8o
Улаанбаатар хот
mobile menu

"Эрдэнэс Тавантолгой"-н удирдлагууд мөргөцгийн нүүрснээс луйвар хийсэн үү?

2017-08-23 08:24:28

Чоно борооноор буюу сонгуулийн үеэр, наадмын өмнө Таван толгойд гарсан хулгайн мөрөөр...

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын экспортын орлогын гол нөөц болсон “Таван толгойн бүлэг ордын (бассейн) талаар ихээхэн маргаан шуугиан дэгдэх болов. Олон хүн тус бүлэг ордыг Төрийн өмчит “Эрдэнэс таван толгой” ХК эзэмшдэг гэж боддог ч тус бүлэг ордын нэгээхэн хэсгийг эзэмшдэг “жижиг” тодотголтой орон нутгийн захиргаа 51%-ийг эзэмшдэг “Таван толгойн” талаар мэддэггүй, Мэддэг нь АЖНАЙ Бат-Эрдэний хувийн өмч гэж ойлгодог юм. Ажнайг дэлхийд данстай баян болгож байгаа орд жижигдэхгүй л дээ...

2016 оны сонгуулиар “Ажнай” Бат-Эрдэнэ УИХ-ийн сонгуульд ялагдаж өөрийн байр сууриа алдав. Гэвч жижиг таван толгойд “Ажнай” Бат-Эрдэнэ нөлөө ихтэй хэвээр үлдсэн бөгөөд ялагдсаныхаа дараа эрх баригч намтай хамтран ажиллах талаар ихэд хичээл зүтгэл гаргажээ. 

Орон нутгийн эрх баригчид, МАН-ынхан Тус уурхайн захирлаар ажилладаг Өмнөговь аймгийн Ардчилсан намын дарга Р.Сэддоржийг одоо хүртэл сольж чадахгүй байгаа нь сонирхолтой. Орон нутгийн сонгуульд Өмнөговь аймагт  Монгол Ардын нам олонхи болсон юм. Тэд хамгийн түрүүн орон нутгийн засаг захиргаа 51%-ийг нь эзэмшдэг, жижиг таван толгойн удирдлагад өөрсдийн хүнээ тавих ёстой. 

Сонгуулийн үр дүнгээс үл хамаарч, МАН-ын дарга М.Энхболд Ажнай Бат-Эрдэнэ нар уяачдын холбоогоор дамжуулан их ойр дотно нөхөрлөдөг учир “Баян хүн таван хаанд нүүртэйн” үлгэрээр эрх баригч намын хамгаалалтанд үлдэж чаджээ. Гэхдээ зөвхөн найзын хэлхээ холбоо төдий ч биш байж мэдэх баримтыг Sonin.mn дэлгэж байна. 

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр жижиг таван толгой уурхайн удирдлага гэв гэнэт мэдэгдэл гаргаж, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл уурхайнхаа үйл ажиллагааг зогсоож байгаагаа зарласан юм. Ямар учраас  олборлолтын таатай үед, сонгуулийн сурталчилгааны хугацаанд жижиг таван толгойн захирал Р.Сэддорж уурхайгаа хаах болсон талаарх учир битүүлэг шийдвэр гаргах болсон тухайгаа одоо хүртэл тайлбарлаагүй байна. 

Энэ учрыг судлаж үзэхэд томоохон луйврын ажиллагаа илэрнэ.

“Эрдэнэс Таван толгой” ХК болон жижиг “Таван толгой” ХК нь бөөрөөрөө нийлсэн лиценз эзэмшдэг юм. Хоёр уурхайн хооронд лицензийн заагийн маргаан байнга гардаг бөгөөд “Манай эзэмшлийн талбай дахь нүүрсийг танайх олборлолоо” гэх мэт хэрүүлийг аль аль тал нь байнга хийдэг. Тэгтэл сонгуулийн үеэр юу болов? 

2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл буюу мэдэгдэлд заасан хугацаанд жижиг Таван толгойн олборлолт зогсоогүй ба харин дундын мөргөцөгөө олборлож байжээ.  Хоёр тал хуйвалдаж, үүнийгээ бусдад мэдэгдэхгүйн тулд жижиг Таван толгойн талаас олборлолт хийж  гаргасан байна. 

Олборлож гаргасан нүүрсээ зарсан мөнгөө "Ажнай" Бат-Эрдэнэ “Уяачдын холбооны даргадаа” өгөхөөр төлөвлөсөн ч байж мэднэ, энэ ч амжилттай хэрэгжиж тус хоёр уурхайн хоорондын мөргөцөгөөс 260,000 тонн нүүрс олборлож борлуулсан байна. Өнөөдрийн зах зээлийн ханшаар бодож үзэхэд 18,980,000 ам.долларын нүүрс аль аль уурхайд нь бүртгэлгүй “салхинд хийсч” хэн нэгэн эрх мэдэлтний халаасыг зузаатгасан байна.  “Эрдэнэс таван толгой” ХК-д ч бүртгэлгүй жижиг “Таван толгой” ХК-д бүртгэлгүй  гэнэтийн сул ашиг болжээ. Хоёр уурхайн удирдлагууд буюу Ариунболд, Сэддорж нар хоорондоо “нууц” гэрээ хийж энэ мэргэн санаагаа “Эрдэнэс Таван толгойн” захирал Ариунболд өөрийн дарга ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд нартаа, Р.Сэддорж нь “Ажнай” ахдаа танилцуулсан л байлтай. 

Хамийн гол нь тус мөргөцөгийн нүүрсийг “Эрдэнэс Таван толгойн” талаас олборлох гэхээр олон давхар хяналттай байдаг харин жижиг Таван толгойн талаас олборлоход бол тун амархан. Яагаад гэвэл Сэддорж, ажнайн Бат-Эрдэнэ нартай ярилцахад л болно. 

Ийм ч учраас тэд жижиг таван толгойн талаас тус мөргөцгийг олборлохын тулд орон нутгийн өмчит “Таван толгой”ХК-ны үйл ажиллагаагааг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл зогсоож байна гэж мэдэгдээд тэнд олборлолт явуулж байгаа бүх хүмүүсийг хөөж явуулаад 260,000 тонн нүүрс олборлож 18,980,000  ам.долларын нүүрс  заржээ. Одоо энэ мөнгө хаана байна, хэний халаасыг түнтийлгэв. 

ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙН сүүдэрт дарагдсан Жижиг таван толгой хувь заяа хаашаа явж байна. Энэ тухай Sonin.mn цаашид мэдээлэх болно.

 

Б.Ганхуяг 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment