8o
Улаанбаатар хот
mobile menu

Чөлөөт бөхийн ДАШТ өнөөдөр парист эхэлнэ

2017-08-23 16:24:12

Францын нийслэл Парис хотноо өнөөдөр чөлөөт бөхийн 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ эхэлж байна.Тэмцээн Монголын цагаар 16 цагт эмэгтэйчүүдийн 55 кг, 58 кг, 63 кг, 75 кг жингийн барилдаанаар эхлэх бөгөөд дэлхийн дэвжээнд зодоглох манай дөрвөн бөх жингээ үзүүлж, сугалаагаа татжээ.

Тодруулбал, 55 кг-д Залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл медальт Э.Даваачимэг эхний тойрогт ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Европ тивийн хошой аварга Украины Татьяна Киттэй оноолт таарчээ.
Харин 58 кг-д Залуучуудын дэлхийн аварга ОУХМ А.Батцэцэг Казахстаны Гульшахарат Талассоватай эхний тойрогтоо барилдана. Түүний хэсэгт Киргизийн Айсулу Тыныбекова, Тунисын Марва Амри, Японы Кацүки Сакагами нарын хүчтэй өрсөлдөгчид байгаа юм.
63 кг-д ОУХМ П.Орхон Энэтхэгийн Шилпи Шерантай эхнийхээ барилдааныг хийнэ. Түүнийг ялбал Швед, БНСУ-ын бөхчүүдийн ялсантай нь барилдана.
Харин 75 кг-д ОУХМ Г.Уртнасанг эзэн орны тамирчин Чарлин Мэдисон Домингес эхний тойрогт хүлээж байна. Г.Уртнасангийн хэсэгт ДАШТ-ий медальт, Украины Екатерина Бурмистрова, ОХУ-ын Алена Перепелкина нарын дэлхийн шилдгүүд байгаа.

Маргааш буюу энэ сарын 24-нд Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгонцэцэг, О.Насанбурмаа, ОУХМ Э.Нарангэрэл, Б.Шоовдор нар дэвжээнд гарна.
Харин манай эрэгтэй бөхчүүдийн хувьд наймдугаар сарын 25-нд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Т.Түвшинтулга, О.Үйтүмэн, Н.Золбоо, 26-нд гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Н.Лхамгармаа, Д.Гомбодорж, Ө.Батзул нар тус тус барилдах хуваарьтай байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл