8o
Улаанбаатар хот
mobile menu

Аадар борооны улмаас Өвөрхангай аймагт 47 айлын хашаа, 11 гэр нурж эвдэрсэн байна

2017-08-21 11:36:33

Наймдугаар сарын 17-20-ны өдрүүдэд үргэлжлэн орсон хүчтэй аадар бороо, салхи шуурганы үеэр Архангай, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн нутагт багагүй хохирол учраад байна.

Тухайлбал, наймдугаар сарын 17-ны өдөр хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас Архангай аймгийн Цэцэрлэг сум, “Туулант” багийн “Дөрөө нуур” гэдэг газар  Хөвсгөл аймгийн Рашаант сумын харьяат иргэн Э, Б, О, А нарын 200 гаруй мал хорогджээ. Мөн аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн “Олон” гэдэг газар хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас малчин Ү-гийн 14 бог мал мөндөрт даруулан хорогдсон байна.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Жавхлант сум, Моностой багийн “Жавхлант  Уул” гэдэг газар усархаг бороо орсны улмаас үер бууж 10 метр засмал зам үерт автжээ . Тус аймгийн “Сэлэнгэ” АЗЗА ХХК-ийн ажилчид ажиллаж, Сүхбаатар-Дархан чиглэлийн автозамын хажуугийн хөвөө шороо урссан, автозам сэтэрснийг засварлаж байна.

Наймдугаар сарын 18-нд Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай багийн нутагт түр зуурын мөндөр орж хүчтэй хуй салхи салхилсны улмаас 13-38 насны 2 иргэн хөнгөн бэртэл авсан. 47 айлын хашаа, 11 гэр нурж эвдэрсэн, 13 байшингийн дээвэр хуурч, цонх хагарсан, 6 зуны байшин бүрэн нурсан. Мөн 6 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам тасарч, 7 тулгуур багана унасныг засварлахаар Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн ажилчид ажиллаж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сумын засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн хор уршгийг арилгах арга хэмжээ авч ажиллаж  байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл