байсан учраас итгэсэн. Мөн Сүхбаатар дүүргийн цагдаагаас эвлүүлэг гэсэн албан тоотыг манай намд ирүүлж байсан. Харамсалтай нь саяхан болсон намын УЗ-ийн хурал дээр Ц.Сандуй ийм яриа болсон нь үнэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Миний хувьд тус бичлэгийг эвлүүлэг гэж 2-3 удаа мэдээлэл хийж байсан. Үүндээ маш их харамсаж байна.

-Та тэр бичлэг хийгдэх үед байсан уу?

-Байгаагүй. 60 тэрбумын  бичлэг хийгдсэн 2014 онд би гадаадад сурч байсан. Намайг гадаад сурч байсныг намын нөхөд бүгд мэдэж байгаа. 2014 онд намайг ямар албан тушаалд байсан гэдгийг та бүхэн бодох хэрэгтэй. Тухайн үед би энэ хэмжээний яриа хэлэлцээрт оролцох хэмжээний албан тушаалд байгаагүй.

-А.Ганбаатар таныг тухайн үед байсан гэсэн зураг үзүүлсэн. Тэр ямар учиртай  зураг юм бэ?

-2015 оны зургадугаар сард сурч дуусаад эх орондоо ирсэн.Тэр зураг 2015 оны 9, 10 дугаар сарын үеийн зураг. 2014 оны зураг биш. Нийслэлийн намын хороон дээр дотооддоо тодорхой хэмжээний үл ойлголцолтой болсон байсан цаг үед Ц.Сандуй, А.Ганбаатар гэгч нөхдүүд намайг болон хэсэг нөхдүүдийг өөрийхөө ажил дээр урьж, хоол идэж намынхаа ажилд хамтарч зүтгэхээ илэрхийлж уулзаж байсан. Тэр үеийн зураг байсан. Иргэн А.Ганбаатарыг өөрийн нэр төрд халдсан гэж үзэж шүүхэд хандаж байгаа.

-Ц.Сандуй намын их хурал дээр эвлүүлэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм бол яагаад Намын удирдах зөвлөлөөс энэ бичлэгийг шүүхээс эвлүүлэг гэж үзсэн учраас Ц.Сандуйг огцруулах шаардлагагүй гэж үзсэн юм бэ?

-Намын удирдах зөвлөлөөс Ц.Сандуйг огцруулах шаардлагатай, шаардлагагүй гэсэн шийдвэр гараагүй шүү дээ. Хариуцлага тооцож, асуудлыг шийдвэрлэх нь зөв юм гэсэн бухимдлаа удирдах зөвлөлийн гишүүд илэрхийлсэн.

-Та намын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд энэ асуудалд төвийг сахисан байр суурьтай байх байтал нэг талд орж, Ц.Сандуй нарыг буруутгаад эхэлж байгаагаа юу гэж тайлбарлах вэ?

-Би Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч. Одоо гурав дахь удаагаа сонгогдоод байна. МАН-д итгээд, нийслэлийг удирдаад авч яваач гэж надад итгэсэн олон зуун мянган сонгогчийн эрх ашгийн асуудал. Би ийм худал хуурмаг зүйлийг хаагаад халхавчлаад  сууж байх ёс зүй байхгүй. Тийм учраас би Ц.Сандуйг огцрох ёстой гэж үзэж байгаа. Огцроод өөрөө иргэн Ц.Сандуйгийн хувиар шүүх цагдаа, хууль хяналтын байгууллагаараа яваад нэр төрөө сэргээлгэж, давхар МАН-ын олон мянган гишүүдийн нэр төрийг сэргээлгэх ёстой гэж үзэж байгаа учраас би огцруулах бичигт гарын үсэг зурсан. Намынхаа ерөнхий нарийн бичгийн даргын хувьд эв нэгдлийг хангаж, төвийг сахиж байх ёстой хүн гэдгээ би ухамсарлаж байгаа.

-Та ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намынхаа эсрэг  ажилласан уу?

-МАН-ын 220 мянган гишүүн  гишүүд хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж энэ сонгуулийн ялалтын төлөө зүтгэсэн. Ажил дээрээ хонон өнжин, хоол нойроо мартан ажилласан. МАН-ын гишүүдийг нэр бүхий нөхдүүдийг намын эсрэг ажилласан гэж ярих ёсзүй байх ёсгүй гэж бодож байна. Энэ намд итгэл үнэмшлээ өгч, анх элссэн цагаас хойш энэ намын эсрэг нэг ч буруу зүйл бодож яваагүй. Магадгүй зарим нэг хүмүүстэй үзэл бодол, эрх ашиг таардаггүй байхыг үгүйсгэхгүй.

Айлын гэрээс галт зэвсэг хулгайлсан хэрэг гарчээ

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Гүнтийн задгайд оршин суух иргэн Г-ийн гэрээс эд зүйл, нэг бус галт зэвсэг хулгайлсан хэрэг гарсан байна. Хэрэг энэ сарын 11-ний өдөр болсон аж. Хэргийн дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Эрүү­гийн тасаг, ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газар, НЦГ-ын Хулгайн гэмт хэ­рэгтэй тэмцэх хэлтсийнхэн шуурхай эрэн сурвалжилж, сэжигтэн Ж, Б нар саатуулж үйлдсэнийг нь тогтоожээ. Зэргэлдээ айлуудын 5 хүүхэд алга болжээ.

Зэргэлдээ айлуудын 5 хүүхэд алга болжээ

Бэлхээс зэргэлдээ айлуудын 5 хүүхэд алга болсон талаар мэдээлэл гарч эхэллээ. Тус хүүхдүүд алга болоод 96 цаг буюу 4 хонож байгаа аж. Бид  алга болсон хүүхдийн ээжтэй холбогдож тодруулахад “Хүүхэд маань алга болоод олдоогүй байна. Алга болоод 96 цаг болж байна” гэсэн мэдээллийг өглөө. Ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн аж. Өөр нэгэн эх сурвалжийн мэдээллээр алга болсон хүүхдүүд хамтдаа тоглож байсан аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл