Шадар сайд У.Хүрэлсүхийг өнгөрсөн тавдугаар сараас эхлээд тагнаж чагнасан хэрэг гарч, хуулийн байгууллага шалгаж байгаа билээ. Тус хэрэгт холбогдуулан гэрч Ч.Батболд болон хууль бусаар тагнаж чагнасан этгээдүүдийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт болсон МАН-ын УЗ-ийн хурлын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх “Намайг өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш дагасан. Солонгост явж байхад хүртэл араас хүн явуулаад тэр чинь баригдсан. Энэ асуудлыг илчилсэн залуусыг барьж хориод У.Хүрэлсүхийн эсрэг мэдүүлэг өг гэж тарчлааж байгаа дуулдаж байгаа шүү. Би 2012 оны сонгуулийн дараа УИХ-ын гишүүнээсээ татгалзаад явж л байсан. Тэр үед яривал ярих юм их байсан шүү. М.Энхболдоо, чи одоо ажлаа өг. Чамд УИХ-ын дарга, МАН-ын дарга байх ёс суртахууны эрх байхгүй. Чи ард түмний үзэн ядаад байгаа төрийн албыг наймаалцах 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Чамайг ингэ гэж МАН-ын даргаар тавиагүй. Чи бүх томилгоогоо эргээд хар. Ж.Эрдэнэбат Засгийн газраа удирдаж чадахгүй, намаа сонгуульд унагасан. Чи ч бас ажлаа өг. Таны удирдсан Засгийн газрын өнгөрсөн нэг жилийн ажилд өгсөн үнэлгээ гэж ойлго. Чи Мэргэжлийн Засгийн газар биш, сайдууддаа концессын гэрээ хуваарилж, нийгмийн баялгийг завшсан, ах дүү, хамаатан садан, авлигын Засгийн газар бүрдүүлсний шан. 65 суудалтай байж чам шиг арчаагүй Ерөнхий сайд байдаггүй юм. Харин би Шадар сайдын хувьд түшиж, тулж явсан байх шүү. Энэ мөчид би ч гэсэн Шадар сайдын ажлаа өгөх гэж байгаагаа үүгээр мэдэгдэж байна. Албан тушаалгүй, иргэн болж байгаад үзэлцье” гэсэн байр суурь илэрхийлсэн байдаг.
Энэ дагуу өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Шадар сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Шадар сайд У.Хүрэлсүх тус өргөдөлдөө “Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат таны зохион байгуулан хэрэгжүүлж буй улс төрийн бохир үйл ажиллагаатай эвлэрч чадахгүй тул тантай цаашид хамтран ажиллах ёс суртахуун, итгэл үнэмшилгүй боллоо. Мөн Ж.Эрдэнэбат таныг цаашид Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах ёс суртахууны эрхгүй ” хэмээн өргөдөлдөө бичсэн байна.