Төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр наймаалцаж буй нууц бичлэгт нэр холбогдсон НИТХ-ын дарга Ц.Сандуйг өнгөрсөн долоо хоногоос эхлээд огцруулах асуудал сөхөгдөж эхэлсэн. НИТХ дахь МАН-ын хэсэг төлөөлөгчид болон АН-ын төлөөлөгчид гарын үсгээ цуглуулж эхлээд байгаа билээ. Тэгвэл энэ талаар НИТХ дахь АН бүлгийн дарга Ц.Баатархүү болон НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун нар мэдээлэл хийсэн. Тэдний хийсэн мэдээллийг VS буландаа онцолж байна.
60 тэрбумын гэх үйлдэл нь төрийн албаны чадавхийг бууруулсан, чадварлаг төрийн албан хаагчийн эрхийг ноцтой зөрчсөн, албан тушаал эрх мэдлийн арилжааг хөхүүлэн дэмжсэн, ёс зүйгүй үйлдэл байтал эрх баригч намын удирдах намын зөвлөл нэр бүхий албан тушаалтнууддаа хариуцлага тооцох биш, хаацайлж, хамгаалах оролдлого хийсээр байгаа нь олон нийтийн зэвүүцлийг төрүүлсээр байгаа юм. Иймд НИТХ дахь АН-ын бүлгээс НИТХ-аар НИТХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх ёстой гэж үзэж байна. Иймээс наймдугаар сарын 31-нд болох хурлаар Ц.Сандуйг огцруулах асуудлыг хэлэлцэнэ.
МАН-ын бүлэг 34 төлөөлөгчтэй. Тэдний 16 нь НИТХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Энэ бол олонх болоогүй гэсэн үг. АН-ын 11 төлөөлөгчтэй нийлээд 27 болсон ч Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан Иргэдийн хурлын ээлжит бус хурлыг хуралдуулах хэмжээнд хүрээгүй.
Нийслэлийн МАН хуралдаж, ямар нэг шийдвэр гаргаагүй. МАН-ын бага, их хурал 20 хоногийн дараа болно. Гэтэл үүний наана ингэж улстөржиж, намыг хагалан бутаргах, төрийн ажлыг цалгардуулж байна.Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд ИТХ-ын даргыг гарын үсэг цуглуулж, огцруулна гэсэн заалт байхгүй. Нийт төлөөлөгчдийн 2/3-оос дээш хүн нь гарын үсэг зурсан бол ээлжит хурлыг хуралдуулна. 2/3-оос дээш хүн санал гаргасан бол хурал өөрөө тарна гэсэн заалт бий.Гарын үсэг цуглуулаад огцруулах боломжгүй гэдгийг мэдсээр байж улс төрийн зорилготой ажиллаж байгаа нь буруу. Иргэдийн хурлын дүрэм болоод хууль тогтоомжид ИТХ-ын даргыг огцруулах заалт байдаггүй аж. Харин гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол намын дүрмийн дагуу ёсзүйн хариуцлагын асуудал яригдах юм байна. “Өнөөдрийг хүртэл ИТХ-ын даргыг огцруулж байсан тохиолдол байхгүй. Учир нь хуулинд заагаагүй. Зөвхөн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж болно.