2016 он гарсанаар сонгуулийн тухай сэдэв хүчтэй өрнөж, энэ талаар нэлээд мэдлэг, мэдээлэлтэй болж байх шиг байна. Дуулиан, шуугиан болгоныг энэ сэдэвтэй холбож дундуур нь бас улс төр хийх... Сонгууль яахав ээ болох ёстой юм болдогоороо яваад л өнгөрнө. Харин бид сонгуулиас өмнө эрүүл мэндээрээ хохироод үлдчихвий гэж санаа зовиноно. Өчигдөр Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа мэдээлэл хийж, монголчуудын цагаан сараар уламжлал болгон хэрэглэдэг ул боовонд их хэмжээний транс тос агуулагдаж байгааг анхаарууллаа. Манайдаа л тэргүүлэх зэрэглэлийн нарийн боовны үйлдвэрүүд транс тос хэрэглэж байгааг тэрбээр илрүүлжээ. Иргэд саяхныг хүртэл транс тос гэж юуг хэлээд байгаа талаар ойлголтгүй байлаа. Харин энэ эрхэмийн ачаар цөцгийн тос, маргаринаа ялгахтайгаа болж, хэрэглээндээ ч багагүй анхаарах болсон нь сайшаалтай.
Хэдийгээр ийнхүү нэг хэсэг нь хорноос сэрэмжлүүлж, хэрэглээгээ багасгахыг уриалж байгаа ч гол үйлдвэрлэгчид компаниуд үүнд анхаарахгүй, хайхрахгүй хордсон ч падийлийчгүй гэсэн хандлагаар хандаж байгаа нь дэндүү харамсалтай. Тэдгээр компаниудын нэг нь “Тэсо” корпораци. Тэд дэлхий нийтийн хүнсний хэрэгцээнээс хэдийнэ хасагдсан транс өөх буюу маргариныг “Стандарт масло” хэмээн нэрийдэж, хэрэглэгчдийн дунд цөцгийн тос хэмээх төөрөгдлөөр борлуулсаар байгааг дурдахгүй байхын аргагүй. Тодруулбал, шошгон дээр ямар нэгэн байдлаар ургамлын гаралтай тос гэж бичээстэй л байвал транс тос байх магадлал маш өндөр.. Мөн устөрөгчжүүлсэн, хагас устөрөгч бүхий тостой гэж байвал транс тостой байх магадлалтай. Харин тэд “Стандарт масло”-ынхаа найрлага дээр “ургамлын гаралтай тоснууд” хэмээн тодотгожээ. Ер нь энэ корпорацийн бүтээгдэхүүний талаар байс гээд л таагүй зүйл дуулддаг. Тесо группийн харьяа "Агь" ХХК-ийн импортоор оруулж ирдэг "Сакура" цагаан будаа чанахаар шохой шиг үйрч бутраад хэрэглэхийн аргагүйд хүрсэн, дотроос нь өт гарсан, "Бамбар" зайрмаг нь элдэв хог, модны үртэстэй гээд л. Хамгийн сүүлд "Милко" сүү нь сүлэгдэхгүй гашилж учир байдлыг дуулгахад “Та цай чанахдаа технологийн алдаа гаргасан байх” хэмээх байж боломгүй даапаалсан хариу өгсөн нь тус компани хэрэглэгчидээ хэрхэн үнэлдэгийг тод харуулна.
Хамгийн сонирхолтой нь “Тэсо” корпорацийн ерөнхийлөгч О.Цогтгэрэл ирэх сонгуульд нэр дэвшихээр эртнээс нүхээ ухаж эхэлжээ. Хэрэглэгчидээ хаан мэт өргөмжлөх ёстой байгууллага нь ийнхүү дорд үзэж, доош нь хийж байхад О.Цогтгэрэл ард иргэдийнхээ итгэлийг олж, албан тушаалд санаархаж чадна гэж үү. Түүнд ийм санаа байв ч сачий нь хүрээгүй удаа бий.
О.Цогтгэрэл 2012 оны сонгуульд нэр дэвшихээр зүтгэсэн ч Увс аймгийнхаа намын хорооноос дэмжлэг аваагүй унасан удаатай. Харин энэ жил даагаа нэхэхээр ажлаа эрчимжүүлж, ажлаа эртнээс эхлүүлжээ. Нөгөөх “хортой” бүтээгдэхүүн худалдаад байгаа байгууллагынхаа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр тараасан байна. Увс аймгийн Ардчилсан намын дарга хэмээх гуншинтай тэрбээр аймгийнхаа нийт сумдаар гурил, будаа тараажээ. Нэг өрхөд гурил, будаа, "Лавшаа" гоймон, чипс, наранцэцэгийн тос, зөөлөн чихэр гээд нэг өрхөд 60 гаруй мянган төгрөгийн бэлэг тараах ажлыг Увс аймгийн Ардчилсан намын гишүүд болон О.Цогтгэрэл захирлын багийнхан зохион байгуулсан байна. Увс аймаг 20 мянга гаруй өрхтэй гэхээр хэдэн зуугаар тоологдох тонн гурил, будаа, их хэмжээний хөрөнгө зарсан нь ойлгомжтой юм.
Гэхдээ улс төр, бизнест амжилт олоход ганцхан зүйл ихээхэн чухал. Иргэдийн итгэл юу юунаас илүү үнэтэй, тэдэнд. Гэвч зүрх судасны өвчин болон зүрхний шигдээсийн гол шалтгааны нэг болж харин хорт хавдар, чихрийн шижин, үүсэхэд нөлөөлж байгаа транс тосоо зарсаар, хуурамч хэмээн алдаршсан “Сакура” будаагаар гэр бүлийг нь, элдэв янзын хогтой Бамбар зайрмагаараа үр хүүхдүүдийг нь, “Милко” гэж гашилсан сүүгээрээ настангуудын эрүүл мэнд, эд хөрөнгөөр нь тоглож буй хүнд итгэл хүлээлгэж, Их хурлынхаа төлөөлөгчөөр сонгох уу.
Өмнөх сонгуулиудыг бодвол иргэд нам бус хүнийг сонгох талаар нухацтай ярьж байна. Нам биш хүн нь ажил хийдэг гэдгийг мэдэрч, ирэх сонгуульд ийм хүн сонгоно гэдгээ ярьцгааж байна. Харин тэдгээр хүмүүсийн тоонд хор худалдаж, хонжоо хайсаар “Тэсо” корпорацийн О.Цогтгэрэл гэдэг ихээхэн эргэлзээтэй... Сонгогч таны сонголт мэргэн байг.