Энэ сарын 15-аас эхлэн нийслэлийн төв зам буюу баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл зүүн гар тийш эргэхгүй болсон. Тодруулбал, 2017 оны наймдугаар сарын 15-наас эхлээд нийслэл Улаанбаатар хотын Энхтайваны өргөн чөлөөнд 7 уулзварт зүүн гар тийш эргэх хөдөлгөөний хориглосон. Албаны хүмүүсийн үзэж буйгаар болж зүүн эргэхгүй болсоноор замын хөдөлгөөний ачаалал 20 хувиар буурна гэсэн мэдээллийг өгсөн. 11 дүгээр сургууль, Цэцэг төв, Төв шуудан, Гадаад харилцааны яам, Багшийн дээд, Бөхийн өргөө, Зүүн 4 зам гэсэн 7 уулзвараар зүүн эргэхийг хориглоход төв замын ачаалал буурсан талаар Замын цагдаагийн албан судалгаа гаргасан байна. Тус судалгаанаас харахад төв замын ачаалал буурсан байна. Жишээ нь Зүүн 4 замын уулзвараар 8 дугаар сарын 14-ний өдөр /хуучин дүрмээр/ нэг цагт 6830 тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан зүүн эргэхгүй шинэ дүрэм үйлчилж эхэлсэн өдөр 7400 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн гэнэ. Энэ нь 500 гаруй машин илүү нэвтэрсэн байна гэсэн үг. Харин эсрэгээрээ туслах замууд маш их түгжрэлтэй байсан талаар жолооч нар хэлж байна
НИЙСЛЭЛИЙН ГОЛ ЗАМД ЗҮҮН ТИЙШ ЭРГЭХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАСНААР:
Энхтайваны өргөн чөлөөгөөр зөвхөн чигээрээ болон баруун гар тийш эргэх хөдөлгөөн нэвтрэх бөгөөд нэг чиглэлдээ 1,400-1,600 машин/цагт явна.
Уулзварт нэвтрэх хүлээлтийн хугацаа багасч, шулуун нэвтрэх хөдөлгөөн саадгүй явж, гол замын хөдөлгөөний ачаалал буурч, хөдөлгөөн жигд тогтмол хурдтай нэвтэрнэ. Хотын төвийн замын хөдөлгөөний дундаж хурд, нийтийн тээврийн хурд нэмэгдэнэ.
Гол замын ачаалал буурсанаар Бага тойруу болон босоо замын хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэнэ.
Хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэж, зогсолт, хүлээлтийн хугацаа буурсанаар төв замын дагуух агаарын болон дуу чимээний бохирдол буурна гэж нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдэгдээд байгаа билээ. Мөн албаны хүмүүсийн зүгээс “Зүүн эргэхгүй болсон ГУРАВ ХОНОГТ замын ачаалал 5-6 хувь буурсан” гэсэн мэдээллийг өгөөд байгаа. Тэгвэл бодит амьдрал дээр хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт замын түгжрэл болон ачаалал хэр байгаа талаар бид тодрууллаа.
Энэ талаар бид дөрвөн жил таксинд явж байгаа СХД-ийн 25 хорооны иргэн Т.Баянбулаг: “Би дөрвөн жил таксинд явж байна. Ер нь хаана, хэдэн цагт түгжирдэг вэ гэдгийг багцаагаар мэддэг. Харин сүүлийн үед маш их түгжрэлтэй болсон. Ачаалал маш их байгаа. Дөрвөн замаас жуков хүртэл эргэх ямар ч боломжгүй. Хүүхдийн хичээл сургууль дөхсөн энэ үед төв замаар зүүн эргэхгүй болсон нь буруу шийдвэр болсон гэж бодож байна. Ер нь ямар нэгэн юманд туршилт гэж байх ёстой. Төв замаараа шулуун хурдан нэвтэрч болоод байгаа ч туслах замаа бас бодох ёстой. Туслах замд жолооч нар хамаг цаг, бензинээ дуусгаж байна” гэсэн юм.
Жолооч Д.Билгээ: зүүн эргэхгүй болсон талаар өөрийн санал “Хотын авто замын түгжрээг бууруулж байна гэж яриад байх юм. Ямар ч бодит ажил хийгээгүй байхад яаж буурах юм энхтайваны өргөн чөлөөний ачааллыг бусад замууд руу шилжүүлж байгаа л хэрэг ш дээ . Тэгээд ч нэмэргүй хэтэрхий олон уулзвар хэрэгтэй хэрэггүй гэрэл дохиотой төв зам ямар ч ялгаагүй түгжирнэ. Тэгээд албаны хүмүүс худлаа түгжрэл тэдэн хувь буурсан гэсэн мэдээллийг өгөөд байх юм. Аль ч улсад машины түгжрэлийг дээр доогуур нь давхар зам тавих олон салаа замруу тэлэх замаар л арилгана. Манайх шиг дарга нартаа зам чөлөөлж ажил хийж байгаа мэт харагдах гэж ийм юм хийхгүй л дээ Машины зогсоол байхгүй гол зам нь хаашаа ч салаалахгүй болохоор гэртээ харих гэхээр зүүн эргэхгүй явсаар байх уу.
Жолооч Н.Баяраа: Төв замаа л түгжрэлээс бага ч болов бодсон болохоос бусад жижиг уулзваруудаар түгжрэл нь улам ихсэж байна. Жишээ нь: Сөүлийн гудамж орох хүмүүс 1-р сургуулийн урдуур эргэхээр тэр хавийн зам маш их түгжирч байна.
СХД-ийн 31 дүгээр хорооны иргэн Л.Пүрэвдорж: Үүнийг бүх иргэд эсэргүүцэх хэрэгтэй байна. Амьдрал мэддэггүй хүмүүс ер нь яахаараа ингэж олон түмний амьдралд хүндрэл учруулж байдаг юм бэ? Хүлээн зөвшөөрөхгүй байх хэрэгтэй. 1-р эмнэлэг рүү ордог зам ердийн үед ямар их бөглөөтэй байдаг билээ. Гадаад яамны урд талын зам дээр маш олон машин тавигдсан байдаг зайгүй газраар арай хийж гардаг машины урсгал дэндүү удаан явдаг одоо үүн дээр олон машин нэмэгдэхээр ер нь юу болох вэ?Сеулийн гудамж өмнө нь 1-р сургуулийн хажууд зам хийгээгүй байхад удаан ч гэсэн яваад байдаг байсан. Гэтэл уулзвартай болсоноос хойш зүүнээс баруун тийшээ машин явахад маш хэцүү болсон учир нь уулзвар дээр нь зүүн тийшээгээ эргэх гэсэн машинууд чихдэг болохоор. Одоо бүх машин тийшээ чихэхээр яах болж байнаа? Төв зам нь чөлөөтэй боллоо гээд бусад зам нь таг дүүрээд хүмүүсийн ажил улам амжихгүй болно. Одооноосоо улам дордоно. Зам чинь усны сав шиг харилцах савны дүрэмтэй байдаг юм
Чингэлтэй дүүргийн 15 хорооны иргэн Т.Батамбаа: Зүүн эргэхгүй болсон нь маш буруу . Яг цагаа тулахаар ихэнхи түгжрэл хэдхэн бүдүүлэг жолооч нараас л болсон байдаг шүү дээ. Урсгал сөрсөнийг нь, буруу эгнээнээс эргэсэнийг нь, буруу гүйцэж түрүүсэнийг нь торгоод байвал 6-8 сарын дотор замын түгжрэл 15-45 хувь багасна. Дүрэм бол дүрэм л байх ёстой. Дүрмээ зөрчдөг бол эрхийг нь хасах хүртэл шийтгэл оногдуулдаг байх хэрэгтэй. Дүрэм зөрчсөн жолоочийг дахиж зөрчихгүй гэтэл нь дүрмийн сургалтанд өндөр төлбөртэйгөөр суулгадаг байх хэрэгтэй. Засрахгүй бол эрхийг нь хасдаг байх хэрэгтэй. Үүнээс өөрөөр хэдэн зам тавиад өөрчлөөд нэмэргүй.Тиймээс эхлээд энэ шийдвэрээ болих хэрэгтэй.
Баянзүрх дүүргийн 22 хорооны иргэн Д.Болд: Ер нь бол зүүн эргэхийг хориглох нь буруу. Манайх Баянзүрх захын хажууд амьдардаг. Бөхийн өргөөний уулзвараар зүүн эргэхийг хориглох нь буруу. Яагаад гэвэл Баруунаас зүүн тийш явж байгаа машинууд Дарь Эх, болон Е март орох гэж зүүн тийшээгээ их эргэдэг. Тэдгээр ачаалалтай хөдөлгөөн Баянзүрх захаар дамжин орж Бөхийн өргөө орно гэвэл үнэхээр их түгжрэл үүснэ. Баянзүрх захын зам дээр хэдэн наймаачид нь бараагаа буулгаад мөнхийн түгжрээ хэрүүл зодоон болж байдаг. Одоо энэ дээр нэмэгдээд төв замын урсгал орж ирэх болвол жинхэнэ дайн болно байлгүй дээ!