Бага насны хүүхдүүд ихэнхдээ юугаар тоглож болдог, болдоггүй гэдгийг мэддэг. Харин томчууд тоглож болдоггүй зүйл, тоглож болох зүйл хоёроо нэг л ялгахгүй байгаа юм шиг. Алдарт 60 тэрбумын бичлэгт холбогдоод байгаа Ц.Сандуйгийн зөвлөх А.Ганбаатар өнгөрсөн 7 хоногт буюу энэ сарын 17-ны өдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Түүний мэдээлэл хийж байгаа сэдэв нь мөн л 60 тэрбум. А.Ганбаатар “60 тэрбумын бичлэг миний итгэл үнэмшлээр бол эвлүүлэг, “Төрийн албанаас ингэж мөнгө босгох юм байна гэж “тоглож” ярьж байсан удаатай” хэмээн яриад орхив.
А.Ганбаатарын "итгэл үнэмшил" хэр бодитой вэ?
Монголчууд бид эрт дээр үеэс мөнх хөх тэнгэр, нутаг ус, ижий аав, бөө мөргөл, шарын шашин гээд олон зүйлд итгэж үнэмшиж, сүслэн залбирч ирсэн. Зарим нь өөр өөртөө итгэж амьдарч ирсэн. Түүнийг нэг жишээ нь А.Ганбаатар юм. Түүний хэлснээр бол тэр өөр өөртөө илүү итгэдэг, "итгэл үнэмшил"-дээ үнэнч нэгэн аж. Мөн түүндээ ч итгэлтээ явдаг бололтой. Өнгөрсөн пүрэв гаригт хийсэн мэдээллийнхээ үеэр үүнийгээ батлаад авах шиг. Учир нь тэрбээр “60 тэрбумын бичлэг миний итгэл үнэмшлээр бол эвлүүлэг. Ийм уулзалт болох нь болсон. Гэхдээ энэ схем, төлөвлөгөөг Г.Доржзодов хийж ирж надад танилцуулсан. Би эхэндээ ач холбогдол өгөөгүй. Сүүлд хэд хэдэн удаа уулзаж надад учрыг нь тайлбарлаж, танилцуулсан” хэмээн ярьсан. Тухайн үед төрийн албыг хэрхэн наймаалцаж байгааг сонсож байхад А.Ганбаатарын "итгэл үнэмшил" нь түүнийг “орхисон уу”. Эсвэл түүний итгэл үнэмшил ийм хор уршиг дагуулна гэдгийг мэдсэн үгүй юу. Ер нь А.Ганбаатарын итгэл үнэмшил хэр бодитой вэ. Хэрвээ түүний итгэл үнэмшил хол зөрдөггүй бол 60 тэрбумын энэ бичлэг эвлүүлэг биш гэдгийг “эзэндээ” хэлэх учиртайсан.
Тухайн үед төрийн албыг хэрхэн наймаалцаж байгааг сонсож байхад А.Ганбаатарын "итгэл үнэмшил" нь түүнийг “орхисон уу”. Эсвэл түүний итгэл үнэмшил ийм хор уршиг дагуулна гэдгийг мэдсэн үгүй юу. Ер нь А.Ганбаатарын итгэл үнэмшил хэр бодитой вэ.
Тоглоом тоотой нь дээр "60 тэрбумынхан"
Төрийн албыг наймаалцаж “тоглодог” гэхээр санаанд нэг л буухгүй юм. Хүүхдүүд галаар тоглож болдоггүй гэдгийг мэддэгсэн. Томчуудын тоглоом хатуу л даа. Гэхдээ төрийн албыг наймаалцаж, хэдхэн хүний эрх ашиг, эрх мэдлийн төлөө тэд “гал”-аар тоглож. Гэхдээ тэд тоглосон “гал”-ынхаа үнс, нурманд өөрсдөө өртөж "түймэр" тавьчихлаа. А.Ганбаатар үүнийг хэлээд өгсөн гэхэд болно. “Төрийн албанаас ингэж мөнгө босгох юм байна гэж “тоглож” ярьж байсан удаатай” гэж ярьж байсан гэдгээ хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм. Тэд зүгээр нэг “тоглож” яриагүй гэдэг нь өнөөдрийн 60 тэрбумыг дагасан асуудлаас харагдана.
Тэд зүгээр нэг “тоглож” яриагүй гэдэг нь өнөөдрийн 60 тэрбумыг дагасан асуудлаас харагдана.
МАН-ын дарга Э.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нар голлон “тоглосон”. Тиймээс Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг Эрүүгийн хэргийн сэжигтнээр тооцож АТГ мэдүүлэг авсан. Мөн 2016 оноос хойш төрийн өндөр албан тушаалд очсон 3000 гаруй хүнийг шалгаж эхэлсэн талаарх мэдээлэл гарч эхэлсэн юм. Хэдхэн хүний “тоглосон” тоглоом өнөөдөр хэр олон хүний “хоолойд тулсан хутга” болж байгаа нь илт байна. Товчхондоо тоглоом тоотой нь дээр гэдэг. Тоглоом тоотой нь дээр гэдгийг "60 тэрбумынхан" мэддэггүй гэж үү. Мэдсэн ч тэд “тоглох”-ыг хүссэн. Харин тэд дүрмийн дагуу бус “тоглоомд” хожих нь чухал. Ямар арга замаар, хэрхэн тоглох нь сонин биш байсан нь 60 тэрбумын бичлэгнээс бэлэхнээ харагдаж байна.
Д.Болор.