НИТХ-ын дарга Ц.Сандуйг 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон талаарх мэдээлэл хоёр жилийн өмнөөс гарч эхэлсэн. Харин өнгөрсөн долоо хоногоос эхлээд Ц.Сандуйг огцруулах гарын үсгийн НИТХ-ын гишүүд цуглуулж эхлээд байгаа юм. Энэ талаар НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр 60 тэрбум төгрөгийн асуудалтай нэр холбогдоод байгаа Ц.Сандуйг огцруулах талаар мэдэгдэл хийлээ.
НИТХ дахь АН бүлгийн дарга Ц.Баатархүү " 60 тэрбумын гэх үйлдэл нь төрийн албаны чадавхийг бууруулсан, чадварлаг төрийн албан хаагчийн эрхийг ноцтой зөрчсөн, албан тушаал эрх мэдлийн арилжааг хөхүүлэн дэмжсэн, ёс зүйгүй үйлдэл байтал эрх баригч намын удирдах намын зөвлөл нэр бүхий албан тушаалтнууддаа хариуцлага тооцох биш, хаацайлж, хамгаалах оролдлого хийсээр байгаа нь олон нийтийн зэвүүцлийг төрүүлсээр байгаа юм. Иймд НИТХ дахь АН-ын бүлгээс НИТХ-аар НИТХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх ёстой гэж үзэж байна. Иймээс энэ удаагийн наймдугаар сарын 31-нд болох хурлаар уг асуудлыг хэлэлцэнэ" гэсэн байна.