8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Ерөнхийлөгч орон тооны бус зөвлөхүүдээ томилж, ЗГ-ыг огцруулахаар санал нэгдсэн МАН-ын гишүүдийн нэрс ил болсон өдөр

2017-08-22 18:30:00

“Юуг ч маргааш гэж бүү хойшлуул. Энэ нь цаг хугацааны үнэ цэнийг мэддэг хүний давуу тал” гэсэн сайхан үгийн хамт эрхэм уншигч танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ таны хувьд цаг хугацааны хувь үнэ цэнэтэй нэг өдөр байсан гэдэгт найдаж байна. Өнөөдөр улс эх оронд болсон үйл явдлыг тоймлон хүргэдэг Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Ц.Сандуй М.Энхболдыг “шантаажилсан уу” эсвэл . . .

МАН-ыг “үүрээ хөндүүлсэн шоргоолж” шиг болгосон зүйл бол алдарт 60 тэрбумын бичлэг. МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нар хоорондоо төрийн албыг хэрхэн наймаалцах, зарах тухай ярьсан 90 минутын бичлэг 2016 онд болсон билээ. Хоёр жил дамжин яригдаж байгаа энэ бичлэгийг цацагдсаны дараа МАН-ы дарга М.Энхболд “Энэ бичлэг эвлүүлэг. Улстөрийн зорилготой гүтгэлэг” хэмээн мэдэгдэж байсан. Харин Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй “Энэ бичлэг манай стратеги төлөвлөгөөний үеэр ярьж байсан зүйл. Хэн ямар зорилгоор цацсаныг мэдэхгүй байна. Хуулийн  байгууллагаар шалгуулна” хэмээн тухайн үед мэдэгдэж байна. Үүний дараа МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар дахин хэлсэн талаар эх сурвалж мэдээлсэн. Тодруулбал МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын үеэр Ц.Сандуй “ийм яриа болсон нь үнэн” гэж 60 тэрбумын бичлэг эвлүүлэг биш, бодит гэдгийг гэрчилсэн гэдэг. Үүний дараахан 60 тэрбумын хэрэгт холбогдоод байгаа А.Ганбаатар мөн л мэдээлэл хийж “үлгэр” шиг л юм ярьсан. Тухайлбал “энэхүү 60 тэрбумын бичлэг эвлүүлэг. Г.Доржзодов анх энэ схемийг боловсруулчихсан ирсэн” хэмээсэн. Гэхдээ нийслэлээс ингэж мөнгө босгож болох юм байна гэж “тоглож” ярьж байсан” гэдгээ хэлж нэг өдөр хэвлэлийн төдийгүй цахим орчинд “од” болсон юм. 60 тэрбумын хэрэгт холбогдоод байгаа МАН-ын дарга М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нар удаа дарааллан гарч ирээд ийнхүү эвлүүлэг мөн биш гэж ирээд ярих нь нэг л зохимжгүй. Учир нь нэг зүйлийн тухай ярьж байж өөр өөр мэдээлэл хийх нь яг л “хоёр үзүүртэй зүү” шиг санагддана.

Учир нь нэг зүйлийн тухай ярьж байж өөр өөр мэдээлэл хийх нь яг л “хоёр үзүүртэй зүү” шиг санагддана.

Төрийн албыг наймаалцах талаар яригдсан энэхүү 60 тэрбумын бичлэг “хоёр үзүүртэй зүү” байтугай олон асуулт, хариулт, эргэлзээ, учир шалтгаан дагуулсаар л.  Үүнээс ганцхан жишээг нь энд дурдвал. Энэ сарын 16-ны өдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хурал хаалттай горимоор, харуул, хамгаалалтын дор нэлээд ширүүн өрнөсөн гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Энэ хуралд дээр хэлэлцэх асуудлын дунд Ц.Сандуйг огцруулах санал хэдэнтээ яригдсан ч түүнийг огцруулах үндэслэлгүй гэж үзсэн талаар эх сурвалж мэдээлж байсан. Тэгвэл төрийн албыг наймаалцах тухай яригдсан 60 тэрбумын бичлэгийг гардан зохион байгуулсан Ц.Сандуйг огцруулах үндэслэлгүй гэж үзсэн нь хачирхалтай. Ц.Сандуйг хэн хамгаалав, хаацайлав. Энэ асуулт хариултгүй юм шиг хэрнээ хариулт нь бэлэн гэдгийг олон хүн мэдэж байгаа. МАН-ын дарга М.Энхболд Ц.Сандуйг “цээжээрээ” хамгаалж гарсан нь мэдээж. Түүнд Ц.Сандуйг хамгаалах үндэс, шалгаан, учир юу байв. Товчхондоо М.Энхболд Ц.Сандуйг хамгаалахын тулд байгаагаа “дэнчинд” тавьсан уу. Үүний шалтгаан юу байв.

МАН-ын дарга М.Энхболд Ц.Сандуйг “цээжээрээ” хамгаалж гарсан нь мэдээж. Түүнд Ц.Сандуйг хамгаалах үндэс, шалгаан, учир юу байв. Товчхондоо М.Энхболд Ц.Сандуйг хамгаалахын тулд байгаагаа “дэнчинд” тавьсан уу. Үүний шалтгаан юу байв.

60 тэрбумын бичлэгт гарсан шиг төрийн албыг ангилж, наймаалцаж зарсан бол хэн хэн хэдийг өгч ямар албан тушаалд очсоныг мэдэх ганцхан хүн бий. Тэр нь Ц.Сандуй. Тэгэхээр М.Энхболд Ц.Сандуйг хамгаалах нь зүйн хэрэг мэт. Нөгөө талаас нь харвал Ц.Сандуй М.Энхболдыг шантаажилсан уу. Шантаажлах шалтгаан бий юу. Нэг “завинд” суусан хүмүүс завь осолдлоо гэхэд биесээ гэх нь мэдээж. Тэглээ гээд М.Энхболд байгаагаа тавьж “цээжээрээ” хамгаалж, аврах шалтгаан, учир байсан уу.  Удирдах зөвлөлийн хурлын нөхцөл байдлаар харахад шалтгаан байсан нь харагдаж байна. Чухам тэр шалтгаан юу бэ. Ц.Сандуй “унасан ч сэхсэн ч хамтдаа шүү” гэдгийг М.Энхболд даргад ойлгуулсан уу. Эсвэл М.Энхболд үүнийг өөрөө ойлгочихвуу.  Нэг чиг, зорилгын төлөө явж байсан хоёр хүн хэрэг “бишдэх” үед биесээ хаядаг “муу” зуршил манайд байдаг нь олон дуулиант хэргүүдээс харагддаг. Гэтэл М.Энхболд, Ц.Сандуй нарын байр байдлаас харахад 60 тэрбумын хэрэг энэ хоёрыг биесээ гэх олон шалтгаан байгааг харуулж байна. Тэр нь “шантааж” уу.

Ц.Сандуйг огцруулах хуулийн заалт байхгүй VS Огцруулах асуудлыг хэлэлцэнэ

Төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр наймаалцаж буй нууц бичлэгт нэр холбогдсон НИТХ-ын дарга Ц.Сандуйг өнгөрсөн долоо хоногоос эхлээд огцруулах асуудал сөхөгдөж эхэлсэн. НИТХ дахь МАН-ын хэсэг төлөөлөгчид болон АН-ын төлөөлөгчид гарын үсгээ цуглуулж эхлээд байгаа билээ. Тэгвэл энэ талаар  НИТХ дахь АН бүлгийн дарга Ц.Баатархүү болон НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун нар мэдээлэл хийсэн. Тэдний хийсэн мэдээллийг VS буландаа онцолж байна. 

НИТХ дахь АН бүлгийн дарга Ц.Баатархүү: Ц.Сандуйг огцруулах асуудлыг наймдугаар сарын 31-нд болох хурлаар хэлэлцэнэ


60 тэрбумын гэх үйлдэл нь төрийн албаны чадавхийг бууруулсан, чадварлаг төрийн албан хаагчийн эрхийг ноцтой зөрчсөн, албан тушаал эрх мэдлийн арилжааг хөхүүлэн дэмжсэн, ёс зүйгүй үйлдэл байтал эрх баригч намын удирдах намын зөвлөл нэр бүхий албан тушаалтнууддаа хариуцлага тооцох биш, хаацайлж, хамгаалах оролдлого хийсээр байгаа нь олон нийтийн зэвүүцлийг төрүүлсээр байгаа юм. Иймд НИТХ дахь АН-ын бүлгээс НИТХ-аар НИТХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх ёстой гэж үзэж байна.  Иймээс наймдугаар сарын 31-нд болох хурлаар Ц.Сандуйг  огцруулах асуудлыг хэлэлцэнэ. 

НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун: Ц.Сандуйг огцруулах хуулийн заалт байхгүй 


МАН-ын бүлэг 34 төлөөлөгчтэй. Тэдний 16 нь НИТХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Энэ бол олонх болоогүй гэсэн үг. АН-ын 11 төлөөлөгчтэй нийлээд 27 болсон ч Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан Иргэдийн хурлын ээлжит бус хурлыг хуралдуулах хэмжээнд хүрээгүй.
 
Нийслэлийн МАН хуралдаж, ямар нэг шийдвэр гаргаагүй. МАН-ын бага, их хурал 20 хоногийн дараа болно. Гэтэл үүний наана ингэж улстөржиж, намыг хагалан бутаргах, төрийн ажлыг цалгардуулж байна. Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд ИТХ-ын даргыг гарын үсэг цуглуулж, огцруулна гэсэн заалт байхгүй. Нийт төлөөлөгчдийн 2/3-оос дээш хүн нь гарын үсэг зурсан бол ээлжит хурлыг хуралдуулна. 2/3-оос дээш хүн санал гаргасан бол хурал өөрөө тарна гэсэн заалт бий. Гарын үсэг цуглуулаад огцруулах боломжгүй гэдгийг мэдсээр байж улс төрийн зорилготой ажиллаж байгаа нь буруу.  Иргэдийн хурлын дүрэм болоод хууль тогтоомжид ИТХ-ын даргыг огцруулах заалт байдаггүй аж. Харин гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол намын дүрмийн дагуу ёсзүйн хариуцлагын асуудал яригдах юм байна. “Өнөөдрийг хүртэл ИТХ-ын даргыг огцруулж байсан тохиолдол байхгүй. Учир нь хуулинд заагаагүй. Зөвхөн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж болно. 

П.Бадрал: 4-400 сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хийсэн хүмүүсийн мөнгийг төр үнэгүйдүүлж байна

Авто худалдааны цогцолборт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос “Авто худалдааны цогцолбор”-ын үйл ажиллагааны тухай өчигдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр хотын баруун захад байрлах “Авто худалдааны цогцолбор”-т 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн иргэд тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдсэн юм.  Улаанбаатар хотын эргэн тойрон дахь авто захуудыг нэг дор нэгтгэх “Авто худалдааны цогцолбор”-ыг тухайн үеийн Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн санаачлгаар 2015 оны хоёрдугаар улиралд ашиглалтад орох байсан. Гэвч өнөөдрийг хүртэл Улаанбаатар хот доторхи нэг ч авто захын үйл ажиллагааг зогсоож, нүүлгэн шилжүүлээгүй байгаа нь хөрөнгө оруулалтад хийсэн 2000 гаруй иргэд эдийн засгийн хохирол амсаж байна гэсэн юм. Энэ үеэр  Авто худалдааны цогцолборт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн П.Бадралтай ярилцсан юм.

 -“Авто худалдааны цогцолбор”-т хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс мөнгөө эргэлдүүлж чадахгүй байна гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Нийслэл хотод 27 га талбайд буюу авто машин, тэдгээрийн сэлбэг, дагалдах хэрэгслийг худалдаалах зориулалтын бус газарт үйл ажиллагаа явуулдаг есөн томоохон зах бий. 34 цэгүүдэд нийт 7000 автомашины зогсоол байна. “Авто Худалдааны Цогцолбор” нь 130 га эдэлбэр газрыг хамарч, том, жижиг оврын нийт 14000 авто машины зогсоолтой. Бизнес эрхлэгчид өөрсдөө хөрөнгө оруулалт хийж, авто машин худалдах зогсоолуудыг нэгийг нь хамгийн багадаа дөрвөн сая төгрөгөөр худалдан авсан. 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн 500 бизнес эрхлэгч хотын удирдлагын шийдвэрийг дөрвөн жил хүлээж, мөнгөө эргэлдүүлж чадахгүй нөхцөл байдал өнөөдөр үүсээд байна. Тиймээс Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон ажлын хэсгийн ахлагч Засаг даргын орлогч П.Баярхүү нарыг “Ширээний ард суугаад ярьдаг яриагаа ажил хэрэг болгож, асуудлыг бодитой шийдэн, хөрөнгө оруулалтыг ашигтай болгож өгөх”-ийг шаардаж энэ мэдээллийг хийж байна.

Бизнес эрхлэгчид өөрсдөө хөрөнгө оруулалт хийж, авто машин худалдах зогсоолуудыг нэгийг нь хамгийн багадаа дөрвөн сая төгрөгөөр худалдан авсан. 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн 500 бизнес эрхлэгч хотын удирдлагын шийдвэрийг дөрвөн жил хүлээж, мөнгөө эргэлдүүлж чадахгүй нөхцөл байдал өнөөдөр үүсээд байна.

- “Авто худалдааны цогцолбор”-т нийт хэчнээн хүн, хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна вэ?

-“Авто худалдааны цогцолбор”-т талбайн хэмжээнээс хамаарч хөрөнгө оруулалт хийсэн мөнгө нь харилцан адилгүй. Тухайлбал хөрөнгө оруулалтын мөнгөн дүн нь хамгийн багадаа дөрвөн сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Их нь 400 сая хүртэлх мөнгөөр хөрөнгө оруулалт хийсэн хүн ч бий.  2015 оноос хойш бизнесийн орчныг нь сайжруулна гэж хэлээд өдийг хүртэл нэг ч ажил, худалдаа үйлчилгээ хийгээгүй.  Хэдэн харуулуудаас өөр хэн ч алга байхгүй байна.  2,000 гаруй иргэн 10 тэрбумын хөрөнгө оруулсан.

-Авто захуудын түрээслэгчид “Авто худалдааны цогцолбор” руу нүүх гэсэн бодол их байдаг. Гэтэл түрээслүүлэгчдээс маш их дарамт ирдэг гэж та ярилаа. Түрээслэгчдэд ямар дарамт ирдэг юм бэ?

-Энэ дарамт бол нэлээд дээрээс л эхэлсэн гэдгийг тэнд худалдаа үйлчилгээ эрхэлдэг хүмүүс бүгд мэднэ. Би ч тэнд худалдаа үйлчилгээ явуулдаг байсан. Одоо манай найзууд ч бий. Түрээслүүлэгчдэд шаардлага тавихаар тэгвэл очдог газраа оч, зарим худалдах гэж байсан машиныхан нь дугуйг хагалах, түжих, зурах, сэв суулгах гээд маш их дарамт ирдэг. Хуучин машин зардаг хүмүүс түрээсийн мөнгөө нэг хоёр, хоног өнгөрүүлж төлөх тохиолдолд гэрээг нь цуцална гэж дарамталдаг.  Хэрвээ төр “Авто худалдааны цогцолбор” руу нийслэл хотод байгаа захуудыг нүүлгэ гэсэн шийдвэр гаргачихвал энэ түрээслэгчид бүгд тийшээ явах хүсэл, сонирхол маш их байгаа. Гэтэл өнөөдөр энэ шийдвэр цаасан дээр л яригдаж байгаа болохоос бодит амьдрал дээр огт хэрэгжих байгаа юм. Товчхондоо 4-400 сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хийсэн хүмүүсийн мөнгийг төр үнэгүйдүүлж байна. Бид үүнийг зүгээр хараад суухгүй. Тиймээс  бид мэдээлэл хийж, энэ шийдвэрийн хурдан нэг тийш нь болгохыг хүсэж, шаардаж байгаа юм. Тэгэхгүй бол “Авто худалдааны цогцолбор”-т хөрөнгө оруулсан хүмүүс хохироод байна.

Түрээслүүлэгчдэд шаардлага тавихаар тэгвэл очдог газраа оч, зарим худалдах гэж байсан машиныхан нь дугуйг хагалах, түжих, зурах, сэв суулгах гээд маш их дарамт ирдэг.Хуучин машин зардаг хүмүүс түрээсийн мөнгөө нэг хоёр, хоног өнгөрүүлж төлөх тохиолдолд гэрээг нь цуцална гэж дарамталдаг.

-Дорвитой шийдвэр гаргах 14 хоногийн хугацаа өглөө.  Энэ хугацаанд шийдвэр гарахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ мэдэгдээд байгаа шүү дээ?

-Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон ажлын хэсгийн ахлагч Засаг даргын орлогч П.Баярхүү нар шаарлага хүргүүлсэн. Энэ шаардлага нь 14 хоногийн дотор авто захуудыг хаах,  “Авто худалдааны цогцолбор” руу нүүлгэх тухай захирамж гаргахыг шаардаж байна. Үгүй ядаж энэ талаар бодитой ажил хийж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Хэрвээ 14 хоногийн дотор ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол бид дараа, дараагийн тэмцлийн хэлбэрийг сонгож, тууштай тэмцэх болно.Тэмцлийн хэлбэр нь бид хуулийн дагуу явна. Зам Тээвэр Хөгжлийн яам болон Нийслэлийн хамтарсан ажлын хэсгээс гарсан дүгнэлт шийдвэрээ холбогдох агентлагууд нь мөрдөж ажиллах байх гэж найдаж байна.  "Авто худалдааны цогцолбор” хөрөнгө оруулалт хийхдээ гэрээ байгуулсан.Гэрээн дээр юу гэж заасан гэхээр алданга тооцно гэсэн байгаа. Бид алданга тооцох тухай албан хүсэлт гаргаж шүүхэд хандана. Шүүхийн байгууллагаар энэ асуудлыг шийдүүлнэ.

-Хуулийн байгууллагын дүгнэлт нөгөө талд гарсан гэсэн мэдээлэл байсан. Энэ үнэн үү. Ямар дүгнэлт гарсан юм бэ?

-1000 машины зогсоол УБТЗ харьяаны газрыг түрээсэлдэг. Гэрээнийхэн хугацаа дуусаагүй байхад би нарын гэрээг цуцаллаа гэсэн нөхцөлөөр шүүхэд хандсан байдаг юм. Шүүх ямар шийдвэр гаргасан гэхээр гэрээний хугацааг нь дуустал нь үйл ажиллагаа явуул гэсэн шийдвэр, дүгнэлт гарсан. Түүнээс биш авто худалдааны захуудыг битий нүүлгэ, хаа гэсэн  ямар ч шийдвэр гараагүй.  1000 машины зогсоолын гэрээ энэ арван сард дуусна.  

-Танай холбоонд нийт хэчнээн гишүүн нэгдээд байгаа вэ?

-Албан ёсоор 100 гаруй хүн гишүүнээр элсээд байна.

3 аймагт нойтон цас оржээ

Орон нутагт нойтон цас унажээ. Тодруулбал  Хөвсгөл, Ховд, Увс аймгийн зарим сумдад нойтон цас орсон байна. 2017 оны 8 дугаар сарын 21-нээс 8 дугаар сарын 28-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр, ойрын хоёр хоногтоо төв, зүүн аймгуудын нутгаар усархаг бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.  

Цахилгаан автомашиныг дугаарын хязгаарлалт, зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10 хувийг автомашинаас ялгарч байгаа утаа бий болгодог бөгөөд энэхүү ялгарч буй хорт бодис нь этилт хар тугалга, нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, кадми, альдегид бенз(о)пирен диоксин зэрэг хорт бодис агаарт ялгаруулдаг судалгаа бий. Тиймээс автомашины яндангаас ялгарч байгаа хорт утааг багасгаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн хэмнэлттэй цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргалаа.

Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээллийн санд 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар нийт 74 бүрэн цахилгаан авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 61 нь төрийн болон хувийн өмчит троллейбус, 13 нь бага оврын ачааны болон суудлын автомашин байна. Захирамж гарснаар байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй, цахилгаан тэжээлт автомашины хэрэглээ нэмэгдэж, нийслэл хотын замын хөдөлгөөнд цахилгаан тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтгүй зорчуулах бөгөөд авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөх юм.  Мөн цахилгаан тэжээлт автомашины цэнэглэгч станцуудыг байгуулж, уг авто машины хэрэглээг цаашид нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлуулан мөрдөж эхэлнэ.

Одоогоор томоохон автомашин үйлдвэрлэгчид цахилгаан автомашин үйлдвэрлэж байгаа бөгөөд 15-20 жилийн дараа нийт үйлдвэрлэх автомашины 90 хувь нь цахилгаан болох судалгаа бий. Дэлхийн томоохон улсуудын хотуудын тээврийн хэрэгслийнх нь бүтцэд цахилгаан авто машины хэрэглээ өсөн бий болох хандлага ажиглагдаж байгаа бөгөөд тухайн улс, хотын удирдлагууд цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх олон хөнгөлөлт дэмжлэгүүдийг үзүүлж эхлээд байна. Улаанбаатар хот энэхүү олон улсын хандлагыг дагаж, цаашид цахилгаан авто машиныг нийтийн хэрэглээнд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна.

Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэхэд дан ганц гэр хорооллоос ялгарах утаатай тэмцэх бус авто машинаас ялгарах утаатай давхар тэмцэх шаардлага тулгараад байгааг мэргэжлийн байгууллагууд зөвлөдөг. Энэхүү шийдвэр нь Нийслэлийн Засаг даргын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Байгаль орчин, ногоон хөгжлийн зорилт”-ын хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг бөгөөд цаашид Эко Улаанбаатар хот болох ажлын хүрээнд иргэдийн хэрэглээний зардлыг хэмнэсэн, ногоон хэрэглээг дэмжсэн олон ажлууд хийнэ гэдгийг Хотын дарга онцолж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

О.Баасанхүү Ерөнхийлөгчид хүсэлт хүргүүлжээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт хүргүүлжээ. Уг хүсэлт нь нэр бүхий 4 үндэслэлээр ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Хүсэлтийг энд дарж үзнэ үү. 

Ерөнхийлөгч 9 сарын 1-нд хичээл заахгүй

Жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхий боловсролын сургуулийн эхний хичээлийг заадаг уламжлал  билээ. Энэ жилийн хувьд шинэ Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд есдүгээр сарын 1-ний өдөр эзгүй байх тул онлайнаар хичээл заахгүй юм байна.

Засгийн газрыг огцруулахаар санал нэгдсэн МАН-ын гишүүдийн нэр ИЛ БОЛЛОО

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд болон МАН-ын бүлгийн зарим гишүүд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах албан бичгийг өргөн барих мэдээлэл гараад байгаа. Одоогийн байдлаар МАН-ын бүлгийн 65 гишүүний 32 нь огцрох нь зүйтэй гэсэн саналд нэгдсэн байна. Тодруулбал,Т.Аюурсайхан, Сү.Батболд Б.Баттөмөр, Б.Батзориг, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Д.Гантулга, Ц.Гарамжав, Ц.Даваасүрэн, Д.Дамба-Очир, Г.Занданшатар, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ш.Раднаасэд, Д.Сарангэрэл, Г.Сумъяабазар, .Солтан, Я.Содбаатар, А.Сүхбат, Н.Учрал, Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар ,С.Чинзориг, Б.Энх-Амгалан , Энхболд , Л.Элдэв-Очир , Ө.Энхтүвшин , Ж.Энхбаяр нарын гишүүдийн нэр ил боллоо.

Ерөнхийлөгч орон тооны бус зөвлөхүүдээ томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж орон тооны бус зөвлөхүүдийг томилов. Үүнд, Ч.Чулуунцэцэгийг Багшийн хөгжлийн асуудал хариуцсан, О.Амгаланбаатар,  Гааль, татварын асуудал хариуцсан, Ч.Ганбатыг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан, С.Пүрэвсүрэн, Хүмүүнлэгийн асуудал хариуцсан, Ц.Ууганбаярыг Гэр хорооллын барилгажилтын асуудал хариуцсан, Ш.Батцэцэг нарыг орон тооны бус зөвлөхөөр томилсон байна. Мөн  Ядуурал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан Л.Эрдэнэчимэг,  Эм, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудал хариуцсан, Д.Жаргалсайханыг Үндэсний аж үйлдвэрийг хөгжүүлэх асуудал хариуцсан, Сампилдондовын Чулууныг Монгол судлалын асуудал хариуцсан, Цэнджавын Чинбатыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан, Цэдэнгийн Сосорбарамыг Усны асуудал хариуцсан, Бат-Өлзийн Баатарыг Кино урлагийн асуудал хариуцсан, Ням-Очирын Лхагвадоржийг Оюутны хөгжлийн асуудал хариуцсан, Сүхбаатарын Дэмчигийг Залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан, Нарангэрэлийн Оргилыг Кино урлагийн асуудал хариуцсан, Лувсандоржийн Баян-Алтайг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр тус тус томилсон байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөс Догмидын Сосорбарам, Цэрэндэжидийн Бямбажав, Хашбаатарын Цагаанбаатар, Чулуунцэрэнгийн Отгочулуу, Баянжаргалын Бямбасайхан нарыг чөлөөлжээ.

БНСУ-д хоёр монгол иргэн архи ууж байгаад нэгийгээ хутгалан амь насыг нь хохироожээ

БНСУ-д ажиллаж амьдарч буй хоёр монгол иргэн архи уусан үедээ нэгийгээ хутгалж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Тодруулбал, Монгол улсын иргэн 32 настай эрэгтэй, 54 настай эрэгтэйг хамт архи ууж байх үедээ маргалдан мэс ашиглан аминд нь хүрчээ. Одоогоор Кёнги мужийн Юунин Дунбү цагдаагийн газарт 54 настай эрэгтэйг хөнөөсөн хэрэгт сэжиглэн, монгол улсын 32 настай иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Өөнтөгч
Цэг таслалаа бичсэн хүн өөрөө нэг уншаад үздээ. Хянадаг хүн байдаггүй юм уу?
2017/08/22 135.23.229.11
  • Recent
  • Most Read
  • Most Comment